Ярилцлага: "Магнитскийн актад хүсэлт гаргана"

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

Ярилцлага: "Магнитскийн актад хүсэлт гаргана"

Ярилцлага: "Магнитскийн актад хүсэлт гаргана"

Давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өнгөрсөн сарын 9-нд гаргасан. Түүний цахим гавын ялын хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна. Хуульд заасны дагуу цахим гавын харьяа бүсээс гадна ажиллах хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн  прокуророос эрхийг нь хясан боогдуулах үйлдэл гаргажээ. Тиймээс энэ талаар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудыг шүүхэд өгөх болсон талаар ярилцлаа. 


-Баянзүрх дүүргийн прокурор дээр гурван цаг шийдвэр, тайлбар хүлээж суулаа гэлээ. Ямар процесс болов?

-2021 оноос хойш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө гудамжид баривчлагдаж, шоронд хоригдож, хуулийн байгууллагад олон удаагийн байцаалт өглөө. Энэ хугацаанд хувийн амьдрал минь зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхгүй. Ажил хийхгүй, байнга хууль, шүүхийн байгууллагаар явна. Эхнэрийн минь нуруун дээр ар гэрийн амьдрал тогтож байна. Тиймээс саяхнаас ажил хайж байгаад орон нутагт ажиллах ажлын байр олсон. Хуулиар цахим гавтай ч ажил хийх, сурч боловсрох, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалж хаягийн шилжилт хийх зэрэг зохицуулалттай. Тиймээс хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, ажиллах өргөдөл, компанийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж хүсэлтээ өгсөн.

Уг нь зургадугаар сарын 1-нд ажлынхаа эхний ээлжид явах байсан. Гэхдээ зөвшөөрөл гараагүй. Прокуророос нэмэлт шалгах зүйлс байгаа учраас хамаарах бүсээс гарах зөвшөөрөл олгоогүй. Хуулийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэж "ойлголоо" гээд л хүлээсэн.

Нэмэлт шалгах ажиллагаа нь зургадугаар сарын 8-нд дуусч, би ч өглөө ажилдаа явах шаардлагатай болсон. Гэтэл зөвшөөрөл дахин гараагүй. Над руу өнгөрсөн Лхагва гариг буюу 7-ны өдөр залгаж, харьяа бүсээс гарч ажиллах зөвшөөрөл чинь гарлаа, маргааш очиж гарын үсэг зуруулна гэж мэдэгдсэн. 8-ны өглөө гарын үсэг зуруулахаар холбогдох хүмүүс нь ирээгүй учраас дахиад л ажилдаа явж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн газар руу залгаад ирж гарын үсэг зуруулах талаар нь асуухад прокурор чинь маяглаад байна шүү дээ гэсэн. Удаа ч үгүй өдөр 13:00 цагийн үед дахин залгаад ирж, гарын үсэг зуруулаад явсан. Миний  хувь хаана байгаа вэ? гэж асуухад "чиний хувь гэж байхгүй" гэх хариулт өгсөн. Уг нь бол прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон надад тус бүр нэг хувь зөвшөөрөл олгосон баримт бичиг байх ёстой. Гэтэл прокурор танилцуулна гэсэн заалттай болохоос зөвшөөрлийг гардуулж өгнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэсэн.

-Та прокурорын удирдлагууд руу хандаж үзэв үү?

-Өмгөөлөгчтэйгөө ярьж асуухад "Төрийн ямар ч байгууллага улсын нууц, өөр хүний хувийн нууцтай хамааралтай асуудал биш  бол шийдвэрийг цаасаар авах эрхтэй. Хоёрдугаарт, чамд зориулж гаргасан шийдвэр учир энэ мэдээллийн эзэмшигч нь чи. Тэгэхээр чи харьяа бүсээс гарч ажиллах боломжтой гэсэн шийдвэрийг цаасаар авах ёстой" гэсэн. Тэгэхээр нь арга буюу Баянзүрх дүүргийн прокурор дээр ирлээ. 

Прокурорыг өмгөөлөгчтэйгөө хүртэл яриулсан. Гэтэл хариуцсан прокурор нь намайг ахлах прокурортойгоо уулзуулъя гэж ороод гурван цаг алга болсон. Тэгэхээр нь бүр сүүлдээ танай даргатай уулзъя гэлээ. Гурван цаг хүлээсний эцэст Баянзүрх дүүргийн прокурорын газрын даргатай уулзахад шийдвэрийг яагаад цаасаар өгөхгүй байгаа талаар тайлбарлаж, асуудал үүсгэсэн прокурорт хариуцлага тооцохоо хэллээ.

Прокурорын газрын даргын хэлснээр "Д.Монголхүүгийн биечлэн ял эдэлж байгаа нь шүүхийн шийдвэр. Шүүхийн шийдвэрийн саналаар чиний зорчих эрхийг нэмж байгаа. Тэгэхээр манай хоёр байгууллагын хооронд харилцаж байгаа албан бичиг учраас чамд шийдвэрийг цаасаар өгөх шаардлага байхгүй. Учир шалтгааныг тайлбарлаж өгөөгүй н.Бат-Эрдэнэ прокурорт хариуцлага тооцно" гэсэн.

Үүнийг үндэслэлтэй эсэхийг би өмгөөлөгчөөсөө тодруулна. Үнэхээр хоёр байгууллагын хооронд харилцаж байгаа бичиг болохоор надад өгөхгүй юм бол яагаад хариуцагч прокурор надад тайлбарлаж өгөхгүй зугтаагаад байгааг л ойлгохгүй байна. Би одоо прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алинд ч итгэхгүй. Хоёр сарын өмнө намайг хуурамч бичиг баримт бүрдүүлж шоронд хорьсон.

-Хууль хяналтын байгууллага яагаад таны эрхийг хясан боогдуулах   мэт үйлдэл гаргаад байгаа юм бэ. Та юу гэж хардаж байна?

-Хардах эрхийнхээ хүрээнд би энэ асуудлыг цэвэр улс төрийн зорилготой л гэж харж байна. Яагаад гэхээр улс төрийн зорилготой хэрэг хийсэн гэж хууль хяналтынхан шүүх хурлын үеэр өөрсдөө ам алдсан. Шүүгч "Яагаад та нар шүүхийн эрх мэдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, прокурор хоёр нийлж эдлээд байна. Д.Монголхүүг дүүрэгт нь хорьсон байхад яагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь дүүргээр бүсийг заахгүй, хороо, гудамж, зам болгож нарийвчилсан бэ?" гэхэд "Тэр үед талбай дээр жагсаал цуглааны нөхцөл байдал хэцүү байсан" гэж хариулж байгаа юм. Жагсаал цуглааны нөхцөл байдалтай хамааруулж байгаа учир би хардах эрхийнхээ хүрээнд улс төрийн зорилготой гэж харж байна.

 

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН НОТЛОХ БАРИМТАА ДЭЛГЭСЭН, ХАРИН БИ ДЭЛГЭЭГҮЙ БАЙГАА

-Тавдугаар сарын 10-нд таныг суллагдаж хэвлэлд яриа өгсний дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалан "ШШГЕГ хуурамч нотлох баримт бүрдүүлээгүй" гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь үнэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдтой болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудтай холбоотой нотлох баримтууд надад  байгаа. Өөрсдийн хийсэн балгийг надад тохож, өөрсдөө энхийн цагаан тагтаа мэт болж харагдах нь зохимжгүй.

Хэрэв би үнэхээр төрийн байгууллагын нэр хүндэд халдаж, хуурамч мэдээлэл өгсөн бол намайг яагаад шүүхэд өгөхгүй байгаа юм. Яагаад гэвэл тэд худал ярьж байгаа учраас.

Би мэдээлэл өгөх бүрдээ хэлдэг. Хуулийн байгууллагынхан нотлох баримтаа дэлгэсэн. Харин би дэлгээгүй байгаа. Болсон процесстой холбоотой асуудлыг би цаашид ч дэлгээд, хандах газарт нь хандаж, хэлэх нэгжүүдэд нь хэлээд явна.

-ШШГЕГ-ын албан тушаалтнууд болон холбогдох зарим хүнийг та хуурамч нотлох баримтаар хангасан гэж шүүхдэнэ гэсэн. Энэ юу болж байна?

-Өмгөөлөгч маань Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралтай байгаа. Энэ хурлын дараагаар холбогдох газруудад нь шалгуулах болон гомдолтой байгаа хүсэлтээ өгөөд явна. Дотоод хууль хяналтын байгууллагад асуудлаа хөндөхөөр хана мөргөөд дуусч байна. Тэгэхээр Монголын хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад ямар үр дүнд хүрдгийг харчихсан учраас олон улсын байгууллагуудад хандана. Олон улсын шүүх, хүний эрхийн байгууллагад хандахаар бэлдэж байгаа.

Миний эрхийг удаа дараа зөрчиж байгаа асуудлуудыг бол Монголын хуулийн байгууллагад нь өгнө. Баянзүрх дүүргийн прокурор н.Бат-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарт гомдол гаргана.

Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газрын дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг Гэмтлийн эмнэлэг ороогүй, худал ярьж явсан гэдэг ташаа мэдээлэл түгээсэн. ШШГЕГ-аас мэдээлэл хийхдээ иргэн Д.Монголхүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яваагүй, худлаа ярьж өөр тийшээ явсан гэж ярьсан. Тэрийг нотолсон хоёр нотлох баримт зөрсөн. Тэр асуудлыг давж заалдах шатны шүүх хурал дээр үндэслэлгүй байна. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ асуудлыг шүүхэд өгнө. Удирдлагаа худал мэдээллээр хангасан, анхан шатны шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үндэслэлээр миний бие шүүхэд гомдол гаргана.

Би анхан шатны шүүх хурал дээр хоёр нотлох баримт хоорондоо зөрүүтэй байгааг гаргаж ирсэн. Прокурор, ШШГЕГ-ынхнаас гаргаж байгаа нотлох баримт өмгөөлөгчтэй эсрэгцэж байсан. Үүнийг судлан шинжлүүлж, аль нь үнэн эсэхийг тогтоож байж шүүх рүү шилжүүлье гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй.

ШШГЕГ-аас Саппорогийн уулзвараас Модны хоёр руу явах маршрут нь хоосон байсан бол өмгөөлөгчийнхөөр Гэмтлийн эмнэлэгт Д.Монголхүү ирсэн. Түүнийг амбулаториар үйлчлүүлээрэй гэж эмч хэлсэн гэдэг баримт юм. Бичгээр нотлох баримт гаргасан. Эдгээр баримтын аль нь үнэн бэ гэдгийг шүүхэд тавихад хүлээж аваагүй. Тиймээс ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө.

Хоёрт, намайг оргон зайлсан гэж үзсэн. Зөвшөөрсөн замаас гарсан гэсэн даруйд зөрчлөө шууд арилгаж, заасан замаар явсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худлаа мэдээлэл түгээсэн асуудлаар шүүхэд хандана. Мөн Магнитскийн актад хүсэлт гаргана.

-Магнитскийн акт гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Хүний эрхийг зөрчиж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг Монголоос гаргахгүй, хорино гэсэн үг. Магнитскийн хуулийг ардчилсан орнуудын дундын хууль гэж ойлгож болно. Энэ хуульд нэгдсэн орнууд руу дэлхийн аль ч улсад байсан хүсэлт өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчил гаргасан өндөр дээд албан тушаалтнуудын гэм буруу нь нотлогдсон тохиолдолд тэдгээр хүмүүс болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийг нь ардчилсан орон руу орох эрхийг нь тус актаар блоклодог.

УЛСЫН ДОТООД АСУУДЛЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ЧУХАЛ

-Монгол Улс ардчилсан орон. Гэвч таны хэлж байгаагаар шүүх засаглал улс төртэй хэт хутгалдаж байгаагаас хүний эрхийн зөрчлүүд олноор гарч байна шүү дээ. Одоо тэгвэл энэ хараат нөхцөл байдлаас шүүх хэрхэн ангижрах вэ?

-Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой. Яагаад үүнтэй зууралдаж, тэмцээд байна гэхээр ардчиллын үнэ цэн үүнд л оршиж байгаа. Бусад эрхүүд ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний малгай хууль дор явж байдаг. Бид энэ эрхээ л алдвал бусад бүх эрхээ алдана. Улсын дотоод асуудлын тэргүүн эгнээнд үг хэлэх эрх чөлөөг хамгаалах хамгийн чухал.

Миний одоогийн мэдлэгийн түвшнээс шүүх өөрийн удирдлагаа дотоодоосоо сонгох ёстой.

Шүүгчид горилж байгаа болон хуульчдыг дотоодоосоо сонгосноор улс төрийн нөлөө орж чадахгүй болно. Одоо бол Ерөнхийлөгчийн санал болгосноор шүүгчдийг УИХ баталж байгаа. Тэгэхээр улстөрчдийн нөлөө шүүх засаглалд яасан ч байгаад байгаа. Энэ нөлөөнөөс гарахын тулд удирдлагыг шүүх өөртөө л авах ёстой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж