Монголд K-поп фестивалийг 2023 оны долдугаар сард зохион байгуулахаар болсон. Энэ фестивальд Монголын рок, попын уран бүтээлчид оролцоно гэдгийг албаныхан хэлж буй. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад "БНСУ-аас к-поп фестивалийг зохион байгуулах ажлын хэсэг Монголд ирж, ажиллаж байна. Хөшигийн хөндийд том бүтээн байгуулалт эхэлж, олон улсын фестиваль төвийг байгуулах юм. Тэнд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Удахгүй газар шорооны ажил эхэлнэ. Ирэх жилээс том хэмжээний тоглолт хийнэ.
Энэ жилийн долдугаар сарын 28-31-ний өдрүүдэд к-поп фестивалийг анх удаа зохион байгуулна.
Өмнөд Солонгос улсаас к-попыг үндэслэгч И Сүмань зарим урлагийн одуудтайгаа долдугаар сард ирж, хэвлэлийн хурал хийнэ. Тэр үеэр тодорхой мэдээлэл өгөх байх. Энэ жилийн фестивальд "BTS" зэрэг том хамтлагууд ирэхгүй, ирэх жилээс оролцох байх. Тус хамтлагийн харьяалагддаг групп, компанитай ярилцаж, тохиролцож байж Монголд урих юм билээ" гэв.