УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.06.05/ хуралдаанаараа хаврын чуулганыг хаахаас өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуулийн төслүүдийн дарааллын тухай хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрчээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 26-нд баталсан байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулж, Улс төрийн намын тухай хуулийн төсөл зэрэг ажиллагаа ихтэй, нарийн хэлэлцүүлэг явах ёстой төслийг батлах шаардлагатай гэж үзлээ.
Гуравт, Засгийн газрын зарим гишүүн асуудал хөндсөнөөр хойшлуулсан Боловсролын багц хуулийн төслийг баталъя. Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төсөл дээр хариуцлагатай хандая гэж тохиролцлоо.
Дөрөвт нь, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлах нь зүйтэй юм аа гэж үзсэн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл зэрэг асуудал энэ хуультай холбоотойгоор хүлээгдэж байгаа учраас Нийгмийн бодлогын байнгын хороог уг төсөл дээр нарийвчлан ажиллах шаардлагатай гэж үзлээ.
Тавд нь, 2023 оны Монгол Улсын төсвийн тодотгол. Засгийн газар ирэх Лхагва гаригт УИХ-д төсвийн тодотголыг өргөн барина гэсэн, Пүрэв гаригаас хэлэлцүүлэг эхэлнэ.
Үүнээс гадна Бизнес эрхлэгчд эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль энэ салбарт хүлээлт үүсгэсэн байгаа тул хэлэлцье, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх шаардлагатай байна, Гэр бүлийн тухай хуультай уях шаардлага байна гэдгийг хэллээ.
Төрийн хэмнэлтийн тухай хууль, Үндэсний баялгийн тухай хууль зэрэг зайлшгүй хуулиуд, хууль эрх зүйн орчин байхгүйгээс бооцоот тоглоомоос болж, маш олон хүн хохирч байгаа тул ажлын хэсэг гараад бэлэн болсон тул Бооцоот тоглоомын тухай хуулийн төсөл, Морин уралдааны тухай хуулийн төслийг ажлын хэсэг ажиллаад бэлэн болсон тул хэлэлцэн батлах шаардлагатай гэдгийг салбарын сайд болон бусад гишүүд хэллээ.
Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч нь өвчтэй байгаа учир солиод явах уу гэдэг асуудал яригдлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 00-ыг шинэчлэх ажил удаашралтай байгаа тул ажлыг дуусгамаар байна гэдэг асуудал хөндөгдсөн.
Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өөрчлөх шаардлага байна гэдгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэлсэн. Эдгээр төслүүдээ Засгийн газар яаралтай оруулаад ирвэл УИХ батлах боломжтой гэдгийг хэлсэн байгаа.
-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр дэлгэрэнгүй ярилцсан зүйл байна уу. 76 тойрог дээр хоёр мандат нэмэгдсэн. Аль тойрогт нэмэх вэ гэхчлэн ярьсан зүйл байна уу?
-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр задаргаа яриагүй, зардалтай холбоотой асуудлыг тавьсан. Тухайлбал, сонгуулийн зардлыг 42-50 хувиар бууруулахтай холбоотойгоор асуудлаа шийдье гэсэн зүйлийг гишүүд тавьсан. Ухуулагчийн тоог тогтоох зэрэг асуудал бий. 78 квоттой холбоотойгоор Баянгол, Чингэлтэй дүүрэг тус бүр дөрвөн мандаттай байсныг хассаныг яаж шийдэх гэж байна вэ гэдэг асуудлыг гишүүдийн зүгээс тавьсан. Судалгаа гаргая, иргэдийнхээ саналыг авъя, ажлын хэсэг дээр ярья гэсэн.
-Ариун цэврийн байгууламж барихад зориулж 100 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс хэд нь зарцуулагдаад байна вэ?
-Боловсролын газар нь давхар ажил гүйцэтгээд байдаг. 67 тэрбум төгрөг хаашаа яаж зарцуулагдсан нь тодорхойгүй. Баригдсан 00 нь ашиглагдаагүй, шаардлага хангаагүй 00 ч бас байгаа тул шаардлагатай тохиолдолд сонсгол хийе гэдэг асуудал яригдсан.
Г.ХОРОЛ