Сурвалжлага: Сэлбэ голыг сэргээхээс өмнө ширгэх нь ээ

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сэлбэ голыг сэргээхээс өмнө ширгэх нь ээ

Сурвалжлага: Сэлбэ голыг сэргээхээс өмнө ширгэх нь ээ

Үдийн наран хэвийж, усны хоржигнох чимээг сонсогдох нь нэн таатай. Улаанбаатар саарал гудамжаар алхалсаар тэнд очвол хүний хөлд дарагджээ. Голын эрэг хавьцаа хэдэн хүүхэд хөөцөлдөн тоглож, цаахна нь залуу хосууд тэрэг түрэн хүүхдээ салхилуулах аж. Гэвч голын эрэг, эргэн тойрон нь хогонд дарагдаж, суух сандал байтугай явган хүн алхах ч зам алга.  Ядаж л голын усанд хөвөх, эрэг дагуух хогийг нь түүхгүй бол Сэлбэ ширгэж мэдэх дүр зураг ч харагдаж байна. Иргэд өөрсдөө ч хотоо, байгалиа хайрлах нь иргэнийх нь үүрэг юм.

Хамгийн сүүлд тохижилтыг 3.1 тэрбумын хөрөнгөөр бүтээн байгуулах төсөл дэмжлэг аваагүй нам зогссон. Тэгвэл Хотын дарга Сэлбэ голтой холбоотой төслөө өргөтгөж түгжрэлийг бууруулах "Сэлбэ сэргэлт" төслийг хэрэгжүүлэхээр болж байна.

СЭЛБЭ ГОЛ ХОГООР ДҮҮРЧЭЭ

Уг төсөл нь урьдчилсан байдлаар 1.4 их наяд төгрөг зарцуулахаар тооцоо бий. Төслийг  2023 онд багтаан хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ.

Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэнэ.  Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтай юм байна.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр "Манай хот үндсэндээ хөндлөн нэг л замтай байгаа. Энэ бол далан барьж байгуулагдах, үндсэн хоёр дахь зам болох юм. Хоёр талтайгаа нийлээд 44 км зам болно. 13 том гүүр баригдана. 25 холбоос гүүртэй. Ж.Сүхбаатар сайдын хэлснээр явган хүний болоод дугуйн зам ч баригдана. Зураг төслийг зургадугаар сардаа багтааж, долдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ гэж бодож байна. Бусад холбоос замууд хийгдээд ирэхээр замын ачааллууд маш сайн буурах учиртай. Хямд автомашин орж ирж байгаа дээр ч анхаарах ёстой. Энэ байдал үргэлжлээд байвал хэчнээн зам бариад ахиц, дэвшил гарахгүй. Ямартай ч замаа барина.БХБЯ хот төлөвлөлтийг хийдэг, энэ утгаар зам түгжрэлийн асуудалтай ч холбогддог. Энэ жилийн хамгийн том ажил бол энэхүү Сэлбийн бүтээн байгуулалт гэдгийг хэлье" гэжээ.

Үндсэндээ түгжрэлийг бууруулах том шийдэл нь "Сэлбэ сэргэлт" төсөл гэж ойлгож болохоор байна.

УЛСТӨРЧИД ГАДААДЫН ТУРШЛАГА СУДАЛЛАА ГЭДЭГ Ч ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА

Сэлбэ голын эрэг хавиар мод бургас тарих хэрэгтэйг ч иргэд хэлж байлаа.  Гол дагуу салхилж явсан иргэн Б.Мөнхтуяа “Зам нь энхэл догол хэцүү байна  даа. Шороон талбайгаа багасгаж мод бут цэцгээ тарих хэрэгтэй байна. Явган хүний замаар хүүхдүүд явахад маш хэцүү байна. Ер нь хотын удирдлагууд иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийхгүй байна” гэж бухимдав.

Д.Авидхүү “Сэлбэ голыг тохижуулах нь чухал. Миний бодлоор хүүхдүүдээ салхилуулаад явж байгаа ээж аавууд ая тухтай суух сүүдрэвч байх хэрэгтэй байна. Голын ойролцоо хогийн сав, сандал сүүдрэвч бүх юм аа барих хэрэгтэй. Тэндээ хяналтын камер суулгадаг ч юм уу. Тэгэхгүй бол хог хаядаг хүмүүс зөндөө байдаг. Сэлбэ гол гэлтгүй хотын төвд хогийн сав, нойл олддоггүй.  Салхинд гараад зугаалах талбай, хүүхдийн аятайхан тоглоомын талбай, машины зогсоол байдаггүй. Тиймээс бүгдийг нь цогцоор нь шийдээд давхар зогсоол, тоглоомын талбай барих хэрэгтэй. Хүнээ бодож, яавал ая тухтай байх уу гэдэг нөхцөлийг бүрдүүлээд хогийн савыг ойр ойрхон байрлуулах хэрэгтэй. Камержуулаад хог хаядаг хүмүүст нь Зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг байвал сайжирна. Тэгэхгүй бол ухамсар муутай хүмүүс зөндөө шүү дээ. Хүүхдээ хаа хамаагүй шээлгэдэг, идсэн чихрийн цаасаа хаячихдаг зэргээс авхуулаад асуудал их байна. Голын эрэг дээр тоглоомын жижигхэн талбай барьж яагаад болохгүй гэж” гэлээ.

“Улстөрчид гадаад явж их туршлага судлах юм. Солонгост амьдардаг Монголчуудаас Сөүлийг яаж тохижуулсан байна, тэд нараас туршлагыг нь хараад хийчих л дээ. Гадаад яваад татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд л байх юм.

Ерөөсөө бүгд л хулгайч нар боллоо. Юу ч хийхгүй байна шүү дээ. Битүү хог байгаа биз дээ. Энд мянган тохижилт хийгээд дээр байгаа хүмүүс нь хог хаяад байвал мянган тохижилт хийгээд нэмэргүй биз дээ. Зөндөө л туршлага байхад хийхгүй байна. Энэ улстөрчид яавал хулгай хийх үү гэдгээ л боддог. Өөр юу ч боддоггүй. Иргэд яаж амьдрах нь тэдэнд чухал биш байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүгд шавж байна. Юм хийх гээд байгаа юм бол баруун, зүүн зах руу нь хий. Бодит байдал нь тийм байна”  гэж иргэн Ц.Сайнбилэг шүүмжлэл хэлж байна.

Үнэндээ өндөр хөгжилтэй орнууд ногоон байгууламж, тэр дундаа иргэдийнхээ амарч зугаалах, дасгал хөдөлгөөн хийх орчныг чухалчилдаг. Харин Улаанбаатарт эсрэгээрээ хавар нь шороо бужигнаж, өвөл нь удаанд дарагдаж хот дотроо салхилах боломж даанч хомс.

Монголоос бусад орнуудад хот доторх ногоон байгууламж, гол горхио тордож цаашилбал аялал жуулчлалыг татсан амралт зугаалгын бүс болгочхож байна. Хамгийн тод жишээ гэвэл Өмнөд Солонгос дахь Хан мөрнийг дурдаж болно. Тиймээс энэ мэтчилэн олон улсын сайн жишгийг дагаж өөрсдийн боломжид түшиглэн нийслэлчүүдийн ая тухтай, амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна.

 

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж