Хөндөх сэдэв: Амьтад ч амьд явах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Амьтад ч амьд явах эрхтэй

Хөндөх сэдэв: Амьтад ч амьд явах эрхтэй

Гэрийн тэжээвэр амьтныг өхөөрдөж, хайрлаж авдаг хүн олон байдаг. Гэхдээ зугаагаа гаргаж байгаа мэт сонирхол нь буурахаар хаядаг, төөрүүлдэг жишиг ч Монголд бий болоод уджээ. Угтаа бол амьтад хүнтэй адил эрхтэй бөгөөд хайрлуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өсч торних ёстой. Харамсалтай нь үүнийг зарим хүн үл тоож сонирхол, сэтгэл хөтлөлдөө автаж авсан нохой, муураа хэнэг үгүй гудамжид гаргадаг. Тиймээс амьтдыг ч хүнтэй адил хайрлаж, халамжилж, анхаарахыг сүүлийн үед олон залуус уриалах болжээ.

Гэрт нь шинэ хүн төрөх, харшилтай болох, уйдах, өөр улс орон руу зорчих гээд гэрийн тэжээвэр амьтнаа үрчлүүлэх, орхих хүний тоо улам нэмэгдэж байгаа. Тиймээс үр хүүхдээ, өөрийгөө хайрладаг шигээ амьтдад энэрэнгүй хандаж, эрүүл мэндэд нь анхаарахыг хүмүүс нэг нэгнээсээ хүсч буй.

Амьтанд хайртай залуусын цахим групп болох "Азтай савар амьтанд хайртай залуус" төрийн бус байгууллагын хуудаст өдөрт гудамжид хаягдсан, бэртэж, гэмтсэн олон нохой, муурны зураг, бичлэг нийтлэгддэг. Тэд хариу нэхэхгүйгээр амьтдад тусалж, гэртээ байлгах боломжтой хугацаандаа асарч, үрчлүүлэх тохиолдол ч их байдаг байна. Гэсэн ч өдөр ирэх бүрд үл хайхрах хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөж байгаа амьтдын тоо өсч байгаа аж.

Нүдний гал нь унтарч, цовоо сэргэлэн зан нь догширсон амьтдыг асрах, зөөллөх, эрхийг нь хангасан Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль Монгол Улсад зайлшгүй чухал хэрэгцээтэй болсон.

Өөрөөр хэлбэл хуулийн төсөл төдий биш батлагдаж, хэрэгждэг эрх зүйн баримт байснаар гэрийн тэжээвэр амьтдын эрх сая нэг сэргэнэ. Амьтдын эрхийг хангаж ажилладаг хэд хэдэн томоохон төрийн бус байгууллага (ТББ), нийгэмлэг байдаг ч хууль эрх зүй үйлчлэхгүй нөхцөлд 1000 зүтгээд ч нэмэр байдаггүйг онцолж байгаа юм. Тодруулбал, “Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ нь хүн болоод гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй эерэг, энэрэнгүй нийгмийг цогцлоох зорилгын хүрээнд 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Уг байгууллага нь сайн дурын үндсэн дээр байгуулагдан өдгөө 60 гаруй сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг болохыг гэрийн тэжээвэр амьтантай хүн бүр мэдэх бизээ.

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 250 мянга гаруй өрх гэртээ амьтан тэжээдэг. Албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байгаа аж.

Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг буудаж устгахдаа дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо бууралгүй, төсвийн мөнгийг хэрцгий үйл ажиллагаанд, үр дүнгүйгээр зарцуулж байгаа хэрэг болж байна. Иймээс олон нийтэд амьтан тэжээх, үрчилж авахыг сурталчлан таниулах, хэрхэн зөв, хариуцлагатай тэжээх талаар эерэг зөв ойлголтыг түгээх зайлшгүй чухал болохыг тус байгууллагаас олон нийтэд уриалан таниулж, сурталчилдаг. Энэ нь ч зөв.

Нэг хэсэг нь амьтнаа үрчлүүлэх, унтуулахыг хүсч байхад зарим хүн цонхоор шидэх, хэрцгийгээр тамлах, хогийн саванд хаях зэрэг тохиолдол ч гардаг байна. Үүнийг нь баримт бичлэг, зургаар нотолсон ч тухайн хүндтооцох хариуцлага гэх зүйл заалт байдаггүй. Тиймээс гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хангаж, хамгаалах орчин нөхцөл дутагдаж байна.

Ер нь хүмүүс амьтныг эгдүүтэй хөөрхөн үе нь өнгөрөөд эхлэхээр л гаргаж хаях, зарах, хэн нэгэнд өгөх, унтуулах тохиолдол ихэсдэг аж. Хамгийн тулгамдсан асуудал нь монголчууд амьтныг дорд үзэх нь түгээмэл. Бүгд биш ч дийлэнх нь тэжээх нэрийдлээр тамладаг болохын амьтанд хайртай залуус цахим бүлэгтээ бичжээ. Тиймээс хүний эрхийг чухалчилж үздэг шигээ гэрийн тэжээвэр амьтдыг хайрлаж, хамгаалж тэдэнд үйлчлэх хуулийг яаралтай баталж өгөхийг уриалж байна. Амьд бүхэнд эрх, үүрэг, хариуцлага тэгш үйлчилдэг хөгжиж буй орнуудын жишигт Монгол Улс ч нэгдэх нь зөв бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж