Х.Бумхишиг: Би Ленин оргил руу авирсандаа харамсдаггүй

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Х.Бумхишиг: Би Ленин оргил руу авирсандаа харамсдаггүй

Х.Бумхишиг: Би Ленин оргил руу авирсандаа харамсдаггүй

Үл ялиг удаандуу боловч хоёр хөл дээрээ инээмсэглэн алхах энэ залууг Хорлоогийн Бумхишиг гэдэг. Нисэхийн дэнжийн гол горхинд шумбаж, уулын хаданд авирч өссөн хүү өдгөө дэлхий дээвэр болсон их оргил руу тэмүүлж явна. Одоо 26 настай тэрбээр Киргизийн Ленины оргилд авирсан хамгийн залуу уулчин.

“Уулаа маш их санаж байна. Хотоос гараад машиндаа суугаад гарахад маш сайхан. Ууланд гар утасны сүлжээ барихгүй, толгой амарч тайвширна. Ер нь байгальтайгаа ойр, үгээр илэрхийлэшгүй тийм сайхан мэдрэмжийг авдаг” хэмээн өгүүлэх түүний хувьд 2022 онд Киргизстан, Тажикстаны нутагт орших 7134 метрийн өндөртэй Памирын нурууны Ленин оргилд соло авиралт хийгээд бууж явахдаа 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацсан. Улс даяараа хөдөлж, гуравхан хоногийн хугацаанд монгол уулчнаа аварч байсан цаг саяхан. Ингээд түүний яриаг хүргэе.


-Таны бие дажгүй юу. Ажилдаа орсонд баяр хүргэе. Хэр хугацаанд эмчилгээ хийлгэв?

-Би анх есдүгээр сарын 15-нд эх орондоо ирж, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шууд явсан. Тэр цагаас хойш эмчилгээ хийлгэж, хоёр хөлөндөө дөрвөн ч хагалгаанд орсон. Одооноос л арай гайгүй болж байна. Яг ч бүрэн эдгэрээгүй байгаа. Ажил, амьдралын шаардлагаар тодорхой гам бариад, саяхнаас ажилдаа орсон. Дугуйтай явж, аль болох бага алхаж байна. Нэг л мэдэхэд ууландаа алхах болно.

-Уулчидтай явж байгаад, бууж чадахгүй үлдсэн байна. Хамт явж байсан уулчид хоёр хоног түүнийг хүлээгээд, холбоо тасарсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Уулчин хүн болсон явдлаа ууландаа үлдээдэг гэдэг. Уулын спорт өөрөө үзэгчгүй спорт. Энд зун болж байгаа бол тэнд өвөл болж байдаг. Өндөр ууланд нам даралт багасч, хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэлдэг. Өндрийн өвчин гэж байдаг. Толгой  хүчтэй өвдөх, хий ханиалгах, зүрхний цохилт ихэссэх, толгой эргэх, амьсгалах хамар битүү хэцүү нойргүйтэх гэх зэрэг шинжүүд илэрдэг. Ерөнхийдөө тухайн үед өндрийн нөлөө өгсөн гэж хэлж болно. Би Монголоос наймдугаар сарын 27-нд ганцаараа нисч, наймдугаар сарын 30-нд кемп дээр ирэхэд Ленин оргилын хувьд цаг агаар тогтуун сайхан байсан. Тэгээд маргааш нь дайралтаа хийж, есдүгээр сарын 1-нд кемп гурав дээрээ ирсэн. Би маргааш нь 6600 метр хүртэл авирсан боловч цаг агаарын байдлаас болж буцаад кемп гурав дээрээ амарсан.

Нэг уулчны компанийн найз маань майхангаа авахаар ирэхэд нь ярилцаж байгаад оройн 19 цагийн үед унтсан. Тэгээд л шөнийн 2-3 цагийн үед л байх нэлээд харанхуй, шуурганд 5800 метрийн өндөрт сэрлээ. Би яг юу болсныг санадаггүй юм.

Өөрийгөө хянах чадваргүй болж, майхнаас гарсан эсэхээ санахгүй байгаа. Хөлөн дээрээ босох гэтэл хоёр тийшээ унаад л байлаа. Илья гэж найз маань майхан барьж өгөхөд нь “Та нар явж байгаарай. Би араас нь очъё” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд өндөр орсон хүн чинь нэг хоёр өдөр юу ч бодож чадахгүй хэвтээд л байсан. Арай гайгүй болсон уу бүх юмаа үзэж, гар утсаа асаахад Гадаад харилцааны яамнаас дуудлага ирсэн байсан. Тэгээд ахтайгаа, С.Ганхүү багштайгаа ярьсан чинь “Чи явж чадах уу. Уулнаас бууж чадах уу” гэхэд “Чадна” гэж хариулснаа санаад байгаа юм. Яваандаа алхаж чадахгүй байгаагаа мэдэж, хоёр хөл хөлдсөн юм шиг байна гээд зургийг нь дарж явуулсан.

-Ленины оргилд тав хоног гацсан. Хоол хүнсний нөөц хэр байв?

-Хоол хүнсний нөөц дажгүй ээ. Тор дүүрэн хүнс, өндрийн газны нөөц ихтэй байсан. Өндрийн нөлөө орсон учраас ямар ч хоол идэх боломжгүй. Угаасаа хоол ордоггүй юм билээ. Ус буцалгаж уугаад, унтаад л байсан. Өдөр хоног ч хурдан өнгөрсөн.

-Ганцаараа оргилд авирах шийдвэр гаргасандаа харамссан уу?

-Миний хувьд харамсах юмгүй ээ. Би огт эмзэглээгүй. Энэ бол миний шийдвэр байсан. Би угаасаа чадна гээд л явсан. Өмнө нь багаараа Ленин оргилд авиралт хийж, өндрийн бэлтгэлд нэг сар хамрагдсан. Тэгэхэд цаг агаарын муу, оргилд нь авирч чадаагүй. Дараа нь ганцаараа авиралт хийхээр болсон юм

Хамгийн хэцүү ангал хавцалтай хэсгийг давж, 6400 метрийн өндөрт гарсан учраас “Маргааш өглөө оргил руу дайрна” гэж найздаа хэлээд маш өөдрөг төсөөлөлтэй байсан. Үндсэн оргил нь далайн түвшнээс дээш 7134 метр байдаг учраас нэлээд зайтай.

-Аврах багийнхан хавцал руу өөрсдөө унаж, чаргандаа дайруулангаа алдсан гэсэн?

-Эсэн мэнд яаж бууна аа гэж бодсон. Буух явцдаа ангал руу хальт унангаа алдсан. Аврах багийнхан маань амаргүй замыг туулж, намайг аварсан.

-Дахин энэ оргилд авирах уу?

-Киргизийн Ленины оргилд дахин авиралт хийх бодол байгаа. Нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байна. Уулаа маш их санаж байна. Хотоос гараад машиндаа суугаад гарахад маш сайхан. Ууланд гар утасны сүлжээ барихгүй, толгой амарч тайвширна.

Ер нь байгальтайгаа ойр, маш сайхан мэдрэмжийг авдаг. Өндөр ууланд авирахад уйлж, инээж, ядарч, эрч хүчийг авч үзнэ. Тэгсний эцэст оргил дээр нь гарна.

-Яагаад уулчин болохоор шийдсэн юм бэ. Анх ямар оргилд авирч байв?

-Би анх 2016 онд Богд хан уулын авиралтад явсан. Экстрим аялал, спортод их дуртай. Дугуй цагаан руу 3.5 километр зайтай ч өгсөлт нь 900 метрийн өндөртэй. Иймэрхүү замаар өдөр болгон алхахыг хичээдэг. Хоёр жилийн өмнө уулчдын босго хайрхан гэгддэг Асралт хайрханд авирч, тэнд даарах, хөрөх, ядрах бүхий л мэдрэмжийг авч байлаа. Монгол Улсын дөрвөн том уул нуруудын оргил болох Хүйтэн оргил, Отгонтэнгэр оргил, Мөнх Сарьдаг оргил, Асралт хайрхан оргилд амжилттай авирсан уулчдад “Дөрвөн бэрх" цомыг олгодог гэдгийг мэдээд, цомын эзэн болсон.

Дараагаар 10 оргил дээр авирсан уулчдад “Алтан ирвэс” шагнал гардуулах ёслолын үеэр Лхоце оргилд амжилттай авирсан “Жаргалант” клубийн тамирчин Б.Батхишиг эгчтэйгээ танилцсан. Өнгөрсөн жил Ленин оргилд гарах зургаан сарын вакумжуулсан сургалтад хамрагдаж, энэ клубийн уулчидтайгаа нэгдсэн.

-Одоогийн байдлаар хэчнээн оргилд авираад байна?

-Миний хувьд дотоод болон гадаадын 11 оргилд гарсан.

-Цаашдын хүсэл мөрөөдөл зорилгыг нь сонирхож болох уу?

-Ирээдүйд дэлхийн дээвэр болсон Эверестэд гарах мөрөөдөл бий. Өндөр оргилуудад авирах зардал ч их байдаг. Хамгийн багадаа 45 мянган ам.доллар. Монгол Улсад өндөр уулын спортын дэмжиж, хөгжүүлээсэй гэж хүсдэг. Одоо уулчид маань хувийн хэвшлээс санхүүжилт босгож, авиралтуудаа хийдэг.

Хувийн бэлтгэлээ маш сайн хийсний дараа Монголынхоо сайхан оргилуудад авирна. Би ууланд алхахын төлөө бүхий л зүйлээ дайчилна. Найзуудаараа нийлээд өндөр ууланд алхдаг клуб байдаг. Тэр клубийн үйл ажиллагаандаа илүү анхаарна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж