Хөгжлийн банкны захирлыг гэмт хэрэг хийхэд хүргэсэн гэж буруутгасан

LiveХөгжлийн банкны захирлыг гэмт хэрэг хийхэд хүргэсэн гэж буруутгасан

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал 38 дахь өдрөө эд мөрийн баримтыг нотлон судлахаар үргэлжилж байна. 


 

15 : 57
2023-6-8

"НПГ-ын Тамгын газрын дарга асан О.Чулуунбаатараа шалгаагүй"

Ц.Содхүүгийн өмгөөлөгч: 

-Ц.Содхүүг мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар бол, "Болоршүр" компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ц.Содхүү нь ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 28-нд зээлийн гэрээний дагуу Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, мөн эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр 991 сая 615 мянга 661 төгрөг, тухайн оны есдүгээр сарыэн 1-ний өдөр 5 сая 384 мянга 338 төгрөг, мөн өдөр 1 тэрбум 324 сая 16 мянган төгрөг, нийтдээ 2 тэрбум 321 сая 15 мянга 999 төгрөгийн зээлийн санхүүжилт олгогдсоноос 2017 оны есдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 2 тэрбум 311 сая 450 мянган төгрөгийг бэлнээр зарлага хийж авсныг Я.Батцэцэг нь зээлийг зориулалтаар зарцуулсан мэтээр санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэн, ийм дугаартай хэрэгт нотлох баримтаар нотлуулахыг шаардсаны дагуу Ц.Содхүү нь "Болоршүр" компанийн зээлийг зориулалтын дагуу ажил, гүйлгээ, төлбөрийг хийхэд зарцуулсан мэтээр 2.3 тэрбум төгрөгний орлогын ордер мөн 151 ширхэг буюу нийт 1 тэрбум 19 сая 459 мянга 537 төгрөгний орлогын ордер зэрэг анхан шатны санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн, мөрдөгчид гарган өгсөн гэмт хэрэгт хамтрагчаар оролцсон гэж буруутгасан. 

Шүүгдэгч Ц.Содхүүгийн тухайд дээрх хэргийг хийгээгүй, хууль зөрчөөгүй учраас энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байгаа. 

Прокуророос "Болоршүр" компанийг Хөгжлийн банкнаас зээл авахтай нь холбогдуулан буруутгаад байгаа. Гэтэл яллах дүгнэлт дээр тус компанийн авсан зээлтэй холбоотой ямар нэгэн байдлаар буруутгаж орж ирсэн зүйл огт байхгүй. Тэгсэн атал шүүхийн хэлэлцүүлэгт болохоор "Болоршүр" компанийн авсан зээл нь хууль бус байсан, барьцаа хөрөнгө нь тус банкны шаардлага хангаагүй гэх мэт зүйлүүдийг ярьж байгаа.

Ц.Содхүү бол тус компанийн 49 хувийн хувьцааг 2017 оны наймдугаар сарын 8 сарын 17-нд өмнөх хувьцаа эзэмшигч О.Чулуунбаатар гэдэг хүнээс шилжүүлж авсан. О.Чулуунбаатар нь Хөвсгөл аймагт прокуророор ажиллаж байсан хүн. Өнөөдөр шүүх хуралд сууж байгаа зургаан прокурортой холбоотой. Мөн Нийслэлийн прокурорын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн. О.Чулуунбаатарын үйл хэрэгтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаагүй байж, энэ компанийн хэргийг шалгаж байгаа учраас үүнийг би энд дурдаж байна. 

Ц.Содхүү хувьцаа эзэмшигч болохоос өмнө 2015 оны тавдугаар сарын 22-нд компанийн өмнөх хувьцаа эзэмшигчээс Хөгжлийн банкинд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний зээл авах хүсэлтийг судлуулах агуулгатай хүсэлтийг гаргаж судлуулж байсан үйл баримт байгаа. 

Хэрхэн яаж энэ зээл "Болоршүр" компанид олгогдсон талаар зээл олголтын нарийн процессыг Ц.Содхүү мэдэхгүй учраас энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээрээ тодорхой хэлсэн. 

Ц.Содхүү энэ хувьцааг авах болсон шалтгаан нь гэвэл өмнөх хувьцаа эзэмшигч нь өөрийн нэр дээр байгаа барьцаа хөрөнгийг банкинд барьцаалаад өгөөч гэж гуйсан. Хоёрдугаарт уг компанийн хувьцааг зарах гэж байгаа гэдгээ хэлсэн. Энэ саналын дагуу 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр О.Чулуунбаатар гэдэг хүнд Ц.Содхүү итгэмжлэх олгосон. Энэ итгэмжлэлээр Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах "Атимос трейд" компанийн барьсан орон сууцны барилгаас өөрийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байсан 525 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавих барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон. Иймээс өмнөх хувьцаа эзэмшигч банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд хураагдах эрсдэл байсан учраас баталгаа болгож дээрх 49 хувийн хувьцааг шилжүүлж авсан. 

Ингээд 2017 оны наймдугаар сард "Болоршүр" компани Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулахад Ц.Содхүү нь хувьцаа эзэмшигч болчихсон, хөрөнгөө барьцаалчихсан учраас барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлага гарсан. Энэ үед өмнөх хувьцаа эзэмшигч бол итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан учраас эхний зээлийг шилжүүлэн авсан. Энэ зээлийн зарцуулалтыг Ц.Содхүү мэдэхгүй. 

Дараа нь О.Чулуунбаатартай 2017 оны наймдугаар сарын 29-нд хэлцэл байгуулж, 51 хувийн хувьцааг 700 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингээд 2017 оны есдүгээр сарын 5-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал болсон. Хэлцэл байгуулахдаа гэрээнээс өмнөх компанийн өр зээлийг О.Чулуунбаатар өөрөө хариуцна гэсэн баталгааг бичиж өгсөн байдаг. 

"Болоршүр" компани бол өнөөдрийн шүүх хуралд яллагдагчаар татагдсан 4 хуулийн этгээдийн нэг биш. Тус компанийн зээлтэй холбоотой асуудлыг прокурорууд яллах дүгнэлтдээ дурдаж, буруутгаж орж ирээгүй. Тэгсэн атлаа компанийг иргэний хариуцагчаар татчихсан явж байна. 

Санхүүгийн баримтыг Ц.Содхүү хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны үед яаж хуурамчаар үйлдсэн бэ гэдгийг огт нотлоогүй. Гадаадад нүдний хагалгаанд орсон байх үед нь Батцэцэг прокурор "Viber"-аар Ц.Содхүү рүү залгаж, орлогын баримт гаргаж өгөөч гэж сүрдүүлж, дарамталсан. Дарамталсны улмаас хэвтэж буй эмнэлгийнхээ компьютер дээрээс орлогын баримтуудын загварыг хэвлэж аваад нөхөж бөглөсөн байдаг. Ингэж бөглөсөн баримтууд нь бүгд үнэн бөгөөд компанийн санхүүгийн тайланг нотлох баримтаар авсан байдаг. 

15 : 40
2023-6-8

40 орчим хоногийн шүүх хуралдаанаар хэргийн үндэслэлээ тогтоогоогүй

Г.Галсаннямын өмгөөлөгч: 

-Г.Галсаннямыг Хөгжлийн банкны хуулийг зөрчиж, тус банкны хуулийн хэлтсийн захирал Б.Будхүүд нөлөөлж, 2018 оны долдугаар сарын 23-ны өдөр хуульзүйн дүгнэлтийг гаргуулсан гэдэг үндэслэлээр буруутган, гэмт хэргийн хатгагчаар журамлаж, шүүхэд оруулсан. Энэ гэмт хэргийн улмаас Хөгжлийн банкинд 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийн улмаас хөгжлийн банкинд 3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Дээрх хэргийн үндэслэл, үйл баримт өнгөрсөн 40 орчим хоногийн шүүх хуралдаанаар тогтоогдсонгүй.  Гэрчүүдийн хэлсэн мэдүүлэг л байдаг. Тэдгээр мэдүүлгүүд дээр Б.Будхүү, Г.Галсанням хоёр нэгнээ таньдаг, би Г.Галсаннямыг танина, нэг удаа уулзсан гэдэг мэдүүлгийг гурван шүүгдэгч өгсөн байдаг. Хэнд ямар хэлбэрээр, яаж нөлөөлсөн гэдэг зүйлийг огт тогтоолгүй, тэдний мэдүүлэг дээр үндэслэлээд тайлбарлаад, хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Таньдаг гэж үзэж байгаа бол хэзээнээс таньдаг болсон бэ? Энэ зээл 2018 онд гарсан бол тэд 2019 онд нэг удаа уулзсан байдаг. Зээл гарсны дараа уулзсан байхад энэ хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй. 

15 : 01
2023-6-8

"Хатгагч гэж үзсэн үндэслэлээ прокурор нотлох ёстой"

Г.Батдоржийн өмгөөлөгч:

-Нийслэлийн прокурорын газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны 06 тоот яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.Батдоржийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус банкинд 4.1 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон. Мөн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө мөнгийг мэдсээр байж эзэмшсэн, ашигласан буюу зориуд бусаар зарцуулж ашиглан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэсэн энэхүү хоёр зүйлчлэлээр буруутгасан. Яллах дүгнэлтийг бол үндэслэлгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцож байна. 

Гэмт хэрэгт хамтрагчаар оролцсон гэдэг яллах дүгнэлтэд ямар асуудал яригдаж байна вэ гэхээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж байна. Хатгагчийн тухайд бол  үнэхээр энэ зээлийг авахад буюу ийм зээлийг ийм байдлаар энэ компанид олгуулчихъя гэдэг байдлаар шийдмэг бодол санаа төрүүлсэн. Тэгэхийн тулд  Н.Батдоржийн зүгээс ямар идэвхтэй үйлдэл гаргаж, энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэдэг зүйлийг прокурор яллах дүгнэлтдээ дурдсан гэж харж байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т нотолбол зохих байдлыг тогтоох үйл, баримтуудыг заасан байдаг. Тэгэхээр хатгагчаар буюу зориуд татан оруулсан гэдэг энэ үйл баримт хавтаст хэрэгт "Сэлэнгийн герефорд" ХХК болоод бусад хамаарал бүхий 39 гэрч, яллагдагчийн мэдүүлэг өгсөн үйл, баримтууд хоёр хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ингэхэд Б.Батбаяр болон бусад удирдлагуудад яг ямар байдлаар нөлөөлсөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. 

Прокурорын яллах дүгнэлтийн агуулгыг харахад тодорхой хэмжээнд Хөгжлийн банкны нэр бүхий удирдлагуудыг таньж, мэддэг юм байна. Тэгэхээр энэ түвшинд эдгээр хүмүүсийн хооронд ямар нэгэн харилцаа хамаарал байх ёстой гэдэг таамгийн зүйл яваад байна гэж үзэж байна. 

Хатгагч гэж үзэж байгаа үндэслэлээ прокурор нотлох ёстой. Гэтэл хэргийн материал, нотлох баримт болон бусад байдлаар нотлогдсонгүй. 

Г.Батдорж нь зээл авахтай холбоотой Хөгжлийн банкны албаныхантай хэд хэдэн удаа уулзсан байдаг. Ингэхдээ зээлийг ямар байдлаар хэзээ эргэн төлөх зэрэг асуудлаар энэ уулзалтуудыг хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. 

Мөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж Г.Батдоржийг буруутгасан тухайд, ер нь энэ зээл ямар журмаар, яаж авагдсан бэ гэдэг асуудал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч хангалттай яригдсан нотлох баримтууд. "Сэлэнгийн герефорд" ХХК-д зээл олгосон асуудал бол Хөгжлийн банкны зээл олгоход тавигдах шаардлагуудыг хангасан байдаг. Үүнд нэг л асуудал яригдаж байгаа нь барилгатай холбоотой дүгнэлт гаргах тухай юм. Бусад шүүгдэгчийн өмгөөлөгч нар ийм дүгнэлт гаргах шаардлагатай байсан эсэхэд хангалттай тайлбар хийсэн. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг үг өгүүлбэр мөнгө угаасан гэх хэрэгт дурдагдаад байгаа. Үнэхээр Г.Батдорж нөлөөлсөн байгаад энэ нөхцөл байдал нь тогтоогдсон, тогтоогдоогүй гэдэг асуудал өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байгаа. Прокурорын хувьд хатгагчаар хамтран оролцсон гэдэг нь гол үндэслэл нь. 

14 : 34
2023-6-8

"Н.Сүхболдыг яллахдаа үйлчилж эхлээгүй байсан Эрүүгийн хуулийг ашигласан"

Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Энхтуяа:

-Нэр бүхий 4 прокурор 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр Н.Сүхболдод холбогдуулан яллагдагчаар татах 81 тоот тогтоол үйлдсэн байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар, Н.Сүхболд нь Монгол Улсын Засгийн газрын Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд "Бэрэн групп" ХХК-ийн барьж байсан Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7-р хорооллын нутаг дэвсгэрт 35 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны Ё блокийн 519-524 гэсэн дугаар бүхий зургаан байранд 80 хувийн гүйцэтгэлтэй гэж 2016 оны зургадугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ бичиж өгсөн. Үүнийхээ төлөө 2016 оны зургадугаар сарын 17-ний өдөр хахууль авсан гэдэг зүйл заалтаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Энэ цаг хугацаа буюу 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр ямар хууль үйлчилж байсан бэ? Энэ үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Яллагдагчаар татахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр УИХ-аар баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.4 хэсгийг үндэслэсэн. Ингэж яллагдагчаар татахдаа мөн хуулийн Ерөнхий ангийн 1.10.3 зүйлд заасан заалтыг журамласан. Яагаад үүнийг журамсалснаа Улсын яллагч шүүхэд ирүүлсэн санал дүгнэлтдээ дурдаагүй. 

Н.Сүхболдын хувьд өөрийн үйлдлийн талаар маргахгүй байгаа. Мөн сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан гээд байгаа 4 сая төгрөгөө төлсөн баримт хэрэгт авагдсан байгааг дурдаж байна. 

Улсын яллагч шүүхэд хийсэн дүгнэлт, тайлбартаа, Н.Сүхболд нь Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргана гэсэн тул Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Энэ хэлсэн үг хурлын аудио бичлэг, шүүх хурлын тэмдэглэлд байгаа гэж би үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг хэрэгт авагдаагүй гэсэн тайлбарыг хийсэн.  Гомдол гаргана гэдэг асуудал мөрдөн шалгах ажиллагаанд ерөөсөө яригдаж байгаагүй. 

11 : 51
2023-6-8

Г.Санжмятавыг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй

Г.Санжмятавын өмгөөлөгч Б.Буянбадрал:

-Шүүх хуралдаанд цагаатгах байр сууринаас оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан мөн шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч Г.Санжмятавын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэж байна. Харин ч түүний гэм буруугүй болох нь, Улсын яллагчийн яллаж буй мөнгө угаасан гэх 305 сая төгрөг нь гэрээний төлбөр байсан нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна.

Яллах дүгнэлтийг тогтоох хүрээнд Г.Санжмятавыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэгт буруутгасан. Үүнд, өөрийн төрсөн эгц Г.Байгалмаагийн хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон. Оролцсон үйлдэл нь "МИАТ" ХХК-ийн ажилчдад 24 орон сууцыг худалдан борлуулах ажлыг зохион байгуулсан. Мөн дансаараа 305 сая 56 мянган төгрөгийг өөртөө хүлээж авсан гэдэг үйлдлээр буруутгадаг. Мөнгө угаах үйлдэл нь мөн адилхан дээр дурдсан 305 сая 56 мянган төгрөгийг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж, мөнгө угаасан гэх агуулгаар буруутгадаг. Тодорхойлоод байгаа үйлдэл нь хоорондоо агуулгын хувьд хол зөрүүгүй давтагддаг. Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр хоёр гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж буруутгасан. 

Өмгөөлөгчийн зүгээс Улсын яллагчийн яллаж байгаа дээр үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна, гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар холбогдох дүгнэлтийг гаргаж байна. 

1-рт Г.Санжмятавын дансанд орсон, мөнгө угаасан гэх гэмт хэргийн дүн болох 305 сая 56 мянган төгрөг нь гурав задардаг. Үүнд, "Пирамид орд" ХХК-аас буюу компаниас шилжүүлэн авсан 219 сая төгрөг, байр худалдан авсан иргэнээс авсан 70 сая 431 мянган төгрөг, нэр бүхий иргэн Нямхоролоос авсан 15 сая төгрөг гэж задардаг. 

Гэтэл энэ 15 сая төгрөг нь байр худалдан авсан иргэдээс авсан гэх 70 сая 431 мянган төгрөгөнд давтагдаад явдаг. Энэ мөрдөгчийн магадлагаан дээр тодорхой тусгасан байдаг. Иргэн Нямхоролоос 20 сая төгрөг авсан гэх байдлаар 70 сая төгрөгийн задаргаанд ордог бол 20 сая төгрөгөнд нь 2019 оны арванхоёрдугаар сард 15 сая төгрөг бэлнээр авсан мөнгө гэж бичигддэг. Яллах дүгнэлтэн дээрээ ингээд давхар бичигдээд энэ 15 сая төгрөг хоёр давтагдаж байгаа юм. Ингээд ер нь бол 290 сая төгрөгийн асуудал гарч ирж байна. Энэ бол нэг нь компаниас орж ирсэн мөнгө, нөгөө нь байр худалдан авсан иргэдээс шилжүүлсэн мөнгө гэдэг агуулгаар тайлбарлагдана. 

Компаниас орж ирсэн 219 сая төгрөг нь гүйцэтгэх захирал Хонгормаагийн дансанаас шилжүүлэгдсэн байдаг. Гүйлгээний утга буюу дансны хуулга, нөхөн гүйцэтгэх боломжгүй энэ баримтнаас ерөөсөө мөнгө бол Мятавт гэсэн тайлбартай байдаг. Талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтууд, "Пирамид орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирлын мэдүүлгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад цонхны туслан гүйцэтгэгч, цахилгааны ажил хийсэн юм гэх баримтууд тогтоогддог. Ингээд энэ төлбөрөө төлөхдөө гүйлгээний утгаа Мятавт гэж бичиж шилжүүлсэн болох нь харагддаг. Энэ нэг удаагийн гүйлгээ биш 20-30 удаагийн гүйлгээ байгаа. 

Иргэний хуулийн 40-р зүйлийн 41-рт хэсэгт гэмт хэргийн хүсэл зорилгыг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тайлбарладаг. Уг тайлбарыг шууд авахдаа үгийн тайлбарт анхаарахыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл  шилжүүлээд байгаа мөнгийг гүйлгээний утган дээр юу гэж бичсэн байгаагаар нь хүлээн авч ойлгоод байгаа юм. Мятавт гээд ороод ирсэн мөнгийг өөрийнхөө ажлын хөлс юм байна гэж аваад ойлгож байгаа ийм процесс. Энэ 219 сая төгрөг бол ажлын хөлс байсан гэдэг нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа юм. 

Харин 70 сая төгрөгтэй холбоо асуудал нь  "Пирамид орд" ХХК-тай холбогдох хэрэгт 2020 оны тавдугаар сарын 11-нд хэрэг бүртгэлтэй иргэнийг шалгалтын ажиллагаа явагдсан. Ингээд тавдугаар сарын 16-ны өдөр Г.Санжмятаваас анх удаа АТГ дуудаж мэдүүлэг авсан. Ямар нэгэн өмгөөлөгч оролцоогүй. Болсон үйл, баримтын талаар дурдсан. Тухайн мэдүүлэгтээ "Буман залуус" хотхоны гадна болон дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингээд бартерт найман байр авсан байдаг. Мөн бэлнээр, дансаараа мөнгө авсан. Одоогоор тооцоогоо нийлээгүй байна. Яагаад гэвэл энэ барилгын хоёр блокийг улсын комисс хүлээж аваагүй учраас тооцоо нийлэх боломжгүй байна гэж ярьсан. Мөн "Пирамид орд" ХХК-ийн төслийн удирдагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд тус компанийн удирдлага болох ерөнхий захирал, гүйцэтгэх захирал хоёроос олгогдсон эрхийн дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад ББСБ-аас 300 сая төгрөгийн зээл аваад байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ мөнгө бас дансаар нь орж, гарсан гэдгийг ярьсан. Энэ талаар тодруулахад бартерын байр нь 5 байр уу, 8 байр уу? 3 байр нь юу болчихов гэдэг асуудал мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гарсан. Гэтэл энэ 3 бартерын байр нь дээр дурдаад байгаа иргэн Болорхишиг, Хишигжаргал, Нямхорол гэдэг хүмүүсийн байр юм. Эдгээр хүмүүс бас мэдүүлэгтээ хэлсэн байдаг. "Пирамид орд" ХХК дээр очиж байр сонирхсон. "Манай байр дуусчихлаа. Энэ залууд бартерын байр байгаа очоод уулз" гэж тайлбарласан гэж Нямхорол тодорхой мэдүүлсэн байдаг. Ингээд уулзаад бартерын байрнаас нь худалдаж авсан боловч төлбөрөө 100 хувь аваагүй. Бусад төлбөр нь  "Пирамид орд" ХХК руу шилжсэн. Ийм л процесс болсон байдаг. 

Мөн Г.Санжмятавыг "Пирамид орд" ХХК-ийн төслийн удирдагчаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна гэдэг ч тус компанийн татварын тайлан баримтад түүний ажилд орж, халагдсан тушаал нь хавсрагдсан байдаг. Үүнийг хэн нэгэн дунд нь нөхөх эсвэл нэмж оруулах боломжгүй. Тайланд үзлэг хийх цаг хугацаанд л албан ёсоор баталгаажиж, хэрэгт авагдсан баримтууд байдаг. 

АТГ-аас шалгах явцад тооцоо нийлсэн байдаг. Тооцоо нийлэхэд Г.Санжмятав нь "Пирамид орд" ХХК-аас 320 сая төгрөгний ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн авлагатай болох нь тогтоогдож, талууд гарын үсэг зурж баталгаажуулан 160-р хавтаст хэргийн 161-т авагдсан. 

Эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал үүсгэсэн гэдэгт хэрэгтэй холбоотой тайлбар хэлэхэд, Монголын Ардчилсан холбооноос хэзээ ч АТГ, Улсын прокурорт өөрсдөд нь хохирол учирсан гэж гомдол гаргаж байгаагүй. Харин ч Удирдах зөвлөлөөс Г.Байгалмаад эрх олгосон гэдгээ албан тоотоор 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр АТГ-д ирүүлсэн байдаг. "Пирамид орд" ХХК-тай хамтран ажиллах ажлыг Г.Байгалмаа хариуцаж байгаа. Энэ ажилд тооцоо нийлээгүй, дуусаагүй байгаа. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтээс буюу Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаагийн үйлдлээс манай Ардчилсан холбоонд ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье гэсэн байдаг. Ингээд АТГ-аас хохирогчоор тогтоох ёстой ирж мэдүүлэг өг гээд. Гүйцэтгэх захирал ирээд мэдүүлэг өгдөг. Гэтэл хохирогчоор тогтоогдохоос татгалздаг. Манай байгууллагад хохирол учраагүй учраас хохирогчоор тогтоогдохгүй гээд хохирогчоор татах тогтоолын доод талд нь бичиж тэмдэглэсэн. 

Мөн "Пирамид орд" ХХК-аас Монголын Ардчилсан холбоонд 37 байр олгосон, байршлыг нь заасан, төлбөр тооцоо хийсэн, гарын үсэг зурсан баримт байхгүй. Шалгалтын явцад л ямар нэгэн гарын үсэггүй, 37 байрны жагсаалт гараад ирсэн. Энийг Г.Байгалмаа авсан шүү гэж шууд буруутгадаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-06-08 202.21.126.30

ГҮЙЭ МӨН СОНИН ЮМАА. ТЭГЭЭД БААХАН ЯМАР Ч ГЭМ БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХИЛСЭЭР ЯЛЛАЧИХСАН ЮМУУ. ХӨГЖЛИЙН БАНКИНД ӨГСӨН ТӨСӨЛ НЬ ҮНЭН БАЙГААД ТЭР ТӨСӨЛДӨӨ ЗЭЭЛ АВААД, ТӨСӨЛ НЬ ХЭРЭГЖЭЭД, ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНД НЬ ЭРГҮҮЛЭЭД ТӨЛЧИХСӨН БОЛ Ч АСУУДАЛГҮЙ Л ДЭЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭСРЭГЭЭРЭЭ ЮМ ШИГ БАЙГААД БАЙДАГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж