"Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

"Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна"

"Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна"

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2023.06.06/  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсч байна.


УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:

-Даатгалд хамрагддаггүй байсан хүмүүс хэр их хамрагдсан бэ. Дэвшил юу байна вэ. Малчид ЭМД-д хамрагдахгүй байна гэдэг яриа байсан. Даатгалд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг илүү хамруулах чиглэлд ямар ажил хийв. Эрт илрүүлэг хэр оновчтой байна гэж харсан бэ. Эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулснаар өвчнийг эрт үед нь оношилж, цаашилбал даатгалын мөнгийг хэмнэх ёстой. Энэ талаар ЭМД-ын шинэ гишүүд юу гэж харж байна вэ?

Ходоодны дуран 60 мянган төгрөгөөр хийгдэж байна. Энэ нь өвчнийг оношлох биш дутуу ариутгаж халдвар тархах вий гэсэн шүүмжлэл байна.

Сум, тосгоны эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ гүйцэт авч чаддаггүй гэсэн гомдол ирдэг. ЭМДС-аас хариу өгдөг. Ер нь санхүүжилтээ өгөхгүй гэж байгаа юм байна. Энэ алдааг засах чиглэлд ЭМДЕГ ямар ажил хийж байна вэ?

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

ЭМД-ын хамрагдалт 92.5 хувийн биелэлттэй байна. Даатгалд хамрагдаж чаддаггүй хоёр субъект бий. Малчид, оюутан залуус байна. Судалгаагаар 100 мянга гаруй оюутан залуус байгаагийн 80 хувь нь даатгал төлдөггүй юм билээ. Хоёр сайдын хамтарсан тушаалаар оюутнуудын даатгалын хамрагдалтыг сайжруулах талаар анхаарна. Хөдөөгийн иргэд эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Болдог бол явуулын амбулатори явуулдаг юм уу. Хуваарь, график гаргаад хөдөөгийн иргэдийг эрт илрүүлэх чиглэл өгсөн. Ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй бол халдвар хамгааллын асуудлаас болоод хамрагдалт маш бага байна. Тиймээс нэг орчим тэрбум төгрөгийг сайдын багцаас шийдэж аймгуудын Нэгдсэн эмнэлэгт ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авна. Санхүүжилтээ авч чадахгүйтэй холбоотой хоёр чиглэлд өөрчлөлт оруулна. Сумын өрхийн эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт авахдаа 14 шалгуур үзүүлэлт хангадаг байсныг өөрчилж 10 болгоно.

ЭМДЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН:

-Анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа ч гэсэн үр дүнг нь хөшүүрэгдэх, гүйцэтгэлийн чанарыг сайжруулах тал дээр ажиллаж байна. 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс анхан шатны байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтэд 80 хувийг нь эхэлж өгөөд шалгуур үзүүлэлтийг хангасныг үнэлж дүгнэсний дараа 20 хувийг нь өгдөг буюу сайдын 13 дугаар тогтоолын дагуу явж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийг сайжруулж байж хүн амын эрүүл мэнд дээшилдэг. Гүйцэтгэлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Цахимтай холбоотой асуудлаас үүдээд 14 шалгуурыг бууруулан олгож байна. 2022 оныг дуустал ямар ч шалгуургүйгээр, ямар ч хяналтгүйгээр анхан шатны бүх эрүүл мэндийн байгууллагад олгох нэг иргэний санхүүжилтийг зуун хувь олгосон. 2023 оноос шалгуур үзүүлэлтээ үнэлж дүгнэнэ.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

ЭМДС-ийн хөрөнгө буруу замаар алга болсныг бүгд мэдэж байгаа. Тайлангаас харахад эхний хоёр жилийн гүйцэтгэлээс энэ жилийн гүйцэтгэл муудаад ирсэн. Баахан үл хөдлөхүүд болоод ирсэн байна. Үлдэгдлээ яах юм. ЭМДС-ийн хөрөнгө Капитал банк руу очиход алдаа юу байсан бэ. Үүнийг засахын төлөө юу хийж байгаа вэ? Хаана хяналт сулраад найдваргүй банк руу хийчих вэ?

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:

-Эмийн үнийн өсөлтийн асуудлыг иргэд тавьж байна. Ахмадуудын тэтгэвэр, иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Тиймээс хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн эмийг хөнгөлөх асуудлаар ЭМДЕГ санаачилгатай ажиллах ёстой. ЭМД-д эрсдэлийн сан гэж байгаа. Эрсдэлийн сангаас эх орондоо эмчлүүлж чадахгүй өвчтэй  хүмүүст ямар дэмжлэг үзүүлэх вэ.  Ялангуяа хүүхдүүдэд даатгалаас ямар үйлчилгээ үзүүлэх вэ? Хувийн эмнэлгүүд даатгалаас мөнгө авч буй гэх шүүмжлэлүүд явж байна. Угаасаа ЭМДС нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг.

Хувийн ч бай хувьсгалын ч бай эмнэлгүүд ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч байгаа болохоос биш санг цөлмөөд байгаа зүйл байхгүй.

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-2017 онд сайдын тушаал гарч дотоодод оношилж чадахгүй 26 нэр төрлийн өвчин байна гэсэн жагсаалт баталсан. Технологийн хөгжил хурдтай явж шинэ арга нэвтэрч байгаа учраас энэ асуудалд бүрэн цэг тавихад хүндрэлтэй. Төр хүнлэг бус байгааг шүүмжлээд байгаа. Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтад өөрчлөлт оруулж шинэ технологи нутагшуулах чиглэлээр зардлыг ЭМДС-аас санхүүжүүлдэг болох хуулийн төсөл өргөн бариад Сангийн яам, Хууль зүйн яамтай үзэл баримтлалыг нь батлаад Засгийн газарт оруулна. Хоёрдугаарт, Кувейтийн сангийнхантай уулзахад хавдрын эмнэлэг, эрхтэн шилжүүлэх төв хоёрыг ярьсан. Эхний ээлжид эрхтэн шилжүүлэх төвийг Засгийн газар хүсэлтээ илэрхийлэх юм бол 25 жилийн хугацаатай, жилийн 1.1-1.5 хувийн хүүтэй санхүүжүүлэх боломжтой. Засгийн газраас саналаа өгвөл бид Эрхтэн шилжүүлэх төвд хамтарч ажиллая гэсэн. Хавдрын эмнэлгийн өндөр өртөгтэй учир Арабын ижил төстэй сангуудтай хамтарч босгох талаар дэмжлэг үзүүлье гэсэн.

Хувийн эмнэлгийн санхүүжилт авахыг буруутгахгүй. Гэхдээ, нэг шүүмжлэлтэй зүйл нь ижил хэмжээний тариф олгож байгаа нь ч төрийн ачааллыг үүрэлцэхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:

-Умайн хүзүүний хорт хавдрын вакциныг товлолт вакцинд оруулах ажил юу болж байна вэ. Эмэгтэй гишүүд санаачилга гаргаад байгаа ч эрүүл мэндийн байгууллагынхан анхаарч өгөхгүй байна?

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг товлолт вакцинд оруулахын тулд Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад, яамдаас санал аваад энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байна. Дараа нь хуулийн төслөө өргөн барих бодолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж