"Женко"-гийн жижиглэнгийн худалдаа!

Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

"Женко"-гийн жижиглэнгийн худалдаа!

"Женко"-гийн жижиглэнгийн худалдаа!

Х.Баттулга дахиад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй. Үүнийг нь Үндсэн хуулиар хориглож өгсөн. Харин түүнд Монгол Улсын Ерөнхий сайд болох эрх нь нээлттэй. Тийм  хүсэл, сонирхол Женкод бий нь лав.  Нэгэн цагт, албан тушаалаар нь хэлбэл улсын Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн дарга, албан бусаар нь хэлбэл Монголын хаан явсан тэрбээр “өндөрлөгт” гарахын амтыг мэдэрсэн.

Хувь хүний араншинг нь  бодсон ч, өнөөдрийн холбогдсон гэмт хэргүүдээс нь дүгнэсэн ч, яллагдагчаас Ерөнхийлөгч болсон “амжилт”-ыг нь тооцсон  ч Х.Баттулга улс төрөөс чимээгүйхэн явах нэгэн бүр биш. Михайлд нэг бодол бий нь бий. Тэр нь өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн сууж буй сандалыг бараг зүүдлэж яваа гэхэд дэгсдүүлсэн анализ болохгүй юм. Юу үнэн гэвэл, түүнийг нэр дэвшихэд  багтай нь дугуйлах фанатууд нь хангалттай бий.

Х.БАТТУЛГА БА АРДЧИЛСАН НАМ

Ерөнхийлөгч байхдаа Тамгын газрын дарга асан З.Энхболдоороо үг дайлгаж, С.Эрдэнээс  намыг нь авахаар  шахалт, тулгалт үзүүлж явсан Х.Баттулга АН-аас тийм ч амархан явчихгүй нь ойлгомжтой.  Жилийн өмнө тэрбээр  АН-д сунгаа явуулж,  даргаар нь сонгогдож байсан удаатай. Даанч Улсын дээд шүүх түүнийг намын даргаар бүртгэж аваагүй. Тиймээс УДШ-ийн өмнө улс төрийн акц зохион байгуулж  ээж шигээ хэдэн хөгшдийг зулын гол болгохоо “шахсан”.

Өнгөрсөн өвөл АН-ын даргын сунгаанд С.Баярцогт, Л.Гантөмөр нарыг өрсөлдөх үед Өмнөд Солонгосоос яаран сандран ирж, Үндсэн хуулийн цэцэд хандан  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, С.Баярцогт нарыг шалгуулах гомдол гаргаж байв. УДШ-ийн Ерөнхий шүүгч өөрийг нь АН-ын даргаар бүртгэж аваагүй өс хонзон байдаг байхыг үгүйсгэхгүй.

Л.Гантөмөрийг намын дарга болох үед Ардчилсан нам Х.Баттулгын гарт орлоо гэсэн шүүмжлэл, хардлага дагалдсан. Магадгүй, ийм хүсэл Х.Баттулгад өөрт нь байсан ч байх. Гэвч, Л.Гантөмөр Женкогийн “утсан хүүхэлдэй” биш болохоо харуулсан, илэрхийлсэн байх. Тиймээс сүүлийн өдрүүдэд АН-ын дарга Л.Гантөмөрийг хүний, өөрийн троллуудаараа сошиалд байнга зодож буйн ард Х.Баттулгын улс төр бий нь хэнд ч илэрхий асуудал болсон.

Үндсэндээ,  АН-ын даргаар хэн ч болсон Х.Баттулга бүтэн нэргүй, бүлээн зүсгүй болгож чадна. Энэ нь түүний “өсөхөөс” сурсан ганц мэргэшил нь, тангаргийн буг, мүүнчин, сайн ах, тагнуул, оффшорчин, Оюутолгойчин гээд олон хүнийг бүлээн зүсгүй болгож дөнгөсөн. Одоо харин өөрийнх нь хулгай, луйврын хэрэг баримт нотолгоотойгоо ил болж байна.

Ардчилсан нам эв нэгдэлгүй, дотроо хэрүүл зодоонтой байх нь нэгд, Х.Баттулгад, хоёрт, МАН-д, гуравт, оросуудад ашигтай байх. Тиймээс Л.Гантөмөрийг харлуулах замаар АН-ыг хагалах гэсэн зорилготой, зохион байгуулалттай ажиллагаа сошиалд явж байна.

Х.БАТТУЛГА БА ИРГЭНИЙ ЗОРИГ, НОГООН НАМ

Иргэний зориг, ногоон намын даргаар түүний эхнэр асан Ц.Энхтуяа ажилладаг. Нэгэн цагт парламентад суудалтай явсан тус нам С.Оюунаас хойш “нар үзээгүй” гэж хэлж болно.  Тус намыг Х.Баттулга авсан гэх яриа улс төрийн хүрээнээс сонсогдож буй нь гайхах “үзэгдэл” биш.  Угаасаа ч ИЗНН-д гишүүн гээд байх хүмүүс үлдээгүй, тамга нь экс эхнэр нь байгаа гэвэл.

ҮХНӨ-өөр УИХ 126 гишүүнтэй, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгохоор болсон нь улс төрийн “үхдэл” болсон намуудыг хөдөлгөөнд оруулж, халаасалж явдаг “тамга”-нууд ч үнэд орж буй нь жам ёсных. Холимог тогтолцоо нь олон намын оролцоог бий болгодог тул эрх ашгаа гүйцэлдүүлэхэд нь ИЗНН түүнд хэрэгтэй байгаа нь мэдээж. ИЗНН-аас өөрөө нэр дэвшихгүй юмаа гэхэд, өөрийнхөө “утсан хүүхэлдэй”-нүүдээ улстөрд оруулж ирэхэд нэмэртэй байхыг үгүйсгэхгүй.

Х.БАТТУЛГА БА АРДЧИЛСАН МОНГОЛ ЯЛНА

“Монгол ялна”. Энэ бол Х.Баттулгын 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ ашигласан уриа.  600 мянган хүн энэ урианд нь хууртаж түүнд саналаа өгсөн.  Харамсалтай нь, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор Монголд авлига, хулгай гаарсан гэж хэлэхэд буруудахгүй биз. Тэрбээр Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа юм.

Х.Баттулга улс төрийн зорилгоо гүйцээхийн тулд авлига, хулгайн мөнгөөрөө улс төрийн намуудын цуглуулагатай болж буй бололтой, Монголын либерал намыг худалдаж авсан гэх.  Тус нам нэрээ өөрчилж, Ардчилсан Монгол ялна нам болгохоор удаа дараа УДШ-д хандаад буй.

Өөрөөр хэлбэл, Монголын либерал намын дарга Э.Оргилоос ирүүлсэн “… Монголын либерал нам нэрээ өөрчилж, Ардчилсан монгол ялна нам (АМЯН) болон өөрчилснийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд  Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “… Өргөдөл гаргагч шүүгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өргөдлийг бусад баримтуудын хамт шүүгчээс албан бичгээр буцаана.”, 3.3-т “Энэ журамд заасан шаардлага хангаагүй, … өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхгүй, Танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, албан бичгээр хариу өгнө" гэж заасны дагуу өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг нь буцаасан талаар Улсын дээд шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр мэдээлжээ.

Х.БАТТУЛГА БА ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМ

УИХ-ын гишүүн  асан Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг “дээрэмдсэн” гэх дуулианд нэр холбогдож байв. Одоо тус намыг Женко “эзэмшдэг” гэсэн яриа ч улс төрийн хүрээнээс дуулдаж байна.  УИХ-ын 2016 оны сонгуульд Г.Уянга энэ намаас нэр дэвшиж, ялагдал хүлээж байсан юм. Харин 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа Г.Уянга түүний Хүн эрхийн зөвлөхөөр нь ажиллаж байлаа.

Х.БАТТУЛГА БА НОГООН НАМ

Сонгууль холимог тогтолцоогоор явах нь тодорхой асуудал болсон. Иймээс Ногоон нам жагсаалтын гуравт бичигдэнэ гэсэн үг.  Монголын ногоон намыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга О.Бум-Ялагчаас худалдаж авсан  гэх яриа өнгөрсөн 2022 оноос дуулдах болсон.  УИХ-ын 2020 оны сонгуулиар Х.Баттулга эхнэр хүүхдээсээ эхлээд ойр дотны бүх хүмүүсээ нэр дэвшүүлж, сөрөг хүчний саналаас зулгаах тактик хэрэглэсэн. Энэ нь МАН-д ашигтайгаар нөлөөлсөн байдаг. Ийм тактиктайгаар улс төрийн намын цуглуулагатай болж байж мэднэ. Х.Баттулга бол үг, үйлдэл бүрээ тооцдог хүн.

Эцэст нь энэ бүх намуудаа нэгтгэж, нэгдээд сонгуульд орж мэднэ. Женкогийн жижиглэнгийн худалдааны цаад зорилго нь бараг ИХ ЭВСЭЛ байгуулах болов уу даа. Энэ тохиолдолд Женко парламентад өөрийн гэсэн "бүлэг"-тэй болж мэдэх л юм. Тамирчнаас тэрбумтан болсон, яллагдагчаас Төрийн тэргүүнээр сонгогдож асан Х.Баттулга бол контр мэх сайтай улстөрч билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж