Ногоон байгууламж сүйтгэсэн шугам сүлжээний ажлууд!

Хуучирсан мэдээ: 2023.06.06-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламж сүйтгэсэн шугам сүлжээний ажлууд!

Ногоон байгууламж сүйтгэсэн шугам сүлжээний ажлууд!

Дулааны улиралтай зэрэгцэж шугам сүлжээ болон бусад шаардлагатай урсгал засварын ажлууд хотод эд өрнөж буй. Хэдийгээр олон жилийн насжилттай, зайлшгүй засвар хийх ажлуудыг урьдчилан төлөвлөж хийж байгаа ч ногоон байгууламжийг сүйтгэж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Насжилт өндөртэй моддыг тайрч, залуу модыг шилжүүлэн суулгаж тухайн заасан хэсгийн засварын ажлыг хийж байгааг нийслэлийнхэн тайлбарласан. Тодруулбал, энэ онд Улаанбаатарт инженерийн шугам сүлжээний хэд хэдэн том ажил хийгдэх аж. Тэрний нэг хэсэг нь Бага тойруугийн хэсэгт хийгдэх 4А,Б магистраль шугмыг өргөтгөх, солих ажил. Энэ ажлыг хийх хүрээнд шаардлагатай ногоон байгууламж, дугуйн замтай холбоотой асуудал үүсч, цахим хуудаст иргэдийг талцуулсан. Тус ажлыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа бөгөөд ажлын захиалагч нь Эрчим хүчний яам бөгөөд төслийн нэгж байгуулагдсан. Нийслэлийн зүгээс уялдаа холбоог хангах ажлуудыг хийгээд явж байгааг онцолсон. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 278 модыг шилжүүлэхээс насжилтыг харгалзаж 160 гаруй модыг зөөсөн болохыг өнгөрсөн сард мэдээлж байв.

Гэхдээ зарим модыг зөөх боломжгүй учраас зайлшгүй тайрах шаардлага үүссэн. Ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээ үзүүлдэг нэгжүүд насжилт болон буруу арчилгаанаас шалтгаалж зарим модыг тайрах нь зүйтэй гэж үзсэн.

Шилжүүлээд байгаа 171 модыг Гачууртын хар усан тохой руу аваачиж, мод үржүүлгийн газарт суулгасан. Модноос гадна дугуйн замуудыг мөн хуулах шаардлага үүссэн.

Тайрсан гэх моднуудын хувьд 1950-иад онд тарьсан улиаснууд. Насжилт өндөр учир өөр хөрс рүү шилжүүлэх боломжгүй учраас тайрсан гэж албаныхан тайлбарласан билээ.

НЭГ ГАРААРАА БҮТЭЭЖ, НӨГӨӨ ГАРААРАА СҮЙТГЭХИЙГ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭВ

Нийслэлийн иргэд тав тухтай, амар тайван, цэвэр агаартай орчин нөхцөлд амьдрахыг хүсч байгаа. Түүгээр ч зогсохгүй байгаль эхээ хайрлаж, Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, мод тарих уриалгад ч нэгдээд явж байгаа. Гэвч нэг хэсэг нь байгаль экологио нөхөн сэргээж, хотын хүн амын эрүүл агаартай орчинд амьдрах нөхцөлийг дэмжиж байхад нөгөө хэсэг нь засвар шинэчлэлтийн ажил нэрийдлээр ногоон байгууламж, зүлэг, моддыг сүйтгэж байгаа нь таагүй.

Хотын ерөнхий менежер М.Баяраа хэлэхдээ "Энэ жил Улаанбаатарт хийх дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, дулааны шугам, цэвэр, бохирын шугамтай холбоотой олон ажил хийгдэх бөгөөд тодорхой байршилд зам талбайг чөлөөлөх, хуулах, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдана. Учир нь хотод нийтийн эдэлбэр газрын доор хийсэн шугам сүлжээ их байдаг. Тиймээс инженерийн шугам сүлжээг засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд зарим нэг газар шорооны ажлыг хийхээс өөр аргагүй.

Төсөв нь батлагдсан, төлөвлөгөө нь гарсан учир зуны гурван сард багтаж зарим ажлыг дуусгана. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг хүсч байна. Ногоон байгууламжийг зайлшгүй тохиолдолд хуулах, моддыг тайрах, шилжүүлэх шаардлага гарна.

Хотын зүгээс бусад байгууллагуудын хийх ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, иргэдэд төвөг удахгүй байх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаар зохицуулалтыг хийж ажиллана. Улаанбаатарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангахаар зуны их засвар тохижилт бүтээн байгуулалтыг хийх инженер хангамжийн чиглэлээр 24 байгууллага үйл ажиллагаа хийнэ. Үүний 644 арга хэмжээ төсөл хөтөлбөр нь төлөвлөгдсөн.

Жишээбэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК бол дулааны шугам сүлжээний гол засварын ажлыг 19 байршилд хийхээр болсон.

Төлөвлөгөөний дагуух засвар шинэчлэлтийн ажлуудаас гадна нийслэлийн есөн дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Дээрх ажлуудыг нарийвчлан хэлж байгаа нь энэ бүх ажлын ард газар шорооны ажлууд хийгдэнэ. Тиймээс явган хүний замыг хуулах, ногоон байгууламжийг шилжүүлэх дээр иргэдийг хүлээцтэй байхыг хүсч байна" гэсэн юм.

Харин иргэд нэг гараараа бүтээж, нөгөө гараараа сүйтгэж байгаа нийслэлийнхний зарим ажлыг ихэд шүүмжилж байна.

Ямартай ч ногоон байгууламж сүйтгэсэн гэх хэсгүүдэд дахин тохижилтын ажлыг хийх гэнэ. Харин түүнд төсөвлөх санхүү болоод ажлын явцад иргэд өөрсдөө хяналт тавих хэрэгтэй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж