Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.07/ Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бид олон улсын байгууллагад Монголын авлигын төсөөллийн индексийг гаргаж байгаа ажлуудыг өдөр тутам хийж байна. Дээр нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-т манайх тайлангаа танилцуулж буй. Хариуцсан ажлуудыг багцлаад яамны байранд мэдээлэл өгч байя. Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, "5Ш" төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. "Шувуу" ажиллагаагаар хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авч ирж, гэм буруугүйн асуудлыг тогтоох зорилготой. Бид анх авлига албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг танилцуулж байсан. Энэ тоо 127 болж өссөн. "
"Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Мөн дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэв.
Зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 хүнийг олж тогтоосон. Мөрдөн шалгах байгууллагаас олж, тогтоон авч ирсэн таван хүн бий. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Нэмж 10 орчим хүмүүсийг авч ирнэ. Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа 47 хүнээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна. Тодруулбал, Казахстанд гурав, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, Хонгконгт хоёр, Японд нэг, Швейцарь, Швед, Малайз, Киргиз улсад тус бүр нэг байна. Эдгээр 25 хүний гадаад паспортыг бүхэл нь хүчингүй болгох бүртгэлийг хийж, холбогдох байгууллагад шилжүүлсэн. Мөн эдгээрийн 12 хүнийг шилжүүлэн авч ирэх, хаяг тогтоогдсон 13 этгээдийг санамж бичгийн хүрээнд тус улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллана. Цаашид 22 этгээдийг эрэн сурвалжилж байна. Сонирхуулахад, Монгол Улс Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс "Go travil" гэдэг программ хангамж байгаа. Энийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг хайдаг программ хангамжийг өөр дээрээ авч, хянана гэсэн үг. Сүүлд Наранхүү гэж нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдах ёстой хүн Хятад руу гарч БНСУ-д очсон байсныг авч ирэхээр ажиллаж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авч ирэхээр ажиллаж байна. АНУ-д ажиллагаа явуулах боломжгүй. Хаана амьдарч байна гэдэг мэдээллийг иргэд ирүүлсэн.Засгийн газраас тодорхой хэмжээний зардлуудыг баталж, шүүхийн шатанд шилжээгүй учраас зардал мөнгийг нэхэмжлэх ажил эхлээгүй байна. Монголд гэмт хэрэг үйлдчихээд гадаадад очоод бас иргэдийг айлган сүрдүүлдэг гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Н.Удаанжаргал Малайз улсад байгаа нь батлагдсан. Бид бичгээр хүсэлтээ явуулсан. Гэм буруугүйн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс өөрсдөө хүндрэл учруулалгүй байх хэрэгтэй. "Шувуу" ажиллагааг Монголд анх удаа хийж байгаа. Нэг удаа Францаас Д.Энхбатыг, АНУ-аас иргэн Батсүхийг авч ирсэн тохиолдол байдаг.
Шүүгч нарын ХОМ шалгах ажлыг хийнэ. Араас нь төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана. Удахгүй эхлэх байх. Би Франц улсад нөлөөлөх боломжгүй. Тухайн улсын иргэд нь хүртэл нөлөөлөх боломжгүй. Иргэн Г.Ган-Очирын талаар хэлэх үг олдохгүй байна, гэр бүлээ санаатай алах шахуу гэмт хэрэг үйлдсэн. Хүн амьдарч байгаа айлыг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан хүн. Энэ хүн ирж, шалгагдах ёстой. Өөр олон үйлдэл бий. Гадаад харилцааны яамны шугамаар мэдээлэл авахад Европын холбоо руу нэвтрэхдээ хил зөрчиж орсон. Мөн тэнд байсан монголчуудын шинэ жилийн баяраар гэр бүлийн хүнийг зодсон учраас хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Би манайд шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр өгсөн. Бид өөр улс орны дотоод хэрэгт оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна.
Нийтийн мэдээллийн тухай хуулиар 68 төрлийн багц мэдээллийг нийтэд ил тод байлгах үүргийг Засгийн газар хүлээсэн. Эс үйлдэхүй гаргаж байгаа хүнд ажлаас халж, арга хэмжээ авах зохицуулалттай.
Койны асуудлыг ялгамжтай шалгаж байна вэ гэхээр анхдагч зах зээл эсвэл хоёрдогч зах зээл дээр койныг гаргасан юм уу, анхдагч зах зээлээс мөнгөө татаж аваад өөрсдөө хэрэглэхээ хэрэглэж, дотроо хувааж авсан уу гэдгээр шалгаж буй. Тэрнээс биш хоёрдогч зах зээл дээр гаргаж, эргэлтэд оруулж байгаа зүйл нь санхүүгийн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Монголд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль гэж баталсан. Хуульд заасан шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бол хууль бус гэж үзэхгүй байх. Цагдаагийн байгууллага дэлгэрэнгүй өгнө. Би өөрөө ч Б.Идэр-Одын талаар мэдээгүй байна.
"Б.ИДЭР-ОДЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, ШАЛГАХ АСУУДАЛ БАЙГАА"
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд:
-Гадаадын иргэдийг хохироож буй хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, би ахалж байгаа. Нийт 56 орчим гэмт хэргийг шалгаж байгаагаас найман хэрэг л үлдээд байна. Бусдыг нь прокурорт шилжүүлж, хэргийг хаасан. Койны асуудалд цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн дээр гэмт хэргийн шинжтэй гэдэг үндэслэлээр шалгасан.
Үүнээс хоёр койны асуудалд бид нотлох баримт байна гэж прокурорт яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн. Яллагдагчаар татсан.
Анхдагч зах зээл дээр мөнгө цуглуулж, хоёрдогч зах зээл рүү койн болгож гаргалгүйгээр иргэдэд тараагаад өгсөн. Энэ бол шинжээчийн дүгнэлтээр тогтоосон учраас гэмт хэрэг үйлдсэн үйлдэлгүй гэж хааж шийдвэрлэсэн. Үлдсэн 22 койны хэргийг мөрдөн шалгаж байна. Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж, шалгах асуудал байгаа. Хаа байгаа газар, хаягийг тогтооно гэсэн үг.
Холбоотой мэдээ