Украины өмнөд хэсгийн Каховка усан цахилгаан станцын далан Мягмар гаригт эвдэрсний улмаас байгууламжаас их хэмжээний ус урсаж, үерийн аюул нүүрлэсэн талаар бид мэдээлсэн. Каховка далангийн эвдрэл нь олон мянган хүний амь амьдралтай холбогдож байгааг НҮБ анхаарууллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс мэдээлснээр Украины өмнөд хэсэгт олон мянган хүн орон гэргүй болж, хоол хүнс, ундны усны хомсдолд ороод байна.
Херсон мужид иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Украины ерөнхий прокурорын орлогч Викториа Литвиновагийн хэлснээр 40 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай аж. Энэ хүмүүсийн 17 мянга нь Украины, 25 мянга нь Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрт тус тус амьдардаг.
Каховка далан нь тариаланчид, оршин суугчид болон Запорожье атомын цахилгаан станцыг шаардлагатай усаар хангадаг. Мөн Крым рүү ус дамжуулах чухал суваг юм. Украины усан цахилгаан станцын даргын мэдээлснээр 4-5 хоногийн дараа усны хэмжээ багасах төлөвтэй байна.
Оросын арми сөрөг довтолгоог зогсоохын тулд даланг зориудаар эвдэлсэн гэж Украины цэргийн тагнуулынхан үзэж байна. Ерөнхийлөгч Зеленский "Далан сүйрсэн нь Украиныг зогсоохгүй. Бид бүх газар нутгаа чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэжээ.
Далангийн гэмтлийн дараа дэлхий дахинд улаан буудай, эрдэнэ шишийн үнэ огцом өссөн байна. Чикагогийн биржийн Мягмар гаригийн арилжаагаар улаан буудайн үнэ 2.4 хувиар өсч, бушель нь 6.39 ам.долларт хүрчээ. Харин эрдэнэ шишийн үнэ нэгээс илүү хувиар өсч, бушель нь 6.04 ам.доллар хүрэв.
Эх сурвалж: BBC