Хүүхдийн зуслангууд 3-5 дугаар ээлжийн захиалгаа авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангууд 3-5 дугаар ээлжийн захиалгаа авч эхэлжээ

Хүүхдийн зуслангууд 3-5 дугаар ээлжийн захиалгаа авч эхэлжээ

Бага, дунд ангийн сурагчдын хичээл энэ долоо хоногоос амарч, хүүхдийн зуслангууд 3-4 дүгээр ээлжийн захиалгуудаа авч эхэлсэн байна. Улсын хэмжээнд нийт 56 зуслан бүртгэлтэй байдаг. Цар тахлын хориг өнгөрсөн жилээс суларч, 2022 онд зуслангууд ээлжийн хуваарийн дагуу бүрэн ажилласан. Харин энэ зунаас зуслангууд эртлэн захиалгаа авч, ээлжийн хуваариа гаргаж эхэлжээ. Тодруулбал, нийслэлд 33, орон нутагт 23 зуслан ээлжийн бүртгэлээ өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн бөгөөд одоо 3-5 дугаар ээлжийн захиалгаа авч байгаа юм байна. Найрамдал зуслангийн хувьд эхний ээлж өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 12-нд тав дахь ээлжийн захиалгаа авах аж. Төлбөр долоо хоногийн 293-621 мянган төгрөгийн хооронд байгаа гэлээ.

Сурагчдын амралтад зориулж эрэлттэй зуслангийн бүртгэл, мэдээлэл авах дугаар, хүүхдээ зусланд явуулахад юуг анхаарах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

НАЙРАМДАЛ ЗУСЛАНД ЗӨВХӨН ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Найрамдал зуслангийн тухайд бүртгэлийг зөвхөн цахимаар хийж байгаа бөгөөд сайт нээгдээд богино хугацаанд бүртгэл дүүрч байгааг мэдэгдсэн. Тус төвийн бүртгэлийн 1-3 дугаар ээлж богино хугацаанд дүүрч хаагддаг байна. Тиймээс тавдугаар ээлжийн бүртгэл харьцангуй ачаалал багатай байх боломжтойг онцолсон. Найрамдал төвд амрах хүүхдүүдэд хүргэх зөвлөмж. Үүнд,

  • Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх
  • Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх
  • Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвхи, санаачлагатай оролцох
  • Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах
  • Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх
  • Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn сайтад хандах авах боломжтой.

НАРС ЗУСЛАНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ ЭНЭ САРЫН 10-НД ЭХЭЛНЭ

Нарс зуслангийн 2023 оны ээлжийн хуваарийг танилцуулж байна. Тус зусланд 6-18 насныхан амрах боломжтой бөгөөд https://narscamp.mn/ сайтад хандаж бүртгэлээ баталгаажуулах юм. Энэ жил зуслангийн үйл ажиллагаа бүрэн сэргэж байгаа учраас ээлж болгон насны ангилал гаргаагүй байна. Тиймээс хүүхдүүд сонирхсон ээлждээ хамрагдах боломжтой аж. Нарс зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 10-17-нд эхэлж, 17-24-нд хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус зусланд хамрагдах хүүхдүүдэд өгөх зөвлөмж:

  • Бүртгэлээ цахимаар эсвэл биечлэн хийх
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Насны бүлэг харгалзахгүй явах учир ээлжээ сайтар ярилцаж сонгох
  • Хувийн бэлтгэлээ хангах
  • Төлбөрөө 100 хувь төлөх зэрэг шаардлагатай байна.

ЗУСЛАНГУУДЫН БҮРТГЭЛИЙГ УТСААР ЛАВЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ШИНЖИЛГЭЭГ ӨГЧ ОЧНО

Харин Нарлаг зуслангийн хувьд эхний ээлж энэ сарын 10-наас хойш эхлэх аж. Тус зуслангийн долоо хоногийн төлбөр өнгөрсөн жилүүдэд 310-330 мянган төгрөг байсан. Харин энэ жил нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Бүртгүүлэх хүүхдүүд “Нарлаг зуслан” цахим хуудаст хандаж мэдээлэл авах боломжтой. Мөн Жавхлант хүүхдийн зуслан 2023 оны зуны ээлждээ элсэлтүүдээ авч эхэлжээ. Жавхлант хүүхдийн зуслангийн хувьд гэр бүлээр, хоногоор амрах боломжтой аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг.

Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараагаар дээрх 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дээрх зуслангуудаас гадна нийслэлд Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай зэрэг зуслан ажиллах юм байна. Зуслангуудын бүртгэлийг сонирхсон иргэд утсаар лавлаж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, бүртгэлээ баталгаажуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж