Хойдын "ЧӨТГӨР ЭМЭГТЭЙ"

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хойдын "ЧӨТГӨР ЭМЭГТЭЙ"

Хойдын "ЧӨТГӨР ЭМЭГТЭЙ"

Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх буудалд 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Зөвлөлтийн үеийн Ильюшин-62 онгоц газардсан юм. 23 зорчигчийн тав нь албаны хүн, гурав нь сэтгүүлч, үлдсэн нь бие хамгаалагч байсан. Харин нэг л хүн бүхнээс дээгүүр байв. Ким Ил Сун 1950 оны долдугаар сард Өмнөдөд айлчилснаас хойш анх удаа Хойд Солонгосын удирдагчийн үр удам Сөүлд хөл тавьсан нь энэ юм. Бие хамгаалагч нарын дунд харц нь тайван, хөдөлгөөн нь цэгц, 30 орчим насны эмэгтэй бууж ирсэн нь Ким Жон Ун удирдагчийн төрсөн дүү Ким Ё Жон байв. Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Хойд Солонгосын хамгийн хүчирхэг эмэгтэй Ким Ё Жоныг онцоллоо.

ХОНГОРХОН ГҮНЖЭЭС ЧӨТГӨР ЭМЭГТЭЙ 

Ким Ё Жон нь удирдагч агсан Ким Жон Илийн долоон хүүхдийн хамгийн отгон юм. Түүнийг 1989 оны есдүгээр сарын 26-нд Пёньянд төрсөн гэж АНУ-ын Сангийн яам тэмдэглэсэн байдаг. Гэтэл Өмнөдийн эх сурвалжууд түүнийг 1987 онд төрсөн гэдэг.

Түүнийг хүүхэд байхад эцэг эх нь "хонгорхон гүнж Ё Жон" гэж өхөөрддөг байжээ. Бусад ах дүүгээсээ ялгаатай нь тэр ах Ким Жон Уныхаа адил амбицтай нэгэн.

Тиймдээ ч тэрбээр 2014 оноос хойш улс төрд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тэрбээр хойд солонгосчуудад төрийн үзэл суртлыг нэвтрүүлэх зорилготой Суртал ухуулгын газрыг удирддаг байсан. Улмаар 2018 оноос төрд гүйцэтгэх үүрэг нь эрс нэмэгдэж, "цусаар цангасан чөтгөр", "чөтгөр эмэгтэй" гэх зэрэг хоч авчээ. Гэхдээ Өмнөд Солонгост айлчлах хүртэл нь түүний талаар гадаадын улс орнууд бараг мэддэггүй байв.

Нууцлаг гүнж тэрбээр Өмнөд Солонгост айлчлахдаа Пёнчан-2018 өвлийн олимпийн нээлтэд оролцсон. Ингэхдээ үдийн хоол, хүлээн авалт, олимпийн нээлтийн ёслол зэргийн үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийг байнга үл тоомсорлосон хандлага гаргажээ. Мөн тоотой хэдхэн удаа инээмсэглэж, ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүтэй өмнөд солонгосчууд руу ихэмсэгээр харж байсан. АНУ-ын тамирчид цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд бүх хүн алга ташсан бол Ким Ё Жон ганцаараа суудлаасаа өндийгөөгүйгээр үл барам бага зэрэг хөмсөг зангидсан байжээ. Тухайн үед тэр нэг ч удаа олон нийтэд мэдэгдэл хийж, ярилцлага өгөөгүй. Мөн бусадтай ойр зуурын яриа өрнүүлэхээс зайлсхийж байхад хүмүүс хоорондоо цаг агаарын талаар ярилцах гэх мэт эелдэг харилцаж байсан.

56 цаг үргэлжилсэн аяллын турш тэр улс даяар ярианы сэдэв болсон юм. Хэвлэлүүд түүний өмсгөл зүүсгэл, үс зүснээс эхлээд бүх л зүйлийг нь нарийн тайлбарлаж бичиж байв.

Нисэх онгоцны буудлын VIP өрөөнд Өмнөд Солонгосын хөтөч Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ён Намд төвийн суудал зааж өгчээ. Тухайн үед Ким Ён Нам өөрийнхөө оронд Ким Ё Жоныг суулгах гэсэн. Гэвч Ким Ё Жон инээмсэглээд Ким Ён Намыг өөрийг нь суухыг урьсан байна. Энэ үйлдэл нь зарим хүнд таалагдаж "Тэр хөөрхөнөөр барахгүй бас эелдэг юм" гэжээ. Гэхдээ Ким Ё Жон хүндэтгэлгүй шинжтэй суудал руу хуруугаараа заасныг зарим нь анзаараагүй аж. 

Түүний айлчлалын хамгийн чухал үйл явдал нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Хөх ордон болон ерөнхийлөгчийн тамгын газарт зочилсон явдал байв. Энд тэрбээр ахынхаа захиасыг биелүүлж, хоёр Солонгосын удирдагчдын цуврал түүхэн уулзалтын замыг зассан юм. Ким Жон Уны захидлыг 60 жил засгийн газарт хүчин зүтгэсэн Ким Ён Нам биш Ким Ё Жон Өмнөдийн ерөнхийлөгчид гардуулсан нь олон зүйлийг илтгэнэ.

Хойд Солонгост засгийн газрын гишүүд болон дөрвөн одтой генералуудын эрх мэдэл удирдагчийн гэр бүлийнхний хаана нь ч хүрэхгүй гэсэн үг юм. Ким Ё Жон хүсэх л юм бол Ким Жон Унаас бусад хэнийг ч хамаагүй цаазлах тушаал өгөх эрхтэй гэсэн үг аж.

Ким Ил Суныг нас барах хүртэл гадаадын улс орнууд, тэр бүү хэл тагнуулын агентлагууд ч шинэ удирдагч Ким Жон Ил болон түүний долоон хүүхдийн талаар мэддэггүй байв. Ким Жон Ил долоон хүүхдээ эхэндээ гэрээр боловсрол эзэмшүүлээд, дараа нь Женев, Берн, Москвад сургасан аж. Энэ нь элдэв цуурхалаас хол байх зорилготой байв.

Хаалттай гэр бүлийн талаар тэднийд 13 жил ажилласан япон тогооч хамгийн их зүйлийг ярьсан байдаг. Тогооч Кэнжи Фүжимото 1988-2001 оны хооронд Хойд Солонгосын удирдагчийн гэрт ажилласан. Тэрбээр удирдагчтай болон түүний хамгийн бага гурван хүүхэдтэй шууд биечлэн ажилладаг байжээ. Фүжимотогийн хэлснээр Ё Жонгийн эцэг эх нь охиноо гүнж гэж дууддаг байсан бөгөөд багаасаа л хааны гэр бүлийн гол тэнхлэг байсан. Хоолны үеэр Ким Жон Илийн баруун талд эхнэр нь, зүүн талд гүнж Ё Жон суудаг байв.

Ким Ё Жоныг зөрүүд бөгөөд зоригтой гэж Фүжимото тодорхойлсон. Хамгийн сонирхолтой нь Фүжимотог тэр үед найм, есхөн настай байсан Ё Жон гүнж халсан гэдэг.

Түүний ах Ким Жон Чол туслахдаа дурласаныг мэдээд загнаж байсан удаатай. Жон Чол 16 настайдаа аавынхаа эдлэнд байдаг эмэгтэйчүүдийн театрт нууцаар орж, дурласан бүсгүйгээ харж байхад нь Ё Жон өөрийн биеэр ахыгаа чирч гаргасан аж. Жон Чол гэтэл Ё Жоноос долоон насаар ах, биеэр ч хамаагүй том.

Одоогийн удирдагч Ким Жон Ун харин дунд ах шигээ ийм үйлдэл хэзээ ч гаргахааргүй нэгэн байжээ. Ким Жон Ун охидод биш спорт, видео тоглоомд дуртай байв.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ҮЛ ТООМСОРЛОГЧ

Ээжийгээ хөхний хорт хавдраар нас барахад Ким Ё Жон дөнгөж 16 настай байсан. Гэсэн ч тэр ирээдүйдээ аль хэдийнэ бэлтгэгдсэн байсан гэдэг. Тэр хоёр дүүгийнхээ хамтаар хэрхэн хааны гэр бүлийнхэн шиг биеэ авч явах талаар сургалтад хамрагдсан. Удалгүй тэр аавыгаа даган чухал уулзалтуудад оролцож эхэлсэн.

Ким Ё Жон АНУ-ын өндөр албан тушаалтнуудыг үл тоомсорлосон нь дээр дурдсан өвлийн олимпийн үеийн явдлаар хязгаарлагдахгүй. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Хойд Солонгост айлчлах үед 22 нас хүрээгүй Ким Ё Жон түүнийг тоссон байдаг. Энэ уулзалтын үеэр ч бас Ким Ё Жон Билл Клинтоныг үл тоомсорлосон. Билл Клинтон өөрийгөө танилцуулсан боловч Ким Ё Жон түүний туслах руу шууд явж очоод, англиар албан бичиг баримт нэхжээ. Энэ нь ерөнхийлөгч Обамагаас Ким Жон Унд илгээсэн захидал байсан. Тодруулбал, барьцаалагдсан хоёр америк иргэнийг сулласны хариуд ерөнхийлөгч Обама талархлын захидал бичсэнийг нь Ким Ё Жон хүлээж авах ёстой байжээ.

Ким Жон Ил 2011 оны арванхоёрдугаар сард зүрхний шигдээсээр нас барж, 20 настай Ким Жон Ун удирдагчаар сонгогдов. Дээд удирдагч гэдэг утгаараа Ким Жон Ун олны анхаарлын төвд орсон ч Ким Ё Жон байнга түүнийг дагалдсан хэвээр байжээ.

Ким Ё Жон нагац ахынхаа санал болгосноор Ким Ил Суны нэрэмжит их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимд суралцсан. Энэ мэдлэгээ тэлэх зорилготой байсан ч ирээдүйн нөхөртэйгөө уулзах гүүр нь болсон юм. Бусад оюутны ажигласнаар Ким Ё Жон компьютер дээр маш сайн ажилладаг байжээ. Тэр хоёр мониторыг нэгэн зэрэг хялбархан ашиглаж, чадамгай шивдэг байв. Нөхөртэйгөө цаашид хэрхсэн нь нууц боловч тэд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон байж магадгүй аж.

Ким Жон Ун 2021 онд түүнийг улам өндөрт зүтгүүлэв. Тодруулбал, төрийн эрх барих дээд байгууллага болох Төрийн хэргийн комисст Ким Ё Жон томилогджээ. Мөн энэ оны нэгдүгээр сард тэр Орос, Украины дайн болон Хүйтэн дайны шинэ динамикийн асуудлаарх ерөнхий төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллав.

ХОЙД СОЛОНГОСЫН ЦЫШИ

Хойд Солонгосын жирийн иргэд түүнийг Хятадын эзэнт гүрний дефакто захирагч, 50 жил шахам төр барьсан Цыши хатантай зүйрлэдэг. Ким Жон Уны эрүүл мэндийн талаар элдэв таамаг сүүлийн үед хөврөх болсон. Тэр аав, өвөөгийнхөө нэгэн адил зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалттай тэмцэж байна. Хэдий эрчүүд давамгайлсан нийгэм ч гэлээ ямар нэг муу зүйл боллоо гэхэд дараагийн удирдагч Ким Ё Жон байж магадгүй гэж олон хүн үздэг.

Долоон ах дүүсийн нэг Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сард Куала Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд мэдрэлд нөлөөлөх бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас 45 настайдаа нас барсан. Гурван эгчийн хувьд хэн нь ч төрийн чухал үүрэг гүйцэтгээгүй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй. 

Харин Ким Жон Ун бага насны гурван хүүхэдтэй гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, 10 гаруй настай Ким Чу-Аэ охин сүүлийн үед аавыгаа дагаж чухал арга хэмжээнүүд дээр харагдах болсон. Ажиглагчид түүнийг ирээдүйн удирдагч гэж харж буй. Энэ үнэн байлаа ч охин нагац эгч шигээ бие даан мэдэгдэл хийж, төлөөлөгчдийг тэргүүлэх хүртэл багагүй хугацаа шаардагдана. Ким Ё Жон л гагцхүү "олимпийн бамбар түүчээлэгч" болоход хамгийн сайн бэлтгэгдсэн нэгэн гэж үзэж байна.

Сүүлийн гурван жилийн турш тэр улс орныхоо гадаад бодлогыг шийдэж, цөмийн товчлуурыг хянадаг ахтайгаа ямар ч саадгүй харилцаж байна. Мөн улс орныхоо тэргүүн цензур, хэвлэлийн төлөөлөгч, элэглэгч, заналхийлэгч, хорон санааг түгээгч хэвээр байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж