Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын тендер зарлажээ. Тодруулбал, нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий ажлын тендерийг өнөөдөр /2023.06.06/ зарласан байна.
Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын тендерийн саналыг нийт долоо хоногийн хугацаанд авах бөгөөд хэрэгжилт хоёр дүүргийн хэмжээнд байх аж.
Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй болохыг Хотын ерөнхий менежер М.Баяраа өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Учир нь өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарчээ. Энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотойг онцолсон.
Хотын Ерөнхий менежер М.Баяраагийн хэлснээр "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмээр бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа.
Эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Цаашлаад золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байгаа.
Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно. Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянгыг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.
Буу барьж нохой устгах нь зохисгүй. Тиймээс тус үйлдвэрийг барих нь зүйтэй” гэж үзсэн гэсэн юм.
Мөн үүнтэй зэрэгцээд иргэд цахим хуудастаа өнгөрсөн саруудад нохой, муур устгал хийгдэхгүй байсан бол энэ сараас хашаандаа байгаа нохойг зөвшөөрөлгүй устгаж байгаа талаар бичиж байгаа. Гэхдээ тус мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газраас үгүйсгэсэн юм. Ямартай ч нийслэлийн захирагчийн ажлын албанаас гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлыг эрчимжүүлж байгаа бололтой.
Холбоотой мэдээ