“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

Хуульч Х.Номингэрэлтэй УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгагдсан эмэгтэй гишүүдийн квотын асуудлаар ярилцлаа. 


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн гол өөрчлөлтийг юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж тогтолцоог 78/48 байхаар баталлаа. Түүнтэй холбоотой сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байна. Ялангуяа нэр дэвшигчдийн тоо өснө. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд гишүүдийн тоог 40 хувиар нэмсэн. Төлөөллийг нэмэгдүүлж, олон янзын нийгмийн бүлгийн төлөөллийг хангана гэж ярьсан. Тиймээс дараагийн алхам нь сонгуулийн тухай хуульд баталгаажуулах хэрэгтэй.

Монгол Улс нэгэнт Үндсэн хуулиа өөрчлөн томоохон засаглалын өөрчлөлт хийж байгаа бол жендерийн квотоо одоо байгаагаас ахиулах ёстой.

Дор хаяж 40 хувьд хүргэх нь чухал. Бидний хамгийн том ялгаа хүйс шүү дээ. Энэ нь нэр дэвших гараа юм. Шууд сонгогдоно гэсэн үг биш юм. Дараа нь тойрогтоо очиж ажиллана, иргэдээр шүүлгэнэ. Бодит байдалд өнөөдрийн улс төрийн орчин ямар билээ. Тэгш гараанаас эхэлдэггүй шүү дээ.

-Квотыг нэмэгдүүлнэ гэдэг гарааны тэгш эрхийг хангаж байгаа гэж та хэлэх гээд байна уу? 

-Нэр дэвших гэдэг бол нам өөрөө дотооддоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ бэлдээд гаргах тухай асуудал ярьж байгаа болохоос иргэдийн сонгох эрх рүү орох тухай яриагүй. Дээрээс нь жендерийн чиглэлээр ажилладаг байгууллагууд олон жил судалгааны үр дүнгээс харахад цаг хугацаа өнгөрөх тусам сонсогчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгахгүйгээр мэдлэг боловсролыг хараад хэн ч байсан сонгодог болчихсон.

Өөрөөр хэлбэл, нийгэм соёлын томоохон өөрчлөлт гараад байгаа. Гэтэл намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна. Сонгууль асар үнэтэй хэвээрээ байгаа.

Бидний нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг харьцуулах юм бол эмэгтэй хүмүүс эдийн засгийн хувьд улс төрийн танил тал сүлжээ, мөнгө хөрөнгийн хувьд эрчүүдээс хойно хэвээрээ байгаа. Энэ бол бодит үнэн. Дээрээс нь ахуйн, асархуйн ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг нам дотроос нь гаргаж ирдэггүй, бүтцийн асуудлууд бий. Тэгэхээр намуудаар гаргаж иргэдээр сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх ёстой.

-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог яагаад нэмэгдүүлэх ёстой юм бэ. Зарим нь авлига буурч, нийгмийн олон асуудлыг шийдэж чадна гэх зүйлийг ярьдаг?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар жишээ авч яръя. Гэр бүлийн хүчирхийллийн бол хүнд сэдэв. Бусад улс орнуудтай харьцуулахад Монголд гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийлэл асар өндөр байгааг судалгаа харуулдаг. Энийг ойлгуулахын төлөө зарцуулсан 30 жилийг танхимд 40 эмэгтэй байсан бол бид хэдэн жилийн дотор хийх байсан бэ. Энийг л яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой бүлгийн асуудлыг мэдрэхгүй, туулаагүй эрчүүд ойлгохгүй учраас эрчүүд дээр очиж тэнд төрөх эмнэлгийн асуудал ийм байна, энд хүүхдийн боловсрол ийм байна, хүрээлэн буй орчин ийм байгаа учраас эрэгтэй эмэгтэйгүй хохироод байна гэдэг асуудлыг яриад байгаа юм. Үүнийг эмэгтэйчүүд амьдралаараа туулж байгаа учраас илүү мэдрээд ач холбогдол өгөөд ойлголцоход хурдан байна.

Гэтэл эрчүүд “за болно доо” ч гэдэг юм уу “эхнэр зохицуулах юм чинь болно доо” гээд байдаг. Энэ нь амьдралын чанарын өдөр тутмын хүмүүсийн аз жаргалтай холбоотой асуудлууд юм.

Ганц энэ биш эмэгтэйчүүд уул уурхай эдийн засаг мэдээллийн технологийн салбарт олон эмэгтэйчүүд гарч ирчихсэн. Салбарын дунд, ахисан шатны мэргэжилтнүүд бий болчихсон. Ийм хүмүүс шийдвэр гаргагч болох ёстой. Ерөнхийдөө тэгш бус байдалтай холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргах шатанд очиж чадахгүй хэвээрээ байна. Үүнийг улс орнууд бодит байдал дээр квотоор давдаг. Цаг хугацаа өөрчлөгдөхийг хүлээдэггүй.

-Намууд эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр ямар саналтай байна вэ? 

-Намууд сонгуульд яаж оролцох уу эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ хэрхэн оролцуулах уу гэдэг нь цэвэр УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хамаарна. Жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлээд илүү олон эмэгтэйд үүд хаалгаа нээх гэх мэтчилэн явж болно.

Гэхдээ тогтолцооны шударга бус байдал буюу мөнгөнөөс хэт хамаарсан байдал хэвээр байвал хэчнээн эмэгтэй мундаг хүмүүст үүд хаалгаа нээгээд яах юм. Нэр дэвшилтийн зардал, дөрвөн жил тойрогт ажиллах эрхээ авах асуудлыг “давж”чадах эмэгтэйчүүд ховор байна. Нөгөө талаас эмэгтэй гишүүдтэй холбоотой шүүмжлэл нийгэмд байдаг.

-Эмэгтэй гишүүдийн тоог нэмснээр ямар өөрчлөлт гарах бол?

-Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүст “doublestandart” буюу хоёр янзаар ханддаг. Эмэгтэй хүмүүсийг илүү ажил хэрэгч, илүү бүтээлч, сахилга баттай байхыг шаарддаг. Энэ нийгмийн үзэгдэл. Иргэд улстөрчдөд, тэр дундаа эмэгтэйчүүдэд шүүмжлэлтэй ханддаг. Нийгмийн дээр дурдсан асуудлыг 17 эмэгтэйгээс нэхээд байдаг. Энэ хүмүүс чинь байнгын хороонд суухаараа нэг байнгын хороонд 2-3 эмэгтэй байх жишээтэй.  Тэгээд харахад, энэ хүмүүс жин дарагч биш байхгүй юу.

Бодит байдалд эрчүүдээс асуудлаа нэхэх ёстой байхгүй юу. Олон нийт  эсрэгээрээ эрчүүдээс нэхэх асуудлаа эмэгтэйчүүдээс нэхээд байдаг.

Гэтэл танхимд 40 хувь эмэгтэй ороод ирвэл бодлогын хүрээнд ямар том жин дарах вэ. Нөгөө талаар 40 хувь эмэгтэй гэдэг нь 126-ийн 50 гаруй нь эмэгтэй гэсэн үг. Энэ эмэгтэйчүүдийг хэн царай зүсийг нь хараад байж байх вэ. Цөөхөн учраас илүү нүдэнд өртөж шүүж хараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж