Аливаа тахал өвчнийг даван туулах чиглэлийг тодорхойлох нь тийм ч амар хялбар зүйл биш. Чиглэлийг нь тодорхойлж байгаа хүмүүст ч бас шууд итгэхэд бэрх.
ДЭМБ-ын хорт хавдрын хөтөлбөрийн захирлаар хоёр жил ажилласан Кэрол Сикора энэ талаар ярьжээ. Тэрбээр энэ байгууллагын нүх сүв бүрийг мэдэхийн хувьд алдаа дутагдал, чадваргүй байдлынх нь талаар бусдаас илүү мэдээлэлтэй болсон байна. ДЭМБ-ын нөлөө улс төрд маш хүчтэй хэдий ч мэргэжлийн хувьд сул гэж тэр үзэж байна.
Женев дэх НҮБ-ын төв байранд жил бүр Дэлхийн эрүүл мэндийн ассамблей болдог. Эрүүл мэндийн салбартай холбоотой хэн бүхэн энд очдог. НҮБ-ын гишүүн 194 орны Эрүүл мэндийн сайдууд, албан тушаалтнууд, хувь хүмүүс энд цуглардаг аж. Дипломат дугаартай, туг далбаа намируулсан хар машинуудын цуваа гээд харагдах байдлын хувьд маш сүртэй. Гэвч танхим дотор сүржин нэртэй даржин арга хэмжээ болдог гэдгийг Кэрол Сикора хэлэв.
“Анагаахын нэгдүгээр дамжааны оюутнууд тэнд мэдлэгээ хуваалцаж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой байдаг нь авууштай. Гэхдээ хоол идэж, коктейль уусан үдэшлэгт хэн ирсэн, хэн явсан талаар хов жив яриж зогсох нь дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад нэн шаардлагатай зүйл биш юм.”
ЭРХ ЧӨЛӨӨНД ЗАНАЛХИЙЛСЭН ЦАР ТАХЛЫН ШИНЭ ГЭРЭЭ
Тэгвэл ДЭМБ яг одоо цар тахлын гэрээ байгуулах тухай хэлэлцэж байна. 194 гишүүн орон бүгд зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгөөр хэлэлцээрийн төслийг боловсруулах шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан. Энэ гэрээг байгуулах эсэх нь хүн төрөлхтөнд нэн чухал юм.
194 гишүүн орны олонх нь Covid-19-ийн гурван жилийн хугацаанд хөл хорио, вакцинжуулалтын гэрчилгээ, хилийн хориг зэргийг хүлээн зөвшөөрч байсан. Энэ бүхэн нь угтаа бол дахин хэзээ ч хүлээн зөвшөөрөмгүй сүйрлийн бодлого юм. Хил дамнасан эрүүл мэндийн аюул заналхийллийг хэрхэн даван туулах талаар олон улсын найз нөхөд, холбоотнуудтайгаа хамтран хэлэлцэх нь зөв ч Женевт шууд түлхүүрээ өгчихөж болно гэсэн үг биш ажээ.
Хэрвээ ДЭМБ-д бүх эрх мэдлийг өгвөл эрх чөлөөг эрхэмлэгч нийгэм аюул заналхийлэлд өртөнө гэж үзэж байна. Дэлхийн улс орнууд соёл, нийгмийн хэв маягаар тогтохгүй анагаах ухааны хувьд ч өөр хоорондоо асар их ялгаатай. Тиймээс эдгээр хүчин зүйлийг харгалзан үзвэл аливаа цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрхэн авах нь тухайн үндэстний шийдвэр байвал зохилтой. Энэ нь хэзээ ч яг ижил, нэг хэм хэмжээтэй байж болохгүй аж. Адаглаад Хятад зэрэг коммунист орнуудтай хэлэлцээр хийж болохгүй юм.
Британийн засгийн газар цар тахлыг даван туулахын тулд хоржоонтой, хөгтэй шийдвэрүүдийг ар араас нь гаргасан. Гэсэн хэдий ч иргэд нь ядаж л сонгуулийнхаа өдөр гэрээсээ гараад эрхээ эдэлж байв.
Шийдвэр гаргах эрх мэдэл нь хувь хүнд аль болох ойр байх ёстой гэдгийг Кэрол Сикора хэлж байна. Эрдэмтэд, бодлого боловсруулагчид хил дамнуулан санал бодлоо хуваалцахыг дэмжиж болох ч ирэх жилүүдэд ноцтой харамсах зүйлд гарын үсэг зурахыг нь хэрхэвч зөвшөөрч болохгүй.
АЖ АХУЙН НЭГЖҮҮД БА ДЭМБ ХООРОНДЫН ДАЙН
Энэхүү гэрээний зорилго нь Covid-19-ийн хариу арга хэмжээний бүтэлгүйтлийг арилгах, дараагийн хямралаас урьдчилан сэргийлэх юм. Гэвч энэхүү хэлэлцээ нь аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхол, ДЭМБ болон түүний өмнөд холбоотнууд хоорондын дайн болж байна. Өмнөдийн холбоотнууд чинээлэг засгийн газруудаас илүү хариуцлагатай, ил тод байдлыг эрэлхийлж байна.
ДЭМБ нь дэлхийн эрүүл мэндийн бүтцийг техникийн хувьд тэргүүлдэг боловч жинхэнэ эрх мэдлийг дэлхийн хойд бүсийн засгийн газрууд, эмийн компаниуд болон буяны сангууд эзэмшдэг. Covid-19 цар тахлын үеэр жинхэнэ эрх мэдлийн эзэд тодорхой харагдсан. Тодруулбал, “Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” зэрэг эмийн үйлдвэр, “Билл, Мелинда Гейтсийн сан” тэргүүтэй сангууд цар тахлын үеэр нөлөөгөө улам бэхжүүлж, хүчирхэгжжээ.
Гэтэл дэлхийн өмнөд хэсгийн хүмүүсийн хувьд байдал эсрэгээрээ байв. ДОХ, эбола, сармагчны цэцэг, Covid-19 гээд үеийн үед дэлхийн өмнөд хэсгийнхэн эрүүл мэндийн бүтцийн хувьд колоничлогдсон байдалтай байжээ.
Хүч тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхийн оронд хойд бүсийн засгийн газрууд ашиг хонжоо олоход туслах байр суурийг дэмжиж байна. Дэлхийн эрүүл мэндийн онцгой байдлын үед вакцины жор гэх мэт био анагаах ухааны мэдлэгийг хуваалцах хүчин чармайлтад тэд зориудаар саад учруулж, компанийн ашиг сонирхлоо хүний аминаас дээгүүр тавьж байна.
Тиймээс цар тахлын иж бүрэн гэрээнд дэлхийн эрүүл мэндийн салбарт бугласан колоничлолыг устгах тодорхой арга хэмжээг багтаах ёстой. Засгийн газрууд болон эмийн компаниудын хуулиар хүлээх үүрэг хариуцлагыг багтаасан байх ёстой юм.
Түүнчлэн вакцины судалгаа, үйлдвэрлэл, түгээлтийг дэлхийн өмнөд хэсэгт шилжүүлэх хүчин чармайлтыг дэмжих хэрэгтэй. Энд Африкийн вакцины үйлдвэрлэлийг дурдаж болно. Африк тив нь вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2040 он гэхэд 60 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилготой байна. Иймд Африкийн Өвчний хяналтын төвийн үйл ажиллагааг Европ, Америкийн буяны сангуудаас хараат байдгийг нь бууруулан, бие даасан байдал руу шилжүүлэх хэрэгтэй юм.
Ашгийн төлөөх эмийн үйлдвэрлэлийг хязгаарлах замаар дэлхийн эрүүл мэндийн бүтцийг өөрчлөн, сэргээх хэрэгтэй. Аливаа аж ахуйн нэгжийн шунал, хувь нийлүүлэгчдийн явцуу ашиг сонирхлоор удирдуулсан систем бус, эрх тэгш хүртээмжид төвлөрсөн олон нийтийн хяналттай эко систем энэ салбарт дутагдаж байна.
Хэлэлцээрийг анх санал болгосон нь Европын холбоо. Тиймээс хамгийн том дэмжигч нь гэж үзэж буй. Хөгжиж буй орнууд, тэр дундаа Африкийн орнууд вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ хэлэлцээрийг ашиглах сонирхолтой байна. Таван удаагийн албан ёсны хэлэлцээний дараа ч шийдэгдээгүй асуудал олон байна. Гэрээний төслийн хамгийн сүүлийн хувилбар 208 хуудастай. Энэ дунд санал зөрөлдөөнтэй хэсэг, шийдэгдээгүй үг хэллэг зэрэг олон маргаан бий. Бүх эрх мэдэл ДЭМБ-д төвлөрөх нь гэсэн айдас хүн төрөлхтөний дунд үүсэв. Гэвч ДЭМБ үүнийг эрс няцааж, хэлэлцээрээс татгалзахад нээлттэй гэдгийг онцолж байна.
Эх сурвалж: THE TELEGRAPH, HUMAN RIGHTS WATCH, WE FORUM