"Ирэх жилээс өндөр төсөвтэй кино зураг авалтуудыг Монголд хийнэ"

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

"Ирэх жилээс өндөр төсөвтэй кино зураг авалтуудыг Монголд хийнэ"

"Ирэх жилээс өндөр төсөвтэй кино зураг авалтуудыг Монголд хийнэ"

Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс өнөөдөр /2023.06.07/ Үндэсний музейд мэдээлэл хийлээ.


Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.УНДРАЛ:

-Хамгийн анхны олон нийтэд хүрсэн кино бол "Алдагдсан өдрүүд" уран сайхны кино. Энэ уран бүтээлийн төлөөлөл уран бүтээлчдээ урьсан байгаа. Бид тавдугаар сарын 14-26-ны өдрүүдэд Каннын олон улсын кино наадамд оролцоод ирлээ. Засгийн газрын 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Франц улсын Канн хотноо ажиллаад ирлээ. Энэ бол бидний дэлхийн А зэрэглэлийн наадамд орсон хоёр дахь ажил. Кино урлагийн зөвлөл өмнө нь 2022 оны тавдугаар сард дэлхийн А зэрэглэлийн наадамд оролцож байсан. Энэ ажлын багт найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" уран сайхны кино шалгарч, уран бүтээлтэй оролцсон. Павилоноо хоёр дахь удаагаа барьж, орчноо үндэсний хэв загвартай харуулахыг хичээсэн. Хоёрдугаарт, дэмжиж авч явж байгаа уран бүтээлчид маш олон сургалтад оролцох боломжтой байдаг.

Кино урлагийн хуультай болсноор 500 ам.доллараас дээш санхүүжилттэй гадаадын уран сайхны кинонд татварын буцаан олголтыг өгөхөөр болсон.

Хил залгаа улсуудад кино хийх, Монголд хийхэд ямар давуу тал, онцлогтой вэ гэдгийг сурталчлан таниулсан. Каннын кино наадмын үеэр уулзалт хийж, ирэх жилээс өндөр төсөвтэй кино зураг авалтуудыг Монголд хийхээр болсон. Азийн кино консулын холбоог байгуулж, олон улсын зах зээлд кино уран бүтээлээ танилцуулах боломжтой болсон. Мөн яг одоо Японы КВS телевизийн уран бүтээлчид хоёр сарын хугацаанд өндөр хөрөнгө оруулалтыг хийж буй. Энэ бүх зардал Монголд шингэж, эдийн засгийг дэмжинэ гэсэн үг.

Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.ГАНХУЯГ:

-Кино урлагийн зөвлөлөөс 2022-2023 онд уран бүтээлчдийн дунд кино урлагийн төсөл сонгон шалгаруулах ажлыг зарласан. Киноны уран бүтээл, сурталчилгаа, сургалт, кино хөрвүүлэх зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр 67 төсөл ирж, 11 төсөлд эргэн төлөх болон эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй сонгон шалгаруулсан. Үүнээс есөн төсөл нь уран сайхны болон баримтат кино. Сургалтын чиглэлээр цөөн төсөл ирсэн бөгөөд хоёр сургалтыг санхүүжүүлсэн.

Монголын кино урлаг мэргэжлийн, сонирхогчийн түвшинд хийгдэж байна. Бид мэргэжлийн киног дэмжинэ. Өндөр ур чадвараар хийх баг хамт олныг дэмжинэ.

Харин улсынхаа нэр хүндэд сөргөөр хандсан, монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг бууруулсан, монгол ахуй, зан заншлыг гутаан доромжилсон, байгаль, ус, ургамал, ан амьтанд хэрцгийгээр хандсан, бэлгийн гаж үйлдэл, ижил хүйстний амраглалыг дэмжсэн утгатай, архидалт, тамхидалт, мансууруулах бодис сурталчилсан, хүчирхийлэл, алаан хядаан түлхүү харуулсан бүтээлийг дэмжихгүй. Уран бүтээл болгон ямар ч чиглэлээр уран бүтээл хийж болно. Гэхдээ төсөл сонгон шалгаруулалтад ийм төрөл жанрыг дэмжихгүй гэдгийг онцлон хэлье. Кино урлагийн зөвлөлийн гишүүд хонон өнжин, нойр хоолгүй ажиллаж, сонгон шалгаруулалтыг хийсэн.

"ЭНЭ УДАА ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ КИНОНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙ"

Кино судлаач Б.ТҮМЭН-ӨЛЗИЙ:

-Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаас шалгарсан бүтээлүүд буцаан зээлээ төлөх, буцаан олгохгүй гэх хоёр төрлөөр явагддаг. Буцаан олгохгүй нөхцөлөөр санхүүжилт авсан уран бүтээлчид ямар ч хариуцлагагүй үүрэхгүй, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг гэдэг ойлголт төрсөн байхыг үгүйсгэхгүй. Уг сангийн мөнгийг Засгийн газраас олгож буй. Бид продакшн, уран бүтээлчидтэй маш хатуу гэрээ хийдэг. Хэрвээ тухайн бүтээл цагтаа гараагүй бол санхүүжилтээ буцаан төлөх үүрэгтэй. Гэрээнд маш нарийн асуудлыг тусгасан.

Уг сангийн төсөв 10 тэрбум гэж байгаа боловч өнгөрсөн жил Засгийн газар 1.4 тэрбум гаруй төгрөг олгосон.

Нийт 10 тэрбумын тавыг буцалтгүй, тавыг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг юм. Энэ жилийн хоёр дахь сонгон шалгаруулалт тавдугаар сарын 31-нд зарласан. Кино бүтээх төсөл, кино наадам, сургалт, кино наадам, сургалтад оролцох, хамтарсан кино төсөл гэсэн дөрвөн төрлөөр олгоно. Энэ удаа телевизийн цуврал кинонд санхүүжилт олгохгүй. Кино уран бүтээлчид төслөө бичихдээ маш чамбай хандах хэрэгтэй. Бид вэб сайт дээрээ зөвлөмжийг гаргаж, загвар гаргасан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж