Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Алжир, Гвиней, Сьерра-Леон, Словени, Өмнөд Солонгос зэрэг таван орон сонгогдлоо. Тэд ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаатай олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх байгууллагад гишүүнээр ажиллах юм. Харин ОХУ-ын холбоотон Беларусь улс Аюулгүйн зөвлөлд нэр дэвшсэн ч олонхын саналаар хасагджээ.
Тодруулбал, Ерөнхий ассамблейн гишүүдээс санал авахад Өмнөд Солонгос улс 180 санал улс авсан бол Беларусь дөнгөж 38 санал авчээ. Украинд дайн хийж буй ОХУ нь өнгөрсөн сард холбоотон Беларусь руу тактикийн цөмийн зэвсгээ зөөн байршуулсан. Энэ нь 1991 онд ЗХУ задарснаас хойш ОХУ нь бусад орны нутагт тактикийн зэвсгээ байршуулсан анхны тохиолдол юм.
Аюулгүйн зөвлөл нь 15 гишүүнтэй байгууллага бөгөөд тав нь байнгын үлдсэн 10 нь тав таваараа хоёр жилийн хугацаатай ээлжлэн солигддог. Байнгын гишүүд нь Их Британи, Хятад, Франц, ОХУ, АНУ бөгөөд эдгээр нь Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэгдэх аливаа тогтоолын төсөлд хориг тавих эрхтэй гэдгээрээ онцлог. Харин байнгын бус гишүүдийг бүс нутгуудын төлөөллийг хангах байдлаар сонгохыг хичээдэг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS