"Хөгжлийн банкны хэргийн хавтаст хэрэгт хууль зөрчсөн тохиолдлууд байна"

Live"Хөгжлийн банкны хэргийн хавтаст хэрэгт хууль зөрчсөн тохиолдлууд байна"

16 : 25
2023-6-7

Эцсийн байдлаар хууль зүйн дүгнэлтийг харгалзаж үзэхийг хүсч байна

Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Энхцэцэг:

-Миний үйлчлүүлэгч Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдоод байна. Тиймээс энэ гэмт хэрэгт холбогдолгүй гэдгийг нотлож, цагаатгах үүднээс шүүх хуралд оролцож байна. 

Нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хор уршиг учирсан тохиолдолд хариуцлага тооцно гэж заасан байдаг. 

Мөн бусдад хор уршиг учруулсан тхоиолдолд субьектив байдлаас харгалзаж үзнэ. Гэмт хэрэгт хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран оролцсон тхоиолдлыг мөн зааж өгсөн. Тэдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт үнэхээр нотлох баримтаар нотлогдсон зүйл байхгүй байна. Тиймээс Бэрэн групп ХХК-д зээл олгосон баримтыг шүүж үзлээ. Энэ баримтуудад тогтоол болон бусад эрх зүйн зарим баримт бичгүүд байна. Мөн зээлийн хорооны шийдвэр, хууль зүйн дүгнэлт л байгаа юм. Тиймээс эцсийн байдлаар хууль зүйн дүгнэлтийг харгалзаж миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй болохыг тогтоож өгөхийг хүсч байна. 

15 : 34
2023-6-7

Шүүх хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй

М.Баянмөнхийн өмгөөлөгч Соёл-Эрдэнэ:

-Миний үйлчлүүлэгч М.Баянмөнх нь монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д зааснаар яллах дүгнэлтийг хүлээн авч оролцож байна. Хувийн байдлын хувьд М.Баянмөнх нь 57 настай. Холбооны бүгд найрамдах герман улсад хүнд үйлдвэрийн технологич мэргэжлээр боловсрол эзэмшсэн. 2012 онд эх орондоо Германаас ирж үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байхдаа Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны ТУЗ-д томилогдон нэг жилийн хугацаанд ажилласан. М.Баянмөнхийн хувьд өндөр хөгжилтэй оронд суралцаж, ажиллаж, амьдарч байсан хүний хувьд эх орондоо гангийн үйлдвэр барих дотоод итгэл үнэмшилтэй байсан. 2014 онд энэ төсөл дээр санал авахад Хөгжлийн банкны ТУЗ-өөс ганцхан санал өгсөн байдаг. Бэрэн групп ХХК-ийн тухайн үеийн зээл хугацаанаас хойш есөн жил өнгөрсөн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг харгалзаж үзэх болов уу гэж найдаж байна. 

Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар манай үйлчлүүлэгч ажилласны төлөө хариуцлагагүй байсан мэт яллаж байна. 

М.Баянмөнх гэдэг хүн банзийг төлөөлөх эрх бүхий ганц хүн биш. Прокурор таамгаар бусдыг яллаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүн эх орондоо хийж бүтээх гэсэн итгэл үнэмшлийг таамаглалаар няцааж байна гэж харж байна. Зээлийн гэрээ гэдэг бол эрх зүйн харилцаа. Эрсдэлтэй зээл олгосон нь эрүүгийн хэрэгт шууд хамаарах нөхцөл биш. Нэг удаа ТУЗ-ийн хуралд миний үйлчлүүлэгч оролцсон. Хуулийн дагуу оролцсоныхоо төлөө хэлмэгдэнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэдгийг хүсч байна. 

Шүүгдэгч Найдалаагийн өмгөөлөгч Үлэмж:

-Үйлчлүүлэгчийн маань гэм буруутай нь тогтоогдоогүй. 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулиар ТУЗ-д зээл олгох эрх бий. Гэтэл тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрмийн дагуу зээл олгосны төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд шүүх хурал үргэлжилж байгаа ч прокурор шууд таамаглалаар дүгнэлт гаргаж байна. 

2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар Бэрэн групп ХХК-д хууль зөрчиж зээл олгосон гэж байгаа. 

Үнэндээ энэ нь нотлогдоогүй. Чанаргүй болсон зээлийг олгох үеэр ТЭЗ-д байсныхаа төлөө ял шийтгэл авна гэдэг утгагүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсч байна. 

14 : 24
2023-6-7

Авлига өгсөн, авсан гэмт хэрэг хийсэн хүмүүсээ л шалгах ёстой

Өмгөөлөгч Ариунболд:

-Авлига өгсөн, авсан гэмт хэрэг хийсэн хүмүүсээ л шалгах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх явц Үндсэн хуулийн дагуу явагддаг. Үндсэн хуулийн 16.1.14-д нотлох баримтыг шалгуулах эрхтэй гэж заасан байдаг. Мөн 38.2-т Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ эрхийг өнөөдрийг хүртэл шалгаж өгөхгүй байгаа. Яллах дүгнэлтэд мөн дурдаагүй. Засгийн газар бол бодлогын байгууллага. 

Тиймээс нийт өмгөөлөгчдийн хэлж байгаа хүсэлтийг харгалзаж олны өмнө зохиомлоор яллахаа зогсоохыг хүсч байна. 

Банкны зээлийн эдийн засагч зээлийн материал судлаад энэ зээл боломжтой байна гэж үзээд дараа нь дахин өөр эдийн засагч судлаад шинжээч оруулаад боломжгүй байжээ гэх дүгнэлт гаргасан. Энэ шалтгаанаар хүнийг яллаж болохгүй. Хүнийг яагаад буруугаар шийтгэв гэдэг асуудал үүсч байна. 

Ч.Нэргүйн өмгөөлөгч О.Баярбаясгалан:

-Бэрэн группийн зээлийг эрсдэлтэй зээл гэдгийг миний үйлчлүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан эсэх асуудал. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл ямар эрхтэй болох, Нэргүй нь дүгнэлт гаргасан эсэх асуудлаар өмгөөлөл хийнэ. Миний үйчлүүлэгч 2012-2015 онд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа Бэрэн групп компанид давуу байдал олгож зээл олгосон гэдэг асуудал. Ч.Нэргүй нь энэ хэрэгт ямар гэм буруутай болохыг улсын яллагч тогтоогоогүй. Хавтаст хэрэгт дурдаагүй. Эрүүгийн хуулийн_ ерөнхий ангийн 2.1-д зааснаар "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж хуульчилсан. 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн ТУЗ Бэрэн групп ХХК-ны төмөрлөгийн үйлдвэрийн төслийн зээл эрсдэлтэй талаар танилцуулаагүй талаар. Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ тогтоол гаргахад Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Бэрэн групп ХХК-ийн Төмөрлөгийн үйлдвэрийн эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/14/417 дугаартай зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлт, Зээлийн газрын байгууллагын дүгнэлт Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулга зэргийг ТУЗ-д танилцуулсан гэж нотлох баримт байхгүй. 

ТУЗ-д тухайн зээл олгох эрсдэлтэй талаар танилцуулагдаагүй. ТУЗ-д эрсдэлтэй гэж танилцуулсан талаарх ямар ч нотлох баримт байхгүй байна. 

Энэ нь зөвхөн прокурорын өөрсдийнх нь таамаглал юм. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д зааснаар эргэлзээгүй нотлогоог тал бүрээс нь нотлох ёстой гэдгийг хэлмээр байна. Гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэх вий. Хүнийг хилс хэрэгт яллах вий гэдгийг хуульд нотлох баримтаар баталгаажуулахыг заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Тодруулбал, 16.2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал. Мөн 16.2.1.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох ёстой. 

Дээрх баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнэхэд нэгдүгээрт, миний үйлчлүүлэгч Ч.Нэргүй нь Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Бэрэн групп ХХК-ийн төсөлд олгох 22,7 сая ам.долларын зээлд зөвшөөрсөн санал өгөхдөө албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласан үйл баримт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй. 

2. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь Бэрэн групп ХХК-ийн зээлийг ТУЗ-д танилцуулахдаа Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/14/417 дугаартай зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлт болон Зээлийн газрын байгууллагын зээлийн танилцуулгад эрсдэлтэй гэсэн санал дүгнэлтийг танилцуулаагүй. Бэрэн групп ХХК-ийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг ТУЗ-д эрсдэлтэй гэж танилцуулсан талаар нотлох баримт байхгүй. Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Ч.Нэргүйд яллах дүгнэлт үйлдэхдээ нотлох баримтад биш зөвхөн таамаглалд үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Тиймээс хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсч байна. 

 

13 : 43
2023-6-7

О.Батбаатарыг цагаатгах үндэслэл хэд хэдэн зүйл дээр тогтоогдож байна

О.Батбаатарын өмгөөлөгч Амарбаяр:

-Шүүгдэгч Батбаатарыг хоёр төсөл хөтөлбөр дээр буруутгаж байгаа. Ямар үндэслэлээр буруутгаж байна вэ? гэхээр зээлийн бартцаа хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, авах ёсгүй барьцаа хөрөнгийг барьцаалсан гэдэг. Нотлох баримтыг хянан шалгах үеийн хуралдаанаар гэрчүүд хэлсэн. Зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэх тухай журам гээд 2018 оны Хөгжлийн журамд зааснаар дагалдах барьцаа хөрөнгө болон үндсэн барьцаа хөрөнгийн агуулга нь тодорхой байж байдаг. Гэтэл энэ тодорхой байгаа үндэслэлтэй зүйлийг нь мөрдөн байцаалтын явцад шинжээч томилохдоо шинжээчийн гаргасан дүгнэлт нь энийг харалгүйгээр тэс өөр журмаар үнэлж буруутай байдлаар барьцаа хөрөнгийг үнэлсэн байна гэдэг. 

Урьдчилсан шатны шүүх хурлын үеэр ч бид хэлж байсан. Шинжээч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж О.Батбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсч байна. 

Шүүгдэгч Эрдэнийн өмгөөлөгч:

-Инжир ХХК-тай холбоотой болж өнгөрсөн үйл явдлын бодит нөхцөл байдал, прокурорын ялын дүгнэлтийн талаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэдгийг нотлох үүднээс өмгөөлөл явуулж байна. 2017 оны долдугаар сар Инжир ХХК-ийн удирдлага болох Батбаатар, өлзий нар өөрсдийн танил Гэрэл гэх хүнээр дамжуулж миний үйлчлүүлэгч Эрдэнэтэй уулзаж, танилцсан. уулзалтын зорилго нь хэрэгжүүлэх төсөлдөө санхүүжилт шаардлагатай байгаа. Төсөлд санхүүжилт хайж хоёр жил явсан ч зээл олгох нэгж олдохгүй байна. Тиймээс бид Хөгжлийн банканд 2-3 удаа хандсан учир манай компанид туслаач гэдэг хүсэлт тавьсан. Улсын яллагчийн ярьж байгаа шиг Эрдэнэ өөрийн хүсэлтээр эдгээр хүмүүст зээл олгох ажиллагаанд оролцоогүй. Ямар үйлдэл дээр оролцсон талаар дэлгэрэнгүй хэлэх нь зүйтэй болов уу. Улсын яллагчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Эрдэнэ хахууль өгсөн гэсэн. 2017 оны долдугаар сард Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг судалсан. Эрдэнэ өөрөө хуульч хүн. Судалгааны явцад олж мэдсэн зүйлээ тодруулахаар Х.Ганхуягтай холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан. Хөгжлийн банкны зээл яаж гарч байна, ямар материалыг үндсэлэж, нөхцөл шалгуурыг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг судалсан. Энэ хүрээнд Инжир ХХК-д зөвлөсөн. Дутуу материалаа бүрдүүлэх шаардлагатай талаар зөвлөгөө өгсөн. 

Эрдэнэ зээлийн материалуудыг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. 2017 оны долдугаар сарын 12-нд зээлийн хүсэлт Хөгжлийн банканд очсон. Үйл явдал цааш 2017 долдугаар сарын 29-ний өдөр Эрдэнэ япон улсад ажиллаж, амьдрахаар явж үргэлжилсэн. 

Энэ нь тухайн компанитай биечлэн уулзаагүй болохыг нотолж байна. Эрдэнийг тагнуулын байгууллагуудын хэлтэст ажиллаж байсан гэх нөхцөл байдал гарсан. Энэ бол мушгин гуйвуулсан, ялын зүйлчлэлийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Хавтаст хэргийн 313 хуудаст байгаа монгол улсын Гадаад харилцааны яамны мэдээлэлд Эрдэнэ Япон улсад Элсин сайдын зөвлөх хийхээр томилогдсон тухай баталдаг. Мөн 
гадаад харилцааны сайдын тушаалаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн тушаал гарч тухайн үед Япон улсад зөвлөхөөр томилох тухай шийдвэр гарсан. Ийм л үйл явдал болсон. 

Зээлийн тухайд Инжир ХХК-ийн зээл таван сар судлагдаж 2017 оны арванхоёрдугаар сард гарсан байдаг. Тухайн хугацаанд Эрдэнэ тус компанитай холбогдоогүй. 

Цаг хугацаа, нотлох баримт хоёрыг яаж ч ашиглаж болно. Гэхдээ бодит үнэн нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргах ёстой. Инжир ХХК-ийн зээлийн гэрээ байгуулагдаж, санхүүжилт орж ирснээр 179 мянган ам.долларыг өгсөн. Үүний 50 хувийг Эрдэнэ авсан. Эрдэнэ бол нийтийн албан тушаалтан биш. Нэг ч баримт энэ хавтаст хэрэгт дурдаагүй. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзаж хууль эрх зүйн хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх хүсэлтэй байна. 

11 : 23
2023-6-7

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэн харах шаардлагатай

Яллагдагч Батбааатрын өмгөөлөгч Гансүх:

-Улсын яллагдагчийн зүгээс миний үйлчлүүлэгчтдхоёр хэргийг хамааруулж байгаа. Эдгээр үйл хэрэгт холбогдолгүй гэдэг үндэслэлээр цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцож байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 06 тоот яллах дүгнэлт байгаа. Яллагдагч Батбаатар нь Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллах байх үедээ Батбаяр, Энхбат, Чойжилжалбуу, Будхүү, Цогтбаатар, Мягмаржав зэрэг хүмүүстэй урьдчилан үгсэн тохироогүй ч үйлдлээрээ эвсч, Газ импорт компанийн захирал Мягмардоржид давуу байдал бий болгож, 490 сая 926 мянган төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Мөн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа зарим хүнтэй үгсэн тохирч, Хөгжлийн банканд 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үззж Эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа. 

Нэгдүгээрт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч нарыг хэзээ, хэнд, хэдий хэмжээний хохирол учруулсан талаар нэг ч удаа яригдаагүй. 

Улсын яллагдагч нар зөвхөн яллах дүгнэлтийг уншсан. Харин гэм буруугийн хэргийг уншаагүй. Яагаад энэ гэмт хэргийг үйлдэх болов гэдэг нөхцөл байдлыг ярьсангүй гэж харж байна. Энэ бол миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж үзэх эхний шалтгаан болж байна. Миний үйлчлүүлэгч Батбаатар нийтийн албан хаагч биш. Хөгжлийн банкны тухай хуулийн 11.1-д зааснаар банк төлбөр тооцоог хуульд заасны дагуу зохицуулж байгаа. Тэгэхээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаас харвал нийтийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлсэн хүнийг нийтийн албан тушаалтан гэж харж болохоор байна. Хөгжлийн банк нийтийн эрх ашгийг харгалзаж шийдвэр гаргана гэсэн заалт байхгүй. Тиймээс миний үйлчлүүлэгч нийтийн албан хаагч биш учир гэм буруугүй гэж үзэж байна. 

Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хор уршгийн мэдээллээс харвал хохирогч талын шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэг, байр сууриас харвал хохирлын дүнг л харж байна. Эрүүгийн хуульд зааснаар энэ зохицуулалт нийцэхгүй. 

Шүүхийн практикт ч хор уршгийн тооцооллыг Хөгжлийн банкны тухай хуультай адилаар тооцож байгаагүй. Тиймээс шүүх бүрэлдэхүүн энэ тохиолдолд хууль ёсны дүгнэлт хийх байх гэж найдаж байна. 

10 : 49
2023-6-7

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагаатгах хүсэлтээ өмгөөлөгч нь илэрхийлэв

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын өмгөөлөгч н.Хүрэлбаатар:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа Н.Мөнхбатын хууль ёсны эрх ашгийг хангаж өмгөөллөө хийж байна. Түүнийг буруутгаж байгаа гурван үйлдэл дээр гэм буруугүй гэж үзэж цагаатгахыг хүсч байна. Нэгдүгээрт, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Батбаяр, Шинэбаатар нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг гаргаж шийдвэрлэн, хувь компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Батбаяр, Шинэбаатар нараас өгсөн хууль бус үүргийн дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээл олгосон. Эрдэнэс Монгол компанийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Говийн зам Энержи ресурс ХХК-иас бодит өртгөөс өндөр үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан асуудал. 

Бүлэглэсэн үйлдлийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Говийн зам ХХК-д давуу байдал олгосон гэж байгаа. Гэтэл Н.Мөнхбат бол тус компанитай гэрээ байгуулаагүй, эрх зүйн ямар нэгэн гэрээ хийгээгүй байгаа учраас буруутгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 

Н.Мөнхбатын хувьд Говийн зам ХХК-ийн данс руу мөнгө нэг ч удаа шилжүүлээгүй бөгөөд Эрдэнэс монгол компани тус заасан үнээр нь худалдаж авсан байдаг. Захирлын албан тушаалд байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж байгаа. Гэтэл Ерөнхий сайд, өөрийн шууд удирдлага бүхий Эдийн засаг хөгжлийн сайд, Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлдэг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг энэ хүн биелүүлдэг. Гэтэл яагаад хамтарч оролцсон, бүлэглэсэн гэж үзээд байгаа нь учир битүүлэг байна. Тиймээс энэ хэргийг нотлогдоогүй гэж үзэж байна. 

Яллах дүгнэлт маш олйгомжгүй. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч. Тиймээс Засгийн газраас гаргаж байгаа тогтоол шийдвэрийг Хөгжлийн банк хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ хэрэгжүүлсний төлөө яллах боломжгүй юм. 

Дараагийн асуудал бол зээл олгосон гэх процесс буюу Иргэний хэргийн хянан шийдвэрлэх зүйл. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ үүргийн дагуу хийгдэж, зээл авах, төлөх үйл ажиллагааг бүхэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мэт үзэж ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэх хууль зүйн дүгнэлт байна. 

Н.Мөнхбатыг буруутгаж байгаа үйлдлүүд гэм буруугийн шинжгүй бөгөөд буруутай нь нотлогдохгүй, тогтоогдохгүй байгааг харгалзаж, хэргийг цагаатгаж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргэжиж байсан Эрүүгийн тухай хуульд зааснаар Н.Мөнхбатад оногдуулах эрүүгийн хариуцлагыг тодорхойлж, зүйлчлэлийг нь өөрчилж өгөх хүсэлт гаргаж байна. 

Шүүгдэгч Амгалангийн өмгөөлөгч Энхчулуун:

-Миний хувьд өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргийг цагаатгах үүднээс өмгөөлөл хийнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.3-д заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг харгалзаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан байдаг. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа үйл баримтыг товч дурдъя. Д.Амгалан нь нийтийн удирдлагын газрын актив, пассив хөрөнгийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн банкны тухайн хуулийн 7.1, 7.2 заалтууд болон 21 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны дүрэм журамтай холбоотой заалтуудыг харгалзаж хэрэгжилтийг хангаж, санхүүгийн эрсдэлийг бууруулах хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан. Мөн Банкны тухай хуулийн 6.6.1-д зааснаар Монголбанкны зөвшөөрөлгүй дараах үйл ажиллагааг эрхэлнэ. 6.1.1 Мөнгөн хадгаламж гэснийг Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны тушаалаар батлагдсан 2.2.1, 3.1.1, 4.4.1, 4.4.2, 4.4.3-т заасныг зөрчиж, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны зургадугаар сарын 25-ны тоот тушаалын 2.10.2-т мөнгөн хадгаламжийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжийг эх үүсвэрт татахгүй байх гэснийг тус тус зөрчиж Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд н.Батбаярт актив, пассив хөрөнгийн газрын захирал Чойжилжалбуу, тус газрын ахлах мэргэжилтэн Хүчитбаатар нартай бүлэглэж мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар Хөгжлийн банкны захирал нартай хамтарч хууль бусаар гэрээ байгуулсан гэсэн. 

Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд улсын яллагдагчийн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 

Энэ хэрэгт үндсэндээ дөрвөн субьект татагдсан. Газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн. Энэ дөрвөн субьектын хариуцсан үйл ажиллагаа өөр, өөр. Тиймээс яллах дүгнэлтийг нэг үндсэлэл болгож байгааг дэмжихгүй байна. Банкны тухай хуульд заасан мөнгөн хадгалмжийн ойлголт бол өөр асуудал гэдгийг нотлох баримт судлан шинжлэх үеэр ч хэлсэн. Тусгай зөвшөөрөлтэй банк гэрээний үндсэн дээр иргэдийн итгэлийг дааж мөнгөн хадгаламж татаж байгаа нөхцөлд заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Энэ бүхэн дээр үндсэлэж харвал хавтаст хэрэгт авагдсан баримтууд нотлогдохгүй байгаа юм. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэн харах шаардлагатай. Гэрээний энэ зүйл заалтын энэ хэсэгт ийм зүйлс байна гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн банкны ийм ийм заалтыг зөрчсөн гэдэг ойлголтыг миний үйлчлүүлэгчийн хавтаст хэрэгт ерөөсөө дурдаагүй. Түүнээс гадна шинжээч Өсөхбаярын гаргасан шинжээчийн дүгнэлт байгаа. Бид энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдааны үеэр бид асуухад "Тухайн шинжээч надад ямар нэгэн тусгай мэдлэг байхгүй. Банкны салбарт ажиллаж байсан туршлага дээрээ үндсэлэж гаргасан гэсэн". Үүгээр хууль зөрчсөн болох нь тодорхой харагдаж байна. Д.Амгалангийн холбогдсон гэмт хэрэг үйлдлээрээ нэгдсэн гэж заагаагүй учир санаатай гэмт хэрэ гэж үзэж байна гэж ойлгож байгаа. Тиймээс хэргийн оролцогчдын идэвхтэй үйл болоод гэмт хэргийн нотлох баримт хангалтгүй байна. 

Мөн хавтаст хэрэгт явж байгаа нэр томъёоны журам болоод бусад зүйлсийг тодотгож өгмөөр байна. 

Энэ бүхнээс дүгнэхэд миний үйлчлүүлэгч Чингис хаан банканд ямар нэгэн давуу байдал олгоогүй нь батлагдаж байгаа юм. Өөрийн албан тушаалын үндсэн эрх үүргээ урвуулан ашиглаж эсвэл албан тушаалын байдлаа хэтрүүлж, өрсөлдөж байгаа болон санал ирүүлсэн банкуудын хооронд энэ хэрэг яригдана. Тиймээс миний үйлчлүүлэгч Д.Амгалан энэ хэрэгт холбогдолгүй. Учир нь Д.Амгалан нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш бөгөөд зөвхөн удирдлагаас ирсэн үүргийн дагуу ажилладаг. Энэ бүх зүйлсийг харгалзаж миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгөхийг хүсч байна. 

09 : 52
2023-6-7

"Хөгжлийн банк"-ны шүүх хуралдаан үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 37 дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүгдэгч н.Шинэбаатарын өмгөөлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч н.Ууганцэцэг:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 24 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанаар хавтаст хэрэг авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан өмгөөллөө хийх гэж байна. Миний үйчлүүлэгч н.Шинэбаатарыг дөрвөн үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Цэцэгмаа өмгөөлөгчийн тухайд Эрдэнэс монгол болон Бэрэн группэд зээл олгоход давуу эрх олгосон гэх хэргийн дүгнэлтийг танилцууллаа. Миний хувьд Кью Эс Си компанид давуу байдал олгосон, Нью Яармаг хаус прожектод давуу байдал олгосон гэдэг хоёр үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийнэ. 

Кью Эс Си компанийн үйлдлийн хувьд Шинэбаатар Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үед хамаарна. Түүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.1-д заасан тендер зохион байгуулах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэр 2016 онд 100 хувь төрийн өмчид шилжсэнтэй холбоотой худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулдаг болсон. 2016 оныг дуустал Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагааг огт тендерээр зохион байгуулж байгаагүй. Энэ тухайд гэрч, Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга мэдүүлэг өгсөн. Магадгүй Кью Эс Си компани зөвхөн тендерт оролцож шалгарахгүйгээр энэ үйл явц болсон бол хардах үндэслэл болно. Гэтэл гэрчийн мэдүүлгээр ч тухайн онд буюу 2016 онд худалдан авах ажиллагааны тендер зарлаагүй нь нотлогдсон. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад алдаа дутагдалтай байсан нь тодорхой болж байна. 

Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэрэг маань салбар эрх зүйн зөрчлүүдэд хамаарч байгаа юм. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр хариуцлагыг тодорхой тусгасан байдаг. 

Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд албан тушаалтад сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцно. Мөн Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн шинж нь гэм буруугийн субьектив. Тэгэхээр 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол албаны эрх ашиг, заалтад хамаарах ёстой. Би үүнийг худалдаж авснаар Эрдэнэт үйлдвэрт ийм хэмжээний хохирол учирна. Тэрнь бол хамаагүй. Би зөвхөн Кью Эс Си компанид давуу байдал олгох ёстой гэсэн зүйл байх ёстой. Гэтэл Шинэбаатарын тухайд албаныхаа эсрэг биш шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа бүх хүний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. 2016 онд Эрдэнэт үйлдвэр гурван биллиаць авахаар төлөвлөсөн. Тухайн онд зэсийн үнэ шалдаа хүртэл унаж, хөрс хуулалтын ажил 26 хувиар нэмэгдсэн. Тиймээс хөрс хуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай болсон байгаа юм. Шинэбаатарын тухайд 2016 оны долдугаар сард ажлаа хүлээж авсан. Гэтэл наймдугаар сараас нь тус худалдан авах ажиллагааг яаралтай хийх хүсэлтүүдийг тавьж байсан. Тэр үед нь Кью Эс Си компаниас хүсэлт ирсэн. Тэр хүсэлтийн дагуу гэрээ хийхдээ худалдан авах ажиллагааны үнийг тохирох, бусад шаардлагатай зүйлсийг тохирох шийдвэр гаргасан. 

Прокурор гэтэл буруутгаад байгаа. Угтаа бол Шинэбаатар албан бичиг дээр нь хуучин, шинэ гэсэн үг байхгүй. Шинэбаатар тухайн төхөөрөмжийг хуучин гэж үзэх ч үндэслэл байхгүй. Тухайн үед нөхцөл байдлыг харгалзаж ажлын хэсгээс очиж танилцаад худалдан авах ажиллагааг хийхээр болсон. Нэгдүгээрт, тухайн үед шууд үйлдвэрлэгчээс тухайн тоног төхөөрөмжийг авах боломжгүй байсан. Прокурорын дүгнэлтээр шууд үйлдвэрээс нь тухайн төхөөрөмжийг худалдан авах ёстой байсан гэж буруутгаж байна. 

Мэдүүлэгт холбогдох бүх хүн хэлсэн байна. Шууд худалдан авалт хийхээр үйлдвэртээ удаа дараа холбогдсон ч гэрээт түншээр авах шаардлага тавьсан. Монголд ганц л компани тэр машиныг албан ёсны эрхтэй оруулж ирдэг. Тухайн компани нь 2016 онд тэр техникийг хоёр сая ам.доллараар зарж байсан. Харин Кью Эс Си компани 1,8 саяар авсан. Тиймээс энэ хэрэгт субьектив талыг харгалзаж үзэхийг хүсч байна. Эрдэнэт үйлдвэр мөн дотооддоо нэг журам гаргасан байна лээ. Ямар үед гэнэтийн болон давтагдашгүй гэж үзэж худалдан авалт хийх талаар заасан. 2013 онд батлагдсан тус журам дээр нь зааснаар шинжлэх ухаан инновацийн комисс гэж бий. Гэтэл тэр комисс нь 2015 онд үйл ажиллагаа явуулахаа больчихсон. Зөвхөн шинэ бүтээл, туршилт хийж, худалдан авах ажиллагаа хийхээ больсон.

Хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд ч хэлж байгаа. Тэгэхээр Шинэбаатарт холбогдох хэргийн 2.1 дүгээр заалт үгүйсгэгдэж байна. 

Одоо энэ хэрэг шалгагдах болсон нөхцөл нь 2016 онд Сангийн яамаар ахлуулсан мэргэжлийн хяналтын ерөнхий газар, татварын ерөнхий газар, гаалийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг илрүүлсэн. Тухайн үед ажлын хэсэг худалдан авах ажиллагааг шууд явуулсан нь зөв эсэхийг тогтоохын тулд хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн юм байна лээ. Энэ шалгалтад орж байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхдөө бид мэргэжлийн хүмүүс биш учраас энэ худалдан авах ажиллагааг зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. 

Прокурорын шинжээчийн дүгнэлт асуултаасаа эхлээд хууль бус гэдэг нь тогтоогдож байна. 

Прокурор асуулт тавихдаа энэ тээврийн хэрэгслийн захзээлийн үнэлгээ хэд вэ? гэж л асуулт тавих ёстой. Гэтэл прокурор тээврийн үнэлгээ, зах зээлийн үнэ анхны өртгөөс элэгдэл, хорогдлыг тооцож гаргасан эсэхийг асуусан байгаа юм. Би нэг жишээ авч үзье. 2020 онд хоёр өрөө байр 100 сая төгрөг байсан. 2023 онд нөгөө байраа зарах гэсэн 150 сая төгрөг болж байгаа гэж бодъё. Гэтэл шинжээч ингэхгүй ээ, анх та 100 сая төгрөгөөр орон сууц авч, гурван амьдарсан учраас элэгдэл, хорогдлын 10 хувиа хасаад 90 сая төгрөгөөр зар гэж буруутгаж болох уу. Тийм боломж байхгүй шүү дээ. Зах зээлийн үнэлгээ гэдэг эрэлт, нийлүүлэлтээс л хамаарч байгаа. 

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн ч хэлсэн. Тиймээс энэ нөхцөлд эдийн засгийн алдагдал үйлдвэрт учирсан гэх ямар ч зүйлээр нотлогдохгүй байна. 

Миний үйлчлүүлэгч Шинэбаатар тухайн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор энэ компанийг битгий хянаж шалгаарай, техникийн үнэлгээг хэлсэн үнээр нь л аваарай гэсэн зүйл байхгүй. Ингээд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдож байгаа юм. Энэ хэрэгт мөрдөгч хэргэсгэхгүй болгох саналыг дөрвөн удаа оруулж ирсэн. Хамгийн сүүлд 2019 онд энэ хэрэгт тавьж байсан прокурор хэрэгт холбогдох бүх хэргийг шалгаж үзэхэд Шинэбаатарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр биш гэм буруугүй гэдэг нь тогтоогдож байна гэж үзсэн. Гэтэл хэргийг дахин сэргээсэн. 

Ер нь хэргийг дахин шинээр сэргээнэ гэдэг маш төвөгтэй процесс. Өмгөөлөгч бид хүртэл олон шат дамжлагаар явдаг. Гэтэл дээд шатны шүүхээс ганцхан өгүүлбэр тавиад л хэргийг дахин шинээр шалгахаар болдог. 

Сэргээгээд тэгвэл ямар шинэ нотлох баримтыг хийсэн гэдгийг хавтаст хэргээс харлаа. Нотлогооны бүрэн эрхийн хязгаарт хамаарахгүй зүйлсийг оруулсан байна. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 41 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Шинэбаатарыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн заалтуудыг зөрчиж, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015оны есдүгээр сарын 22-ны 79 дүгээр тогтоолоор битүүжлэлтэй байршуулсан хөрөнгийг барьцаалан зээл авах хүсэлтийг олгосон гэх. Прокурорууд ТУЗ-ийн шийдвэрийг зөвхөн Шинэбаатар гаргасан гээд буруутгаад байгаа. Гарын үсэг зурсан нь ганцхан хүн боловч үүнийг зөвлөл гаргаж байгаа. Шинэбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан гээд байна. Даргын бүрэн эрх гэсэн заалт хуульд ч байхгүй. Зөвхөн төлөөлөн удирдөх зөвлөлд л бүрэн эрх олгосон байдаг. ТУЗ-ийн 3/2-оор асуудлыг шийдвэрлэнэ. Хурал хийгээгүй бол Шинэбаатар гэдэг хүнийг яллаж болно. Харин ТУЗ хуралдаж, санал хураалт явуулсан тохиолдолд Шинэбаатарт ял оноох боломжгүй гэсэн үг. Тиймээс Нвю Яармаг прожект төсөлд давуу байдал олгосон гэх хэрэг мөн л үгүйсгэгдэж байна. 

Хоёрдугаарт, хор уршиг учирсан гэх. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахиж судлахгүй шүү гэдэг заалттай. Шүүхийн шийдвэрийн нотлох баримтаар нотлогдоод, олгосон зээл, процессын дүгнэлтийг гаргачихсан байхад одоо дахин ямар алданги, хүү нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Үйл баримт ярихгүйг би хичээж байна. Хөгжлийн банк өөртөө эрсдэл авахыг хүсэхгүй байна гэдэг гаргалгаагаар асуудлыг шийдвэрлэсэн юм байна лээ. 

Эцэст нь дүгнэж хэлэхэд Шинэбаатарын үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нотлогдохгүй, прокурорын яллах дүгнэлт бол өмгөөлөгчийн дурдсан болон яллах дүгнэлт үйлдсэн гэм буруугийн дүгнэлт нотлогдохгүй байгаа баримт хангалттай үссч байна. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох дээрх хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-07 103.9.90.100

ямар ч буруугүй хүмүүс аваад ирсэн юм биз дээ. бүгд л цагаатгуулна, цагаатгана гэнэ. Тийм дураараа юм байхгүй дээ. энэ муусайн юмнуудыг өмгөөллөөс өмгөөлөгч нар татгалзсан бол бүр ч их шударга байх байлаа. өөрсдөө ажил хийж хөдөлмөрлөхдөө өмгөөлөгчгүй байж хэрэг хийсэн биз дээ. Ард түмэн та өмгөөлөгч нарыг харж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-06-07 213.87.154.242

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-07 202.126.90.139

банк гэж зүгээр л буяны байгууллага байсан юм уу өөрснөө буруугүй гэнэ хэн нь буруутай юм үе үеийн сайдууд улстөрчид үү бүгдийг нь шоронд хий хариуцлагагүй байсных төлөө

Avatar

Зочин 2023-06-07 192.82.90.208

Хууль зөрчсөн л бол тэр бүх хэргийг шалгаж хариуцлага хүлээлгэх ёстой. Гэмт хэргийн хажуугаар хууль хяналтын байгууллага нүдээ таглаад дуугүй өнгөрөх эрх байхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-07 66.181.182.167

Hulgaich nar ichih ch ugui uursdiiguu gemgui gj oriltsgooh yum

Avatar

ө 2023-06-07 202.5.202.36

2 их наядын шаардлага хангаагүй зээл тэгээд зөв зүгээр гараад явчих уу, тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж