Ромын пап Францис ирэх намар Монголд анх удаа айлчлал хийх талаар олон улсын хэвлэлүүд онцолсон. Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Ромын пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.
Монголд христийн католик шашны сүмүүд хэд хэд бий. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүмүүс католикийн шашинтай гэх тоо ч байдаг. Харин “Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байгаа. Уг айлчлалын талаарх хөтөлбөрийг эцэслэн баталсны дараагаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Нарийвчилсан хөтөлбөр батлагдаагүй байна. Ромын папын анхны айлчлал мэдээж аялал жуулчлалд нөлөөлөлгүй яахав. Монголд ирэх гадаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тэр жуулчдыг аялал жуулчлалын компаниуд хүлээн авна. Ирсэн жуулчдын үйлчилгээний орлогыг салбарын компаниудад л ашиг болж орно" гэв.
Ромын пап Францас ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд тав хоног Монгол Улсад айлчлах товыг Ватиканаас зарласан.
Түүнчлэн энэхүү айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх өдрүүдэд нарийвчлан мэдээлнэ гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм. Францис Улаанбаатарт айлчлах тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Африк дахь айлчлалаас эргэж ирснийхээ дараа хамба нарын хуралдааны үеэр анх зарлажээ.
Холбоотой мэдээ