Их Британи болон Австралийн Ерөнхий сайд нар 2021 оны хавар Вестминстер дэх оройн зоогийн үеэр байгуулсан хоёр улсын хоорондох анхны чөлөөт худалдааны гэрээ энэ долоо хоногоос албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Гэвч уг гэрээ нь Их Британийн фермерүүдийн дунд маргаан дэгдээж, "тэдний итгэлийг эвдсэн үйлдэл" гэж шүүмжлүүлж байна. Их Британийн фермерийн нийгэмлэгээс хийсэн мэдэгдэлдээ, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Австралийн талтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахын тулд "фермерүүдээ зарж идсэн" гэж буруутгажээ.
Уэльс хурганы махыг сайн чанарын австрали дарсаар даруулан зооглох үеэрээ Борис Жонсон Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонд хандан 50 орчим жилийн өмнө Европын холбоонд нэгдсэн нэгдсэн вант улсын шийдвэрийн өмнөөс уучлалт гуйсан аж. Улмаар Австралийн мах бэлтгэх аж ахуй нэгжүүдийг Их Британийн үхрийн махны зах зээлд нэвтрэхэд ногоон гэрэл асаасан байна.
Үүний дараа Жонсоны олон улсын худалдааны нарийн бичгийн дарга Лиз Трасс удирдагчдын хооронд байгуулсан хэлэлцээрийг мэдээд "маш их бухимдсан" гэж тухайн үед үйл явдлыг харсан гэрчүүд ярьжээ. "Таны дарга аль хэдийн бүхэл бүтэн хаант улсыг найр тавьчихлаа" гэж Австралийн хэлэлцээний ахлах төлөөлөгч Дан Техан түүнд баяртайгаар хэлэв. Тухайн үед Трасс гэрээг олон нийтэд зарлахаас өмнө дахин хэлэлцэхийг хичээсэн боловч бүтэлгүйтсэн байна.
Асуудлын гол нь Их Британид нэвтрүүлэхийг зөвшөөрсөн Австралийн үхрийн махыг бүтээгдэхүүний бодит жингээр хэмжих үү, эсвэл нийт үхрийн гулуузны жингээр тооцох уу гэдэг байв.
Их Британийн зах зээлд нэвтрүүлэх Австралийн 10 тонн дээд зэргийн зүссэн стейкийг гулуузны жинтэй тэнцэх хэмжээгээр тооцож үзэхэд 13 тоннд тооцогдоно. Гэхдээ Жонсон оройн зоогноос гарч ирэхдээ гулууз махны жингээр биш харин бүтээгдэхүүний жинд үндэслэсэн тохиролцоонд хүрч, Их Британийн албаны хүмүүсийн төлөвлөж байснаас олон мянган тонноор илүү их Австралийн үхрийн махыг оруулах болсон аж.
Гаалийн татвар, квотыг хассан чөлөөт худалдааны хэлэлцээрийн ачаар Австралийн талаас үхрийн махны экспортоо 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Их Британи өнгөрсөн жил Австралиас 4,1 сая фунт стерлингийн үнэ бүхий 560 тонн үхэр, тугалын мах, мөн 45,8 сая фунт стерлингийн үнэ бүхий 8,500 тонн хурга, хонины мах импортолсон гэж статистик тоо баримтад дурджээ. Австрали нь 1879 онд улаан махыг Их Британи руу илгээсэн бөгөөд дэлхийд анх удаа хөлдөөсөн махны экспортын тээвэрлэлтийг амжилттай хийсэн байдаг. Их Британи бол Австралийн Европ дахь хонины махны хамгийн том зах зээл юм. Нөгөө талдаа 2022 онд Их Британид үхрийн махны хэрэглээний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн тооцоо гарчээ.
Үүний зэрэгцээ Жонсон өнгөрсөн жилээс эхлэн үхрийн махны зах зээлийг ирэх 10 жилийн хугацаанд либеральчлах зорилгыг танилцуулсан нь Их Британийн хөдөө аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэлд олон мянган ажлын байрыг цомхотголд хүргэнэ гэж фермерүүд эсэргүүцжээ.
Хоёр орны худалдаа, визний зохицуулалтыг хөнгөвчлөх хэлэлцээрийг албаны хүмүүс түүхэн гэж тодотгож буй. Австралитай хийсэн хэлэлцээр нь Их Британи улс Европын холбооноос гарсны дараа байгуулсан анхны чөлөөт худалдааны гэрээ гэдгээрээ онцлог. Хэлэлцээрийн дагуу Австралийн талаас Их Британид экспортлох бүтээгдэхүүний 99-өөс дээш хувьд татвар ногдуулахгүй бөгөөд 10 жилийн дотор тарифын квотыг халах юм. Үүнд дарс, богино болон дунд үр тариа, элсэн чихэр, зөгийн бал, самар, чидун жимсний тос, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг Австралийн экспортын гол бүтээгдэхүүнүүд багтаж байна.
Мөн бизнес, аяллын визний журамд өөрчлөлт орж, австраличууд 30 нас биш 35 нас хүртэл Их Британид виз мэдүүлж, хоёр жил биш гурван жил оршин суух боломжтой болж байна.
Их Британийн тухайд Австралид импортлох барааны 98 хувьд ногдуулдаг татварыг энэ долоо хоногоос эхлэн хасч, үлдсэнийг нь зургаан жилийн дотор татваргүй болгоно. Нэгдсэн Вант Улс нь Австралийн худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд 2022 онд 10 тэрбум ам.долларын хоёр талын барааны худалдаа хийжээ.
Холбоотой мэдээ