Коммунистууд Монголын нэрийг түлж дуусахгүй нь!

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Коммунистууд Монголын нэрийг түлж дуусахгүй нь!

Коммунистууд Монголын нэрийг түлж дуусахгүй нь!

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч даргыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан, сэжигтнээр татан баривчилсан талаар БНСУ-ын "KBS" телевиз мэдээлсэн нь Монголд төдийгүй дэлхийд ид шуугиан тарьж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын коммунистууд Монголын нэрийг дэлхийд түлж дуусахгүйг энэхүү үйл явдал харууллаа гэж хэлж болох юм.

Учир нь, дөрвөн жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компаниар үйлчлүүлэхдээ онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр БНСУ-д саатуулагдсан удаатай.

Хорь шахам хоног саатуулагдсаны эцэст долоон сая /6000 ам.доллар/ вон төлснөөр хилийн хориг нь цуцлагдаж, Монголд ирсэн. Засаг даргын орлогч Л.Мөнхбатын хувьд ч мөн хэд хоног саатуулагдахыг хэлэхэд бэрхтэй.

Ер нь Монголд сонгуулийг мөнгөөр цохиж хийдэг, төрийн томилгоо нь ёс зүй, ур чадвар, мэргэжил харахаас илүүтэй намын харьяалал харгалздаг, хууль зөрчсөнд нь хариуцлага хүлээлгэдэггүй хаацайлж ирсэн нь төрийг хүчгүйдүүлж, ажил унагаад зогсохгүй, дэлхийд Монголыг шившиглэж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг дээрх асуудлаас мултраад Монголд ирсний дараагаар хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан нам болон төрийн бус байгууллагын зүгээс тавихад эрх баригчид хүлээж аваагүй. Бараг Д.Одбаяр нь хэлмэгдсэн болж, жил тойрон Цэцийн гадаа охид, бүсгүйчүүд гороолж зогссоноор Цэцийн даргаас бууж, гишүүнээрээ үлдэж байв. Хариуцлага, ёс зүйг эрхэмлэдэг оронд Үндсэн хуулийн Цэцийн дарга нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдсон бол ард түмнээсээ уучлал гуйгаад, өөрийн хүсэлтээр огцорно. Монголд хүчин хийсэн ч гүрийгээд, гүлдийгээд бүрэн эрхтэйгээ үлдэх гэж, тэмцдэг. Намынх нь гишүүд ч өмгөөлж хамгаалдаг буруу хандлага тогтсон. Жишээ татвал, Цэцийн дарга Д.Одбаярыг дээрх асуудалд нэр холбогдсоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хамгаалж, тодорхой байр суурь илэрхийлж байсан.

Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоход гишүүд нь хамгаалж, өөрөө ч гүрийж, эцэстээ үнэнд гүйцэгдэнгүүт бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Энэ хэрэгт нь шүүх хоёр жилийн ял оноосон юм.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч гэрийн үйлчлэгчдээ бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдож, дуулиан дэгдэхэд мөн л Ц.Анандбазар гишүүн “Намайг гүтгэж байна” гэдэг тайлбар хийж, эцэстээ хохирогч нь өөрөө яллагдагч болж хэрэг замхарсан.

Ер нь МАН Засгийн эрх барьж байхад гишүүдийг бол яаж ч чадахгүй шүү гэсэн хандлага газар авч, жишиг болж буйг дээр дооргүй шүүмжилж буй ч тоодог албан тушаалтан алга. Сонгуулийн цикл ч ойртсон болоод тэрүү, намчид, цүнхчид нь ч эрэлттэй болж, тэр хэрээр гадаад руу аялж зугаалах шалтаг, шалтгаан нь мундахгүй болж буй бололтой. Учир нь, Засаг даргын орлогч Л.Мөнхбатын хувьд Чежү аралд очсон нь ажил хэрэг амжуулах гэхээс илүүтэй аялж зугаалах зорилгоор л очсон болов уу. Яагаад гэвэл Монголын соёлыг сурталчлах өдөрлөгт Л.Мөнхбатын үүрэг роль гэж юу байх вэ?. Тэр дуулах уу, бүжиглэх үү. Үгүй шүү дээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “төрийн алба данхайсан нь зардлыг өсгөж байна” гэж гонгинох атлаа Засаг даргын орлогч нэртэй албан тушаалыг цомхотголгүй өдийг хүргэсэн нь намчид, цүнхчидээ дэргэдээ уяатай л байлгах гэсэн арга болов уу. Үнэхээр улсын төсвийг хэмнэе гэсэн бол сумдын Засаг даргын орлогч нарыг “Шүүр” ажиллагаагаар цомхотгоход 330 гаруй орон тоо хумигдана. Тэр хэрээр цалингийн зардлаас эхлээд урсгал зардал буурна. Дээр нь гадаад руу аяладаг үр ашиггүй зардал ч буурахаар байгаа.

Сүүлийн жилүүдэд  төрийн албан хаагчид туршлага судална, хамтран ажиллана нэрийн дор гадаад руу сүрэг сүргээрээ явдаг болсон. Түүний ард хавтгай архидалт болж буйг шүүмжлэх нэгэн ч бий.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Филиппин улсын Манила хотод ажлаар очтол нийслэлийнхэн буудалд нь “өглөө, оройгүй архидахтай тааралдлаа. Ийм байдалтай байвал энэ улс сүйрнэ шүү” гэж чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байв. Д.Ганбат л хэлсэндээ болохоос бодох л үг.

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба төсвийн мөнгөөр 29 хүнийг гадаад улсад аялуулахад 89 сая төгрөг гаргаж, хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газар тогтоож, туршлага судлах нэрээр төсвийн мөнгийг зүй бус зүйлд зарцуулахгүй байхыг анхааруулсан. Гэвч бусдад нь энэ жишээ сургамж болж байгаа юу гэдэг эргэлзээтэй хэвээр буй. Учир нь, гадаад руу зорчиж байгаа хүмүүс нь ихэвчлэн төрийн албаныхан л байдаг болсон тухай дуулдах боллоо. Эцсийн үр дагавар нь архидалт болж хувирлаа.

Засгийн газар хяналт шалгалтаа сайжруулж, үүрэг даалгавар өгөхгүй бол намын гишүүдийн тань архидалтаас үүдэлтэй асуудлууд хилийн дээс давж, улс дамнасан дуулиан дагуулдаг боллоо.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж