"Playtime" хөгжмийн наадам 80 мянган үзэгч хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

"Playtime" хөгжмийн наадам 80 мянган үзэгч хүлээн авна

"Playtime" хөгжмийн наадам 80 мянган үзэгч хүлээн авна

Тэртээ 2003 оноос хойш хөгжмийн утас хөвөрч, 2023 онтой золгожээ. Конверс кет, өргөн футболк, тоглолтын тасалбар, мандат, хамтлагийн нэрс… Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьсал авчирсан "Playtime" наадмын түүх. Энэ жил 21 нас хүрч байна. Анх 2002 онд зохион байгуулсан энэ наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг дэлхийн бусад жишиг хөгжилтэй, хүн төвтэй хотуудтай нэг түвшинд хүргэх зорилготой.

Энэ жил "Playtime" наадам гурав хоногийн турш буюу долдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд уламжлал ёсоор "Монгол Шилтгээн"-д болох гэж байна.

Энэ удаагийн хөгжмийн наадмын өөрийн 10 тайз, стратегийн түнш байгууллагуудын дөрвөн тайз нийт 14 тайзнаас гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлчид уран нийлсэн бүтээлээ хүргэнэ. Наадмын өөрийн 10 тайзны зургаан тайзнаа олон улсын уран бүтээлчид оролцох ба олон улсын уран бүтээлчдийн тоог жил бүр нэмж, чанаржуулсаар ирсэн билээ. "Плэйтайм 2023" наадмын Headliner буюу голлох уран бүтээлчид болох indie rock, shoegaze, dream pop урсгалаар тоглодог Америкийн Cigarettes After Sex, орчин цагийн техно хөгжмийн нөлөө бүхий артист Kobosil, Marcel Dettmann тэргүүнтэй олон улсын 21 хамтлаг, DJ уран бүтээлчдийн 74 хүнтэй бие бүрэлдэхүүн наадамд хүрэлцэн ирэх гэнэ.

Төв тайз буюу "Playtime" тайзнаа дотоодын уран бүтээлчдийн олон сонирхолтой тоглолтууд багтсан. Тухайлбал, энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй "Инээмсэглэл" хамтлагийн хүндэтгэлийн тоглолт, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглох бол 17 жилийн дараа “Шөнийн галт тэрэг” хамтлаг эргэн тоглох юм.

Мөн адил найман жилийн дараа тус тайзнаа “Дэлхий” хамтлаг дахин тоглоно. "Плэйтайм" хөгжмийн наадам нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг хангах үүднээс продакшн багтаа олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Мөн 2013 оноос хойш "Playtime" тайзны дуугаралт дээр хамтарч буй "ITC solution" компани энэ жил БНСУ-аас есөн инженер урьж ажиллуулах бол “Нааглихац” тайзны visual болон гэрлийн мэргэжилтнээр Нидерландын уран бүтээлчид хоёр дахь жилдээ ажиллах юм. Хамгийн отгон тайзуудын нэг буюу хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч буй "Streetz stage" нь Монголд хип хоп урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ойтой холбогдуулан хөгжмийн хөтөлбөрөөс гадна гудамжны урлагийн бусад төрлийг багтаасан олон сонирхолтой хөтөлбөрүүд бэлтгэж байна.

Эдгээрээс онцлон дурдвал, Jazzy Sport-ийн үүсгэн байгуулагч DJ Masaya Fantasista, гурван өдрийн турш Heesco тэргүүтэй олон улсын долоон графитти уран бүтээлчид бүтээлээ амилуулах юм. Энэ жил бид 80 мянган үзэгч хүлээн авахаар нарийн зохион байгуулалтын дор бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Мөн хөгжмийн хөтөлбөрийг боловсруулахдаа үзэгчид бүх гоё тоглолтыг алгасахгүй үзэж, сонсох боломжийг олгосон гэдгээрээ онцлог.

“Earth. Music. Love" уриан дор хөгжмөөр дамжуулан залууст эерэг хандлага түгээн ногоон хөгжилд уриалдаг "Плэйтайм" хөгжмийн наадам ногоон тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажилладаг. Энэ ажлын хүрээнд наадмын бүх хог хаягдал ангилагдан цаашаа дахин боловсруулагдан, наадмын талбайг "эко” аргаар усалж, дахин ашиглах боломжтой хаягжилт хийн, цаасан хэвлэлээс аль болох татгалздаг.

Наадмын тасалбар Shoppy, наадмын албан ёсны апп Toki зэрэг дижитал шийдлүүдийг нэвтрүүлсэн нь амжилттай хэрэгжсээр байна. Наадмыг зорих автомашины тоог багасгах үүднээс Улаанбаатар хотод зогсоолоос нэгдсэн үнэгүй автобус болон "UBCab" үйлчилгээг гаргах юм.

Стратегийн түнш: Хаан банк, ООНА, Storepay, Номин Холдинг; Спонсорууд: Боргио, Jack Daniels, Calvet, Болор, Red Bull, RELX, Skytel, Condition, Vans; Албан ёсны телевиз: Централ телевиз; Албан ёсны зочид буудал: Novotel; Албан ёсны тээвэр UBCab; Медиа түншүүд: Mmusic, RAY1, Эрчим хүчний түншүүд; Барловорлд Монголиа, Монхорус Интернэшнл зэрэг бүхий л хамтрагчид маань "Ногоон тогтвортой хөгжлийн" үзэл санааг үйл ажиллагаандаа шингээн ажиллана. Нийслэлийн засаг даргын тамгын газраас ажлын хэсэг наадмын дэд бүтэц, аюулгүй байдал, онцгой байдалд анхаарч үзэгчдийг аюулгүй, тав духтай орчинд цагаа өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм.

Ирэх 2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой "Плэйтайм" хөгжмийн наадам нь энэ жил 3000 гаруй ажлын байр бий болгож Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн бодит хувь нэмэр оруулж байна. Мөн наадмын бас нэгэн чухал хэсэг хөгжмийн бус "РТ+ хөтөлбөр” нь хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнд, гар урлал зэрэг олон хөтөлбөрүүдээ 200 гаруй уран бүтээлчид, оролцогчдын хамтаар наадмын гурван өдрийн турш зохиох юм.

Мөн энэ жил хүүхдэд зориулсан бүсэд тусгайлан хүүхдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд байх ба хүүхдийн ариун цэврийн өрөө, хүүхдийн хоолны асрууд ажиллана.

“Плэйтайм” хөгжмийн наадам нь Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, хөгжмийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах, уран бүтээлээ олон нийтэд хүргэх боломжийг нээх зорилгын хүрээнд Showcase, Pre-Event зэрэг хөтөлбөрөө энэ онд мөн амжилттай хэрэгжүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж