Дайны хажуугаар дажин – Экологийн гамшиг

Хуучирсан мэдээ: 2023.06.07-нд нийтлэгдсэн

Дайны хажуугаар дажин – Экологийн гамшиг

Дайны хажуугаар дажин – Экологийн гамшиг

Украины өмнөд хэсгийн Каховка усан цахилгаан станцын далан Мягмар гаригт эвдэрсний улмаас байгууламжаас их хэмжээний ус урсаж, үерийн аюул нүүрлэв. Өмнөд хэсгийн Каховка нь ОХУ-ын хяналтад байдаг. Ийн маргаантай бүсэд далан эвдэрсэн учир Орос, Украины талууд бие биеэ буруутгасан байр суурьтай байна.

Украины албаныхан энэ үйл явцыг экологийн гамшиг гэж нэрлэсэн ба эрэг дагуух олон зуун мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ.

Энэхүү экологийн гамшиг нь цаашлаад томоохон сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Урсгалын дагуух байшин, гудамж, аж ахуйн нэгжүүд үерт автах нь наад захын асуудал болоод байна. Нэн чухал нь Европын хамгийн том атомын цахилгаан станцыг хөргөхөд туслах усны түвшинг бууруулах эрсдэлтэй. Мөн Крымийн өмнөд хэсэгт ундны усгүй болох эрсдэлтэй ажээ.

Далан хагарсан үйл явдал нь удаан үргэлжилсэн дайнд улам нэрмээс болж, ээдрээтэй шинэ элемент нэмж байна.

Украины цөмийн оператор "Энергоатом" компани мэдэгдэхдээ далан эвдэрсэн нь Европын хамгийн том атомын цахилгаан станц Запорожьед сөрөг үр дагавар авчирч магадгүй гэжээ. Гэхдээ одоогийн байдлаар нөхцөл байдлыг хянах боломжтой байна. НҮБ-ын дэргэдэх Олон улсын атомын энергийн агентлаг станцын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд байгууламжид цөмийн аюулгүй байдлын шууд эрсдэл байхгүй гэж дүгнэжээ.

Дайны байгаль орчинд үзүүлэх нөлөөг баримтжуулдаг идэвхтэн, мэргэжилтнүүд байдаг. Байгаль орчны идэвхтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийн үзэж буйгаар далан бүхэлдээ нурснаар зүүн эргийн ихэнх хэсэг урсаж, усан сан эрс багасах аж. Цаашилбал, усны нөөцийг сүйтгэж болзошгүй.

Украины ерөнхийлөгч Зеленскийн ахлах зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ “Одоо дэлхийн экологийн гамшиг өрнөж, ойрын хэдэн цагийн дотор олон мянган амьтан, экосистем устана” гэжээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас үерээс зугтан өндөрлөг газар руу гүйж буй минж зэрэг амьтныг харж болно.

Хямралыг шийдвэрлэхийн тулд ерөнхийлөгч Зеленский шуурхай хурал зарлажээ. Голын баруун эрэг дээрх 10 тосгон болон Херсон хотын зарим хэсгийн оршин суугчдад шаардлагатай бичиг баримт, тэжээвэр амьтдаа авч, цахилгаан хэрэгслээ унтраагаад, гэрээсээ гарахыг Украины Дотоод хэргийн яам зөвлөв. Мөн худал мэдээлэл тараахгүй байхыг сануулжээ.

ОХУ-ын Нова Каховка хотын дарга Владимир Леонтьев энэ үйл явдлыг маш ноцтой террорист ажиллагаа гэж мэдэгдсэн байна. Москвагаас томилогдсон эрх баригчид хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгөөгүй ч хамгийн муу үр дагаварт бэлтгэж байна гэв.

Украин улс нь Беларусийн хойд хилээс Хар тэнгис хүртэл үргэлжилдэг зургаан далангийн тавыг нь хянадаг. Эдгээр далан нь тус улсын ундны ус, эрчим хүчний хангамжид нэн чухал үүрэгтэй.

Херсон мужийн цэргийн захиргааны дарга Александр Прокудин өчигдөр /2023.06.06/ телеграмдаа “Оросын арми дахин нэг аймшигт хэрэг үйлдлээ. Таван цагийн дотор усны түвшин эгзэгтэй нөхцөлд хүрнэ” гэж анхааруулжээ.

"Укргидроэнерго" усан цахилгаан станцын албаныхны мэдэгдсэнээр далан бүрэн сүйрсэн аж. Мөн станцыг сэргээх боломжгүй гэж мэдэгдэв. Цөмийн оператор “Энергоатом” компанийн мэдэгдсэнээр усны түвшин хурдацтай буурч байгаа аж. Мөн зургадугаар сарын 6-ны өглөөний 08:00 цагийн байдлаар усны түвшин 16.6 метр байгаа нь станцын хэрэгцээнд хангалттай гэв.

Харин Оросоос томилогдсон хотын дарга Леонтьев  хэлэхдээ “Каховка усан цахилгаан станцад олон удаа цохилт өгсний улмаас түүний хавхлагууд эвдэрч, ус хяналтгүй урсаж эхэлсэн. Станцын эвдрэлийг засах боломжгүй тул дахин барих шаардлагатай” гэсэн байна.

Каховка даланг оросууд устгаж магадгүй гэж Зеленский өнгөрсөн оны аравдугаар сард таамаглаж байсан. Эрх баригчид болон мэргэжилтнүүд ч бас хэдэн сарын өмнөөс л Каховка даланд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Энэ оны хоёрдугаар сард усны түвшин маш бага байсан тул хөргөлтийн системийн хүчин чадал хүрэлцэхгүй цөмийн станц хайлж магадгүй гэж олон хүн эмээж байв. Гэтэл тавдугаар сарын дунд үеэс аадар бороо, хайлсан цас зэргийн нөлөөгөөр усны түвшин хэвийн хэмжээнээс давжээ. Улмаар ойр орчмын тосгод үерт автаж эхэлсэн байна. Далангийн эвдрэлээс болж 18 сая шоо метр буюу 4.8 тэрбум галлон ус урсаж, олон арван бүс нутаг үерт автана гэж эрх баригчид таамаглаж байсан.

Гэтэл энэ удаад ийнхүү далан хагарсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, экологийн гамшиг нүүрлэжээ.

Геоинформатик болон тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг Украины төрийн бус байгууллагаас тооцоолсноор 100 орчим тосгон, суурин усанд автахаар байна. Мөн усны түвшин 5-7 хоногийн дараа л татарч эхлэнэ гэжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж