Бөгсийг нь ухвал манай улстөрийнхнөөс бүгдээс нь “баас” гарч ирнэ. Ялангуяа өнгөрсөн 30 жилийн дийлэнх хугацаанд засгийн эрх барьсан МАН-ын цагаан байрнаас төрийн сан, төсвийн хулгайтай нэр холбогдоогүй цэвэр хүн барагтай бол олдохгүй. Гэвчиг нэг асуулт байна, МАН-ынхан яагаад хуулийн хариуцлагаас мултарч, АН-ынхан яагаад хуулийн хайчинд өртдөг вэ?!
С.Баярцогт, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Г.Батхүү, М.Батчимэг, С.Эрдэнэ гээд АН-ын үнэмлэхтэй болгоныг харлуулж, гутаах өчигдрийн ажиллагаа үр дүнгээ өгсний шанд МАН дараалсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, найман жил засгийн эрхэнд байна. Тэгэхээр тэднийг онилсон хар пиарын гол бай нь хүн биш нам нь бололтой. Хэн ч байсан АН-ын даргаар сонгогдох юм бол хэрэг тохож чадна гэсэн үг. Товчхондоо, АН муу, АН-ынхан муухай байх тусмаа хэн нэгэнд ашигтай.
Гэхдээ сууж буй мөчрөө АН-ын өөрсдөө хөрөөцөлцдөг, тугаа шороотой нь хутгаж, тулгаа өшиглөөд гардаг нь тэд.
Хар л даа, МАН-ынхан “хосоо шувтруулж” байгаа хэрнээ хагарсан толгойгоо малгай дотроосоо цухайлгахгүй байна. Атал АН-ынхан аль хэдийнэ Л.Гантөмөрийгөө авч хаяхаар улс төрийн ил далд элдвийн хор найруулаад эхэлсэн гэх. Эндээс хожих нь лав АН биш дэг.
Боловсролын зээлийн сан хэмээх ялааны алуурт хамгийн их өртөж буй нь АН-ын дарга Л.Гантөмөр юм. Алсуураа Ардчилсан намын хүчийг сулруулах гэсэн арга тактик биз, үгүйсгэхгүй. Гэхдээ Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь авч хаяад ахиад нэг лидер тодруулна гэвэл энэ нам энэ насандаа эвлэрэхгүйд хүрэх байлгүй. Эсвэл С.Эрдэнийн хэлдгээр эцэстээ Оросын тавиулууд АН-ыг авч магадгүй юм. Яг үнэндээ БЗС гэх сэвээг галдаж суугаа нь МАН-ын дайснууд нь биш АН-ын нөхөд нь болохыг З.Энхболдын нүүр номдоо бичсэн хэдхэн үгнээс уншигдаж, харагдаж буй.
Урьд нь сайд, ялаа хоёрыг сониноор цохиж алдаг байсан бол өдгөө энэ үүргийг сошиал гүйцэтгэх болжээ. Үнийн өсөлт, төгрөгийн уналтад өртсөн нийгмийн хямрал дээр тэд түймэр тавина. Араас нь өрдөнө, тос нэмнэ. Нийгмийн сүлжээнд өрнөж буй Л.Гантөмөрийн эсрэг нийтийг турхирсан акцын ард сценарийг нь бичиж суугаа хэргийн эзнийг холоос хайх хэрэггүй. Нам дунд нь, байшин дотор нь байгаа. Инээсэн бүхэн нөхөр байдаггүй, уурласан болгон дайсан болдоггүй гэдэг!
Өөрсдийнхөө авлига, хулгай, ашиг сонирхол, дотоод хэрүүл тэмцлээ яая гэж буй МАН-ынхан өнөөдрийн хувьд юун АН-тай, манатай байгаа нь үнэн. Улс төрд өрнөж буй эрх мэдлийн төлөөх тэмцлээс харахад МАН-ын дайсан нь АН гэхээсээ МАН болжээ. Хэн төрийн эрх мэдэл, төсвийн хөрөнгө мөнгөний гол хуваарилагч болох вэ гэсэн холимог дайн МАН-д ид өрнөж, цагаан байрны ноёд хөнжилдөө орох завгүй "хөнөөлдөн" тэмцэлдэж байна.
АН-ын зовлон нь олон фракц, том амбийцдаа идэгдсэн жижиг бүлэглэлүүдийнх нь эрх ашиг. Тэдгээр фракц, бүлэглэлийнхээ эрх ашгийн тэнцвэрийг хангаж чадахгүй аваас сууж буй мөчрөө Л.Гантөмөртэйгөө хамт хөрөөдөхөд бэлэн хүмүүс АН-д цөөнгүй бий. Ирэх 2024 оны жагсаалтад эрэмбэлэгдэх, үгүйдээ нэг тойрог "олох" гэсэн горилогчид нь Л.Гантөмөрөөсөө мандат авахын тулд унасан дээр нь дэвсэлж байх магадлалтай. Сүүлийн өдрүүдэд экс намын дарга З.Энхболдоос эхлээд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын амьд “тролл”-ууд Л.Гантөмөрийг харлуулах замаар АН-ыг хагарал, талцалд илтэд уриалах болсон нь ингэж хардах бас нэг үндэс. Үндсэндээ өнгөрсөн гурван жил хоёр хуваагдсан АН хэдийгээр эвлэлдэн нэгдсэн ч нэг шуудайд багталцахгүйн зовлон их байна.
Гэвчиг Л.Гантөмөр ганцаараа мөчрөөсөө унахгүй, АН-ынхан бүгдээрээ газар шороодно, юу үнэн гэвэл энэ үнэн.
З.Энхболдын “шударга” шаардлагын ард нэг зорилго агуулагдаж байгаа нь нэн ойлгомжтой. Монголд зорилгогүй сэвээ, зохион байгуулалтгүй улс төрийн акц гэж байхгүй болсон. Сайн үйл, буяны хандивын цаана ч заавал нэг зорилго, сонирхол нуугддаг болсон нь батлагдсан теором.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших үед АН-ынхан цаанаа уйлсан ч, наанаа бүгд түүнийг дэмжсэн билээ. Д.Сосорбарам, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал гээд АН-ын нөхөд нь түүнийг хөтлөөд, дагуулаад явж байсан нь дүрс бичлэгтэйгээ, гэрэл зурагтайгаа түүх болон үлджээ. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон мөчөөсөө АН-ын эсрэг акц явуулсан юм. Үүнээс болж УИХ дахь бүлэг нь тарж, нам нь задарсан нь болсон явдал. АН-ыг авах нь Х.Баттулгын их эртний мөрөөдөл, иймээс замд нь тээг болсон бүхнийг сайн, ах, мүүнчин, оффшорчин, тангаргийн буг, тагнуулчин гэх мэтээр харлуулж, гутааж замаасаа зайлуулсан нь бодит үнэн. С.Эрдэнэ гөжүүд, зөрүүд муйхар тэнэг тулдаа өнгөрсөн хугацаанд АН-ыг Х.Баттулгаас хамгаалж чадсан нь худлаа юм биш. С.Эрдэнээс өөр хүн байсан бол Ц.Туваан шиг хадаг яндар дээр тамгаа тавиад очих байсан нь гарцаагүй. Ямар сайндаа элдвийн шахалтад орсон ч тамгаа өгөөгүйн төлөө Төрийн ордны зүүн жигүүрээс өгсөн даалгавраар нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдорж нэг өдрийн дотор хавтаст хэрэг нээж байсныг С.Эрдэнэ нэгэнтээ мэдэгдэж байв.
Долоон жилийн турш гудамжинд, сүүлийн гурван жилд нь хоёр тамга, хоёр даргатай үйл ажиллагаа явуулж ирсэн намыг зургаахан сарын дотор нэгтгэж, өндийлгөх амаргүй ажил. Ямбалахаас ял нь өндөр гэсэн үг. Иймээс Л.Гантөмөр гишүүд дэмжигчдийнхээ алдсан итгэлийг олж авахаар аймаг, орон нутгаар ажиллаж байна. Энэ нь ч зөв. Хөлөө олж байж толгойгоо авч явна. Хөлгүй толгой “Өнхрүүш” шиг үнэгний аманд амархан орно биз дээ. Үлгэрээс авах юм их бий.
Ингэхэд Л.Гантөмөрийг огцруулж, оронд нь Бурхан багшийг АН-ын даргаар сонгосон ч түүнийг чөтгөр болгоход хэцүү биш. Сэв, сэв бас дахин сэв. Нийгмийн сүлжээ өөрөө нийтийн дайны цэг болсон шүү дээ.