Канадын ой хээрийн түймрийн утаа өнгөрсөн хоёр хоногт АНУ-ын баруун дунд болон зүүн хойд хэсгийн томоохон хэсгийг бүрхэж, нар мандах, жаргах үед өтгөн манан үүсгэжээ. Түүнчлэн дор хаяж найман мужид агаарын чанарыг эрс муутгаж, хүүхэд, зүрх, уушигны өвчтэй эсвэл 65-аас дээш насны хүмүүс гэх мэт эмзэг бүлгийнхнийг гадаа өнгөрөөх цагийг хязгаарлахыг эмч нар анхааруулсан байна. "AccuWeather" агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Делавер, Нью-Жерси, Нью-Йорк, Коннектикут, Массачусетс, Род-Айленд, Вермонт, Нью Хэмпшир зэрэг мужуудад агаарын чанарын үзүүлэлт "эрүүл мэндэд хортой" түвшнийг зааж, сэрэмжлүүлэг гаргажээ.
Одоогийн байдлаар Канад даяар 414 идэвхтэй хээрийн түймэр асч байгаа бөгөөд талаас илүү хувь нь (241) "хяналтаас гарсан" гэж үзэж байна. Түймрийн улмаас есөн сая гаруй акр талбай шатаж, 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Нова Скотид дор хаяж 14 ой хээрийн түймрийн утаа зүүн хойд нутгаар тархсан бөгөөд Вермонтоос Коннектикут хүртэлх оршин суугчид гашуун утаа үнэртэж байгаагаа мэдэгдсэн байна. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, Пенсильвани, Нью-Жерси, Мичиган, Вашингтон, Аляска зэрэг таван муж халуун, хуурай, тогтворгүй цаг агаарын нөхцөл байдлын улмаас өчигдөр тэнгэр улаан өнгөтэй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS
Холбоотой мэдээ