УИХ-ын гишүүн Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмсэн нь улс төрийн хувьд түүхэн үйл явдал байлаа. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг та хувьдаа яагаад дэмжив?
-Энэ бол түүхэн шийдвэр. Ардчилсан, тэр дундаа эдийн засаг нь амжилтад хүрсэн улс орнуудын хувьд холимог улс төрийн тогтолцоог хэрэглэдэг. Түүнтэй адилаар Монгол Улс нэг алхам урагшиллаа. Хувь хүний хувьд, бүлгийн шийдвэрийн хувьд холимог тогтолцоо, гишүүдийн тоог 126 болгохыг дэмжсэн. Өөрийнхөө кнопоор дэмжсэн санал өгсөн. Магадгүй нийгэмд тодорхой хэмжээний эсэргүүцэл байгаа. Гэхдээ энэ шийдвэр Монголын улс төрийн хувьд том шийдвэр байлаа. Ер нь эдийн засаг, нийгмийн амьдралд өөрчлөлт оруулах хэмжээний шийдвэр болсон эсэхийг цаг хугацаа харуулах байх.
-Гишүүдийн тоог нэмлээ гэхэд гэнэтхэн өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болохгүй. Энэ удаагийн ҮХНӨ-ийн төслийн гол өөрчлөлтийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Гишүүдийн тоо нэмэгдсэнээр нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөнө. Магадгүй 76 тойргоос гишүүд хүрч ирээд асуудал ярихдаа өөрсдийнхөө тойргийг ярьдгийг бүгдээрээ л харлаа. Эдийн засгийн хөтөлбөр ярихад тэнд яаж өөрсдийнхөө сум хороонд зам оруулах тухай ярьдаг. Монгол Улсын хөгжлийн төлөө санал гаргаж нэг ч гишүүн ярихгүй байна. Засгийн газрын оруулж ирсэн тодорхой саналыг “унагаж” байгаад өөрийнхөө жижиг асуудлыг оруулах вэ гэдэг хөтөлбөрийг бид 33 баталж ирсний лай ланчиг нь өнөөдрийн тулгамдсан асуудлууд гэж хэлж болно. 2012-2016 онд холимог систем орж ирснээр ямар олон асуудлыг шийдсэн бэ гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ. Авто замууд, “Оюутолгой”, Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчрах асуудал шийдэгдсэн. Монголын улс төрд хамгийн том нөлөө бүхий асуудлууд энэ он жилүүдэд буюу АН төр барьж байхад урагшилсан.
Гэхдээ нам төр барихаас илүүтэй холимог систем байсан учраас Засгийн газрын шийдвэрүүд нь үр дүнд хүрч байсан.
–ҮХНӨ-ийн төслийг батлуулахын тулд эрх баригчид төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх шийдвэрийг гаргалаа. Эдийн засаг сэргэж байгаа үед тодотгол хийх нь хэр зохимжтой вэ?
-Нийгэмд бүх юмны үнэ хоёр дахин өссөн. Гэтэл иргэдийн авч буй цалин хэвээрээ байна. Иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Тойргоороо явахад тэтгэврийн насны иргэд, төрийн албан хаагч нарын амьдрал ахуй хүндэрсэн байгаа нь илт байсан. Дээрээс нь эдийн засгийн буруу бодлогоос болоод хувийн хэвшлийнхэн хүнд байна. Ер нь цалин тэтгэвэр нэмэх үү гэдэг асуудал бол МАН амласандаа л хүрч байгаа явдал байх. Тэдний 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж өсгөнө гээд заачихсан. Хамгийн гол нь хувийн хэвшлээ хөл дээр нь босгочхоод дараа нь цалин, тэтгэвэр, цалингаа нэмсэн бол эдийн засаг дахь сөрөг үр дагавар нь бага байх байлаа.
Харамсалтай нь бүтээн байгуулалтын саруудад хувийн хэвшлээ дэмжих бодлого гаргаж чадаагүйн гайгаар бүтэн жил хий эргэх вий. Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд хор хохиролтой. Түүнийгээ тооцсон байлгүй дээ.
-Жагсаалтад нэр дэвшигчдэд ямар шаардлага тавих ёстой юм бол?
-Хэдүүлээ маш энгийнээр яръя. Жагсаалтад нөгөө л хүний дургүйг хөдөлгөдөг олон жил хулгай хийсэн, ямар нэгэн асуудалд нэр холбогдсон хүмүүсийг ард түмэн гаргаж ирэхгүй. Тэр намд саналаа ч өгөхгүй. Үүнийг хэвлэлээр хангалттай хүргэх байлгүй дээ. Жагсаалтад орж буй бүх гишүүд нээлттэй байснаар иргэд саналаа өгнө шүү дээ. Ер нь энэ бол дэлхийн дэлхийн практик байхгүй юу. Иргэдийн юу хүсч байгаад тааруулж зохиол бичдэгээ болих хэрэгтэй. Дэлхийн улс орнууд яагаад энэ системийг сонгож байна уу гэхээр бүгд туршигдаад, судлагдаад гарчихсан болохоор олон орнууд хэрэгжүүлж байна. Тэр туршлагаас бид хамгийн сайныг авах ёстой.
-АН-ын дарга Л.Гантөмөр БЗС-ийн дуулианд холбогдлоо. Танай нам, бүлэг дотор даргаа солих талаар яриа гарч байгаа гэсэн үнэн үү?
-Бүлэг дээр намын даргын асуудал ярих эрх зүйн орчин байхгүй. Өчигдөр бүлгийн хурлаар сангуудын асуудлыг томоор нь ярилаа. Засгийн газрын тусгай сангууд сүүлийн долоон жил цөлмөгдсөн юм байна. Тэр асуудлаа дарахын тулд АН-ын дарга руу бүх булхайгаа чиглүүлэх үйл ажиллагааг хийж байна. Боловсролын сангийн зээлд шуудхан хэлэхэд, МАН-ын нөлөө бүхий хүмүүс, УИХ-д сууж буй олон гишүүн нэр холбогдож байгаа. Зарим нэг хүн сангаас зээл авч сургуульд сурна гэчхээд тэр мөнгөө авчхаад сургуульд сураагүй байж зээлээ тэглүүлсэн асуудал яригдаад байна. Тэр асуудлыг та нар судлаа үзэх хэрэгтэй. Энэ чинь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биз дээ. Энэ бүх асуудлыг нээлттэй болгох ёстой. Гэтэл өнөөдөр тэр бүх юм хаалттай байна. Тэр мөнгө хаана байгаа вэ? Үүнийг л нээж өгөх ёстой.
Холбоотой мэдээ