VS:Төсөвт тодотгол хийх нь зөв, буруу

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

VS:Төсөвт тодотгол хийх нь зөв, буруу

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үр дүнтэй олон бодлого шийдвэрүүдийн хүрээнд  2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж, эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.9 хувийн өсөлттэй гарсан гэдгийг эрх баригчид тодотгов. Энэ өсөлт Азидаа тэргүүлэх эдийн засгийн өсөлт болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд төсвийн орлого давж биелж байгаа учраас сүүлийн хоёр жил орчим хугацаанд төрийн албан хаагчийн цалин,ахмадуудынхаа тэтгэврийн хэмжээ,төрөөс халамж хүртдэг иргэддээ хүртээдэг дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжийг хараахан гаргаж чадаагүй байлаа. Тэгвэл энэ удаа бодит боломж дээр үндэслэн тэтгэвэр нэмэх, цалин нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг тодорхой хувиар нэмэгдүүлэхэд шийдвэр Засгийн газрын худалдаанаас гаргасан гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ зургаа дахин өссөн нь цалин, тэтгэвэр нэмэх гол үзүүлэлт  болсон гэдгийг ч энэ үеэр хэлж байсан юм. Тиймээс бид энэ удаагийнхаа VS булангаараа МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор С.Дөлбадрах болон Сангийн сайд Б.Жавхлан нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

С.Дөлбадрах
МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор

Монгол Улсын эдийн засгийн бодлого олон улсын эдийн засгийн бодлогоос гажуудаж байна. Америкийн эдийн засгийн 1947-2010 оны хоорондох буюу 50 гаруй жилийн бизнесийн судалгааны мөчлөгийг аваад үзэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэлзэл нь маш тогтвортой байдаг. Харин хөрөнгө оруулалт өндөр савлагаатай байдаг. Гэтэл энэ дүр зургийн хувьд Монгол Улсад эсрэгээрээ байдаг. Манай улсын ДНБ-ний дээшээ, доошоо савлах савлагаа, хэлбэлзлээс засгийн газрын зардал нь дандаа давдаг. Савлагаа өндөр . Энэ юуг илтгэж байна гэхээр төсөв нь буруу байгаагийн илрэл. Зээл их авдаг, өр тавьдаг, төсөв сангийн бодлогоо буруу удирддаг, өрийн тогтвортой байдлыг хангадаггүй нь ажиглагдаж байна. ДНБ-ний хэлбэлзлээс Засгийн газрын зардал хоёр дахин өсч, буурдаг. Ерөнхий сайд аль аймгаас сонгогдсоноос хамаарч тухайн аймагт хамгийн өндөр төсөв хуваарилагдаж байгаа нь буруу жишиг тогтоож байна. Улс мөнгөгүй болохоороо зээл тавьдаг, жаахан мөнгөний бараа харахаараа баруун, зүүнгүй цацдаг байж болохгүй л дээ.  Төсвийн тодотгол хийхдээ тооцоололгүй,санамсаргүй байдалтай хийж байна. Монгол Улсад хуулиас их юм алга. Хамгийн гол нь түүнийгээ дагаж мөрддөггүй. Дундаас нь өөрчилдөг, монголчилдог түүний нэг жишээ. Үнэхээр төсвийн тодотгол хийснээр сангийн бодлого үр ашигтай болж нөөцийг оновчтой дахин хуваарилах зорилгодоо хүрч байгаа бол буруутгах аргагүй.Гэтэл бодит байдал дээр үүний эсрэг байна. ДНБ-ний хэмжээ тогтмол өсч байгаа нь үнэн. Гэхдээ макро эдийн засгийн бодлого өсөлт, бууралтын мөчлөгийн хэлбэлзлийг бууруулахын тулд чиглэж байх ёстой. Эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж, өсөлт өндөр байх үед татвараа нэмэгдүүлж, халамжийн бодлогоо танах нь эдийн засгийн хэт халалтыг дарж өгдөг. Харин эдийн засаг хямрах үед төсвийн зардлаа нэмэгдүүлж, халамжаа тэлэх бодлого барих ёстой. Засгийн газраас баримталж байгаа ийм бодлогын үр дүнд эдийн засгийн хэт савлагаа үүсэхгүй байх нөхцөл бүрддэг. Гэтэл одоогийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үүний эсрэг явж байна. Үнэхээр Монгол Улсын эдийн засаг 7.9 хувьд хүрч өссөн бол энэ үед цалин тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэх нь инфляц өсөх зовлонг бий болгоно. Монгол Улсын сангийн бодлогод мөчлөг сөрсөн биш мөчлөг дагасан бодлого явуулснаар  эдийн засгийг улам бүр ороо бусгаа болгож байна. Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа бол бид илүү гарсан мөнгөө хадгалж, хуримтлуулах ёстой. Цаашлаад эдийн засгийн эрсдэл үүсвэл хурааж хуримтлуулсан зүйлгүй улс алдагдлаа хаанаас нөхөх вэ. Татвараа өсгөх юм уу эсвэл зээл авахаас өөр сонголтгүй болно. Зээл авна гэвэл өр тавихаас өөр сонголтгүй болно. Хөрөнгө оруулагч нарт макро эдийн засгийн тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Гэтэл Монгол Улсын төсөв, сангийн бодлогод тогтвортой зүйл огт ажиглагдахгүй байна. Сангийн яам болоод бусад холбогдох хүмүүс төсөвт тодотгол хийх нь буруу гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрдөө дийлдэж эдийн засгаа хорлох алхам хийж байна.

Б.Жавхлан
Сангийн сайд

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковидын хүнд үеийг эхний хоёр жил, геополитикийн хүндрэлтэй нэг жил гээд нийт гурван жилийн хүнд сорилтыг даван тууллаа. Эхний хоёр жил төсөвт тодотгол хийж байсан. Гэхдээ тэр үед төсвийн хүндрэлээс үүдэн орлого дутуу байсан тул төсвийн алдагдлаа нэмэгдүүлж, тухайн үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн. Гэсэн хэдий ч Засгийн газраас гол гол экспортуудаа нэмэгдүүлэх гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсвийн алдагдлаа бууруулах, гадаадын өрийн тогтвортой байдлаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд  өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, улмаар энэ оны нэгдүгээр улиралд энэ байдал хадгалагдаж гадаад валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрлээ.  Өнгөрсөн жил  төсвийн алдагдлаа 1.5 их наяд төгрөгөөр бууруулж зардлаа өсгөхгүйгээр мөнгөний бодлоготойгоо яв цав нийцүүлж төсвийн зардлаа хумих бодлого барьж ирсний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн өсөлт гарах, тогтворжих нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ цалин тэтгэвэр нэмбэл инфляцыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэсэн том сорилтын өмнө тулж ирсэн. Гэсэн хэдий ч бид эдийн засгийн боломж гарсан хамгийн эхний цаг хугацаан дээр хувь хүний орлогын дэмжлэг болгож төсвийн зарцуулалт хийх зайлшгүй шаардлага тулж байна. Зарим хүмүүс сонгууль тулчихсан шоу хийж байна гэсэн хардлагатай байна. Бидэнд боломж гарсан хамгийн эхний цаг хугацаа.  Бид энэ боломжийг ашиглаж цалин, тэтгэвэр тэтгэмж зорилтот бүлгийн халамж, нийслэлийн түгжрэл гэх мэт тулчихсан асуудлуудаа шийдэхээр төсвийн тодотгол хийж байна. Хойшлох, сонгууль руу дөхөх тусмаа хардлага дагуулж, янз бүрээр хэлэгдэх байх. Энэ цаг хугацаанд хийж байгаа нь цаг үеэ олсон зайлшгүй тулсан боломжоо зориулж байна гэж ойлгоорой. Төсвийн тодотголыг дараах таван эдийн засгийн ангилалд зориулж байна.

Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн суурь цалинг нэмэгдүүлнэ. Үүн дээр 986.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.

Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд зориулж 394.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана

Гуравдугаарт, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана.

Дөрөвдүгээрт, Зорилтот халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 144.4 мянган хүн хамрагдана.

Тавдугаарт, Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөг тавьсан хэдий ч гүйцэтгэл тэр бүр хангалттай яваагүйн улмаас 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг нэмж оруулж өгнө. Тийм учраас томоохон төслүүд гацахгүй явна гэсэн үг. Гол ажил нь хотын дундах замуудын хоорондын холбоос замыг гүйцээх төсвүүд байна. Ийм таван зүйлд гол анхаарал хандуулж төсвийн тодотгол хийнэ. Нийтдээ 1.8 их наяд төгрөгт сая иргэн шууд хамрагдана. Төсвийн хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн тодотгол хийх шалтгаануудыг хуульчилсан байдаг. Уг хуулийн 34.1.4 буюу төсвийн ерөнхий захирагч нарын хооронд зохицуулалт хийх тохиолдолд тухайн жилийн төсөвт тодотгол хийж болно гэж заасныг үндэслэн хуулийн хүрээнд хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн тухай хуульд ДНБ-ний 2.6 хувьд алдагдлаа барихаар заасан. Энэ хувь хэмжээнд огт өөрчлөлт орохгүй. Тусгай шаардлагаа хангаж ажиллана гэсэн үг. Энэ төсвийн орлогоо нэмэгдүүлэх бүх боломжоо дайчилж ажиллана. Энэ жил 50 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж