Жендэрийн тэгш байдлыг хангахад 10 сая ам.долларыг зориулна

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Жендэрийн тэгш байдлыг хангахад 10 сая ам.долларыг зориулна

Жендэрийн тэгш байдлыг хангахад 10 сая ам.долларыг зориулна

ХААН Банкны эртний түнш “Symbiotics Investments” хөрөнгө оруулалтын менежментийн компани “Vision Microfinance DUAL Return Fund” сангаараа дамжуулан жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн бондын эх үүсвэрээр 10 сая ам.долларын санхүүжилтийг Монголын хамгийн том арилжааны банк ХААН Банканд олгохоор боллоо.

ХААН Банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, тэр дундаа 5-р зорилт болох “Жендэрийн тэгш байдлыг хангах зорилт”-той үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдынхаа бүтээмж, өрсөлдөх чадвар болон санхүүгийн хүртээмжийг дэмжих зорилготой шинэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаад байгаа билээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад тусгайлан чиглэсэн анхны бондын эх үүсвэр гэдгээрээ энэ удаагийн санхүүжилт санхүүгийн салбарын түүхэнд онцлох чухал үйл явдал болж буй. Энэхүү бондын эх үүсвэрээр нийгэм, эдийн засгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдлийг бууруулах, сэргийлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэй эзэмшигч эсвэл удирдлагатай ЖДБ-үүдийг дэмжихэд зарцуулах юм.

Хөрөнгө оруулагчдын хувьд тусгай зориулалт бүхий энэхүү санхүүжилт нь нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх урт хугацааны өөрчлөлтийг бий болгох зорилготой гэдгээрээ онцлог хөрөнгө оруулалт болж байна.

“Vision Microfinance DUAL Return Fund” нь 2008 оноос хойш Монгол Улсын нийгэм эдийн засагт үр өгөөжөө өгөхүйц хөрөнгө оруулалтуудыг хийн, хамтран ажиллаж ирсэн.“Symbiotics Investment” хөрөнгө оруулалтын менежментийн компани нь ХААН Банктай хамтран жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн энэ удаагийн бондын санхүүжилтээрээ Монгол Улсад хөрөнгө оруулсан 15 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байгаадаа бид маш их  баяртай байна” хэмээн “Vision Microfinance DUAL Return Fund” сангийн менежер компани Impact Asset Management-ийн ахлах менежер Кристоф Эккарт хэллээ.

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн анхны бондоо бид 2022 онд гаргаж байсан. Урт хугацааны түнш байгууллага ХААН Банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, энэхүү бондыг гаргаснаар тус банкны  харилцагчдаар зогсохгүй  Монгол Улсын хүн амын дунд хүйсийн эрх, тэгш бус байдлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын таатай байна” гэж “Symbiotics Investments” байгууллагын Зүүн Ази хариуцсан бүсийн менежер Южин Тан онцоллоо.

"Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн энэхүү санхүүжилтээр эртний түнш  байгууллага “Symbiotics”-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа бид баяртай байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бондын эх үүсвэрээр дамжуулан хүлээн авч буй санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилтуудаа хэрэгжүүлэхэд бидэнд томоохон дэмжлэг болж байна. Жендэрийн асуудалд анхаарлаа хандуулснаар бид илүү шударга, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө зорин ажиллаж байна" хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Тогтвортой хөгжлийн 5-р зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн тус бондыг 2019 оны 12-р сар болон 2021 оны 11-р саруудад хөндлөнгийн баталгаажуулагч байгууллага болох “DNV GL”-ээр “Тогтвортой бондын хүрээ”-гээр баталгаажуулсан бөгөөд “Symbiotics”-ийн хөрөнгө оруулалттай “Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.” бондын платформоор гаргасан юм.

Энэ бонд нь Люксембургийн хөрөнгийн биржийн үнэт цаасны албан ёсны жагсаалтад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн” гэх тодотголтой бүртгэгдсэнээс гадна Люксембургийн Ногоон бирж дээр мөн энэхүү тодорхойлолт нь тусгагдсан байдаг.

 “Symbiotics Investments” хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тухай

“Symbiotics” нь хөгжиж буй орны зах зээл дэх нөлөөллийн хөрөнгө оруулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтын менежентийн тэргүүлэгч компани юм. Тус компани нь хөрөнгө оруулалт, зээлийн багцын менежмент, зөвлөх үйлчилгээ санал болгодог. 2005 оноос хойш 570 компанид 9.2 тэрбум гаруй ам.долларын эх үүсвэрийн 7,300 гаруй хөрөнгө оруулалтыг босгон зуучилж өгсөн байна. www.symbioticsgroup.com

“Impact Asset Management” компанийн тухай

“Impact Asset Management” компани нь хөрөнгө оруулалт, тэр дундаа тогтвортой хөрөнгө оруулалт хийх, дүн шинжилгээ гүйцэтгэх чиглэлээр мэргэшсэн, герман хэлээр ярьдаг бүс нутагт тэргүүлэгч хөрөнгийн удирдлагын компани юм. Тус компанийн бизнес нь томоохон байгууллагууд болон өндөр орлоготой хувь хүмүүст чиглэсэн бөгөөд найдвартай, бага эрсдэлийн түвшинд идэвхтэйгээр хөрөнгөө удирдаж, тогтвортой өсгөх зорилго дор бүтээгдэхүүнээ санал болгодог.

“Impact Asset Management” компани нь цаашид банкууд, онлайн бизнесүүд болон худалдааны байгууллагуудтай ойрхон хамтран ажиллаж, харилцагчийн баазаа нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зорилготойгоор ажиллаж байна. impact-am.eu

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 540 салбар, нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан Монгол Улсын хүн амын 80 гаруй хувьд буюу 2.8 сая харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Мөн улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй банкны бүх төрлийн үйлчилгээ санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж байна. Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ХААН Банк үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг мөн эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2021 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж