Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос өнгөрсөн долоо хоногт Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн хурал зохион байгуулж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нар энэ сарын 11-нд хүлээн авч ирэх сарын 19-нд шаардлагынхаа хариуг авахаар болсон. Гэтэл УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн хариултыг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч байгаатай учир тэд хэвлэлийн бага хурал зарлаж байгаа аж. Тус холбооноос “Шаардлагыг бүрэн хэрэгжих үндэстэй бөгөөд хариуцлага тооцохоос зугатаж бултах зорилготой байгаа бол шаардлага хүлээн авсан төрийн тодорхой албан тушаалтнууд ард түмний өмнө гарч ирэн үгээ хэлэх хэрэгтэй” гэж үзэж байгаа юм байна. Мөн өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэн таван иргэний амь насыг хохироож олон тооны иргэдийг буудан, эрүүл мэндийн хувьд хохирол учруулсан онц ноцтой гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудалд дээд шатны прокурорын хувьд хяналт тавиагүй тул Улсын Ерөнхий Прокурорт хариуцлага тооцон огцруулах, долдугаар сарын 1-нд иргэдийг хомроглон баривчилж бөөнөөр ял өгсөн явдалд улс төрийн намын заавраар хандсан УЕПГ-ын хяналтын прокурор н.Гантулга, УЕП-ын туслах бөгөөд шүүх, төрийг төлөөлөх хэлтсийн дарга н.Бат-Орших нарт нэн даруй хариуцлага тооцож прокурорын байгууллагаас чөлөөлөх зэрэг асуудлыг Засгийн газар болоод УИХ-д шийдвэрлэх бүрэн эрх нь Үндсэн хуулиар олгосон байгааг тэдэнд санууллаа. Нэгдсэн холбооны хурлаас гаргасан шаардлагыг төрийн шат шатны байгууллагуудад хүргүүлж байгаагийн хувьд яагаад Ерөнхийлөгчид хандаж болоогүй юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх засаглалын шинэчлэлийн асуудлаар тодорхой шаардлагуудыг зохих шатны байгууллагуудад хүргүүлсэн боловч МАХН, АН-ын улс төрийн бүлэглэлүүд нийгэмд бугшаад байгаа шүүх засаглалын булингартай тогтолцоог хамгаалж, хаацайлсаар өдийг хүрлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх засаглалд хангалттай сайн анхаарч ажиллаж байгаа” гэсэн хариултыг тус холбооны гишүүн Ж.Батзандан өглөө.
Д.Долгор
Д.Долгор