Үндэсний аудитын газар нь энэ жил “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө ямар байна вэ” гэдгийг тодорхойлох зорилгоор гүйцэтгэлийн аудит хийхээр болж, өнөөдөр /2023.06.06/ холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан уулзалт хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээгээр Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн, төрийн өмчит их, дээд сургуулийн харьяанд байгаа судалгаа шинжилгээний хүрээлэнг оруулбал нийтдээ 70 гаруй хүрээлэн бий. Сүүлийн 16 жилийн хугацаанд төрөөс дээрх хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын боловсруулсан 4000 орчим судалгаанд 180 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. Гэвч Монгол Улсын хөгжилд тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг дээшлүүлэх чиглэлд хийсэн ТЭЗҮ, инноваци, судалгаа, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм байдаггүй нь сул тал болсоор иржээ гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байв.Тиймээс тус салбарт хийх гүйцэтгэлийн аудит нь оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж чаадхгүй байгаа гол шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлж, зөвлөмж өгөхөөрөө чухал ач холбогдолтой юм.
Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.ЭНХБОЛД:
Үндэсний аудитын газраас жил бүр нэн чухал шаардлагатай салбаруудын бодлогын хэрэгжилт үр дүн ямар байна вэ гэдгийг тодруулах зорилгоор тодорхой салбар сонгож, аудит хийдэг. Энэ удаад шинжлэх ухаан, технологийн салбарыг сонгож аудит хийнэ. Аудитаар тус салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын төлөвлөлт нь хэр зөв, оновчтой явж байгаа юм, хэрэгжилт нь ямар төвшинд байна, бодлого нь зөв ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм уу. Эсвэл хэрэгжүүлээд гаргасан үр дүн болох оюуны бүтээлийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа юм уу энэ дээр ямар асуудал байна вэ гэдгийг тодорхойлох зорилготой. Уг салбарт улсын төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалтыг бусад улсынхтай харьцуулахад хангалттай төвшинд биш байна. Нөгөө талаасаа шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргалт хангалтгүй төвшинд байна. Иймээс эдгээрийг сайжруулахын тулд тогтолцоог нь сайжруулах ёстой юм уу, бүтэц зохион байгуулалт чиг гүүргийг нь сайжруулах ёстой юм уу гэдгийг илрүүлж, зөвлөмж гарган, шийдвэр гаргах төвшний байгууллагад танилцуулах зорилгоор аудит хийхээр сонгосон юм.
Боловсрол шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.БАТТОГТОХ:
Гүйцэтгэлийн аудит нь тухайн салбарын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, зохион байгуулалтын хувьд, тогтолцооны хувьд, эрх зүйн орчин, санхүүжилт гээд бүх зүйл дээр сайжруулах зорилгоор зөвлөмж өгдөг. Тийм учраас шинжлэх ухаан технологийн салбарынхан бол энэ үйл ажиллагаан дээрээ талархалтай хандаж, илүү нээлттэй хамтарч ажиллах сонирхолтой байна.
Шинжлэх ухаан технологийн салбар бол өнөөдрийн нөөц бололцоо, санхүү, хүний нөөцийн хувьд чамлахааргүй сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Гэхдээ энэ салбараа илүү хөгжлийг түүчээлээгч гол салбар болгохын тулд илүү оролцоог хангаж, хувийн хэвшилтэй, мөн тогтолцооны хувьд илүү сайн зохион байгуулалт харж ажиллах шаардлагатай байгаа. Дээр нь санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох, хамтын ажиллагааны бүх хэлбэрүүдийг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг сайжруулах шаардлага байгаа. Тэрэн дээрээ Үндэсний аудитын газартай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарч ажиллаж, илүү шийдлийг эрэлхийлж ажиллана л гэж бодож байна гэлээ.
Сануулахад, Үндэсний аудитын газар нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 9 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/04 тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэх аудитын сэдэв”-ийн дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө” гүйцэтгэлийн аудитыг эхлүүлэхээр болж буй аж.
Үндэсний аудитын газарт болсон энэхүү аудитын нээлтийн уулзалтад тус газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын Аудитын менежер Б.Долгорсүрэн болон аудитын багийн аудиторууд оролцов. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Г.ХОРОЛ