Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

76:1
Шатарчин

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэгийг танилцуулж байна.


УИХ-ын 2016 оны сонгуульд төрсөн дүү Б.Наранхүүгийнхээ хамтаар ялалт байгуулж, парламентад сонгогдон, ажилласан ховорхон тохиолын эзэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг юм. Харин 2020 оны сонгуульд дахин өрсөлдөхөд Б.Наранхүү нь ялагдаж, Б.Саранчимэг гишүүн ялалт байгуулсан.

Тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд зургаан жил суралцаж, Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн бол хожмоо МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

Ажлын гараагаа 1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратороор эхлүүлсэн байна.

УИХ-ын гишүүд дундаа шаггүй шатарчинд тооцогддог. Үе үеийн парламентын гишүүдийн дунд зохион байгуулдаг шатрын тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж ирсэн бол 2019 онд ОХУ-ын Төрийн думээс дэлхийн найман орны парламентын гишүүдийг хамруулан шатрын тэмцээнийг 10 дахь удаагаа зохион байгуулахад  эмэгтэй парламентчдаа тэргүүлж, эрэгтэй шатарчидтай өрсөлдөн, 11 дүгээр байр эзэлсэн байдаг. Эдгээр амжилт нь түүнийг “Шатарчин түшээ” гэх тодотголтой болгосон. Тэрбээр УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг төдийгүй “Ногоон бэрс” хөтөлбөр санаачлан, тойрогтоо хэрэгжүүлж байв.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлдөн, хоёр удаа ялалт байгуулсан түүнийг ирэх 2024 оны сонгуулиар тойргоо солин өрсөлдөж магадгүй гэх хардлага дагах болсон. Учир нь, сүүлийн нэг жил орчмын хугацаанд Дундговьд аймагт ажиллах болж, мөн тус тойрогтой холбоотой асуудлыг хөндөх болсон нь дээрх хардлагыг бататгаж буй. Дундговь аймагт өмнө нь төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намаас 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулсан юм. Мөн ээжийн нутаг гэдгээрээ сонгогчидтой ойр явж ирсэн тухай дуулддаг.

Тэрбээр УИХ-д сонгогдон ажиллах хугацаандаа УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог удирдан ажиллаж байсан бол одоо УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог удирдаж буй.

Одоогоос хоёр жилийн өмнө Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон Ерөнхийлөгчийн "Тэрбум мод"  үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаарх Засгийн газрын чиглэлийн дагуу ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн,  шийдвэрлэх саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байв.

Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар батлуулсан түшээдийн нэг юм. УИХ-аар дээрх төслийг баталснаар жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд үндэсний хэмжээнд Үндэсний ном, бичиг соёлын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон. Зорилго нь номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэхэд чиглэсэн юм.

Одоо УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь Д.Цогтбаатар гишүүний хамтаар Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Олон улсын парламентын холбооны Ардчилал хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүнээр ажиллаж байна.

Харин УИХ-д сонгогдохоосоо өмнө буюу 2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажилласан. Түүнийг тус үйлдвэрийн захирлаар томилогдоход Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь улаан шороогоор эргэж байсан бөгөөд одоогийн дүр төрхийг олох хамгийн анхны шанг татсан гэх нь бий. Гэхдээ 2015 онд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөн нь тухайн үедээ нэлээн дуулиан тарьсан сэдвийн нэг болж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер
  • 2012-2013 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн магистр
  • 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
  • 2014-2017 онд МУИС, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор
  • 2006-2009 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын тэргүүн
  • 2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал
  • 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
  • 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2018 оноос Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн

ШАГНАЛ

  • 2012 онд Алтангадас одон
  • 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж