Covid-19 цар тахлын үед гурван жил амны хаалт зүүсэн япончуудын дунд инээмсэглэлийн сургалт дэлгэрч байна. Инээмсэглэлийн сургалтын эрэлт өнгөрсөн жилээс дөрөв дахин өсчээ. Нэг цагийн ганцаарчилсан хичээл 7700 иен буюу 55 ам.долларын үнэтэй байна. Инээмсэглэлийн сургалтад хамрагдсан 20 настай Химавари Ёшида хэлэхдээ "Хөдөлмөрийн зах зээлд бэлэн байхын тулд инээмсэглэл дээрээ ажиллах хэрэгтэй. Цар тахлын үеэр нүүрний булчингаа нэг их ашиглаагүй тул дасгал хийх нь зүйтэй" гэв.
Японд Covid-19 цар тахлаас ч өмнө амны хаалт зүүх нь хэвийн үзэгдэл байсан. Засгийн газар энэ оны гуравдугаар сард амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлагыг цуцалсан ч олон хүн энэ дадал зуршлаа орхиогүй л байна. "NHK" телевизийн санал асуулгаар япончуудын 55 хувь нь одоо ч амны хаалтаа зүүж байгаа гэж хариулжээ. Иргэдийн зөвхөн найман хувь нь л амны хаалт зүүхээ бүрмөсөн больсон гэв.
Радиогийн хөтлөгч асан Кэйко Кавано 2017 оноос хойш инээмсэглэлийн хичээл зааж буй. "Эмэгтэйчүүд нүүрээ будахгүй, эрчүүд сахлаа хусахгүй гарах нь илүү хялбар байсан тул тэд амны хаалттай амьдралдаа дассан байх" гэж Кавано ярьжээ. Тэрбээр төгс инээмсэглэлийг бий болгохын тулд инээмсэглэлийн сургагч багш 23-ыг бэлтгэсэн байна. Соёл талаасаа инээмсэглэл нь би танд аюул учруулахгүй гэдгийг илэрхийлнэ гэж тэр хэлдэг.
Каваногийн заадаг брэнд инээмсэглэл бол "Холливуд маягийн инээмсэглэх техник" юм. Ингэхдээ нүдээ хавирган сар хэлбэрт оруулж, хацраа бумбайлгах ба дээд эгнээний найман ширхэг шүд ил гарах ёстой. Оюутнууд тусгай таблет руу инээмсэглэж, оноо авна.
Япончууд нь барууныхныг бодвол бага инээмсэглэдэг гэж мэргэжлийн хүн үзэж байна. "Цар тахлын хязгаарлалт үгүй болж, аялал жуулчлал идэвхжиж буй тул япончууд гадаадын иргэдтэй зөвхөн нүдээрээ харьцах нь хангалтгүй. Инээмсэглэх хэрэгцээ улам бүр л нэмэгдэж байна" гэж Кавано хэллээ.
Эх сурвалж: SCMP