Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүний тоог 126 болгох улмаар 78 нь тойргоос 48 нь жагсаалтаар сонгогдох, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах нөхцөл бүрдлээ. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгажээ. Наанаа “Манай тойргийн иргэд, сонгогчдын ихэнх нь гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна. Цалин тэтгэврийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг бууруулах асуудлыг ярьж байна. Иргэдийн амьдрал хүнд байна” хэмээн толгой дохин тонголзох атлаа цаашаа хараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өөрсдийнхөө тоог нэмэхийг дэмжлээ. Хамгийн гол нь иргэдийн эсэргүүцлийг намжаахаас сэргийлсэн үү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахтай зэрэгцэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд олгох шийдвэр гаргав. Цалин тэтгэвэртэй холбоотой дуулиан шуугиан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс иргэдийн анхаарлыг холдуулах үүргээ ч амжилттай гүйцэтгэсэн гэж хэлж болно.
Харамсалтай нь,2023 оны төсвийг батлах үеэр буюу одоогоос долоохон сарын өмнө “Ирэх оны төсөв шинэчлэлийн бас хэмнэлтийн төсөв байх болно” хэмээн тоть шиг давтаж байсан Засгийн газрын эрхэм гишүүдийн шүлс нь ч хатаж амжаагүй байна. Гэтэл шинэчлэлийн бас хэмнэлтийн төсвөөсөө алхмаар биш алдаар ухрах шийдвэр гаргаж цалин, тэтгэврийг нэмэгдүүлж улсын төсвийн урсгал зардлыг даруй 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ.
Эргэн сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийг батлах үед дараах нөхцөлийг тодотгож байлаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон. Ирж буй төсвийн жилд дараах нийгэм, эдийн засгийн үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд 1 их наяд төгрөгийг хэмнэнэ.
- Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж, 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй 1 их наяд төгрөгөөр бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталсан.
Түүнчлэн халамжийн хавтгайрсан бодлогоос үе шаттай татгалзах эхний алхмыг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохоос татгалзах шийдвэрээс эхэлнэ хэмээн эсэргүүцэл, тэмцлийг үл тоон нийт 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байлаа. Тэр ч бүү хэл олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсыг хавтгайрсан халамжийн бодлогоосоо татгалзахгүй бол хар, саарал жагсаалтад оруулж, хориг тавихад ойрхон байна хэмээн олныг айдаст автуулсан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж, "Хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэг рүү буюу илүү хэрэгцээтэй байгаа тэр хэсэг рүү өгөх шинэчлэлийг эхлүүлсэн. Өндөр орлоготой хэсэг нь эхнээсээ татгалзаад 90 хувьд нь 100 мянган төгрөгөөр нь олгоно. Ингэснээр өмнөх жилээс 120-оод тэрбум төгрөгөөр багасна. Өрхийн орлого дунджаар нийслэлд 1.9 сая , орон нутагт 1.5 сая гэж гарсан. Үүнийг хоёр дахин илүү авахаар 3.5 сая гэж гарч байгаа. Тэгэхээр 8.8 хувь нь 3.5 саяас дээш орлоготой гэж үзсэн" гэсэн юм хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдөр энэ бодлогоосоо ухарч хүсэлт гаргасан хүүхэд бүрд 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоос гадна, өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргав.
Долоохон сарын өмнө хавтгайрсан халамжаасаа татгалзахгүй бол хар саарал жагсаалтад орно хэмээн олон улсын байгууллагын зөвлөмжийг дагаж байсан бол эдийн засаг нь багахан өндийхөд тэдэнд эргэж хараад дунд хуруу өгч байгаа нь энэ.
Энэ мэт эргэж буцсан, эрхэлж нялхарсан шийдвэрүүд үүгээр дууссангүй.”Хэмнэлтийн төсөв баталснаар нэг их наяд төгрөг хэмнэлээ” хэмээн алга ташуулж байсан Засгийн газрынхан эргүүлээд 1.8 их наядын зардал нэмж төсөвт тодотгол хийлээ. Хэмнэсэн төсөв будаа, хэлмэгдсэн иргэд үлдлээ.
Хамгийн хачирхалтай нь "Өмнө нь бид төсвийн алдагдлыг нөхөхийн тулд төсөвт тодотгол хийдэг байсан. Тэгвэл энэ удаа төсвийн орлого нэмэгдэж, тооцоолсноос өндөр ашигтай гарсан учраас төсөвт тодотгол хийж байна” хэмээн итгэл дүүрэн, бахархалтайгаар мэдэгдэж байгаа Засгийн газрын эрхэм гишүүдийн мэдрэл нь зүгээр, сэтгэц нь хэвийн эсэхийг шалгуулах шаардлагатай ч байж мэднэ.
Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлав гэгчээр цар тахлын болоод геополитикийн эрсдэлээс бүрэн ангижраагүй байхад зөвхөн эхний улирлын 7.9 хувийн өсөлтдөө бардаж төсөвт тодотгол хийж байгаа нь цаашид олон эрсдэлийг бий болгоно гэдгийг эдийн засагчид хэлсээр, анхааруулсаар ирсэн.
Эхний улирлын эдийн засгийн өсөлт болох 7.9 хувийн өсөлт цаашид энэ хэвээр үргэлжлэхгүй гэдгийг Засгийн газрынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Эдийн засгийн энгийн дүрэм болох “Сайн цагт хуримтлуулж, муу цагт зарцуулах” зарчмаас Монгол Улсын Засгийн газар ухарлаа. Үүний үр дүнд нэг оронтой тоонд аваачих зорилт тавьсан инфляцийн хэмжээ өсч иргэд илүү их хохирол амсах дүр зурагтай байна. Цалин, тэтгэврээ нэмэгдүүлснийхээ төлөөсийг үнийн өсөлт, татварын дарамтаар төлөх л болно. Ямар ч улсын Засгийн газрын зардал эдийн засаг доройтож, унасан үед халамж, тэтгэврийг нэмэгдүүлэх, элдэв татвараас иргэдээ чөлөөлөх гэх мэтээр тэлэх заримтай байдаг. Харин эдийн засаг сэргэх үед татвараа нэмэгдүүлж, халамжаа бууруулах зарчим баримталдаг.
Гэтэл Монгол Улсын засгийн газар энэ бодлогыг тэс хөндлөн зөрж явна. Төсөв тэлсэн учраас цалин тэтгэврээ нэмэх биш, дэд бүтцээ хөгжүүлж, үндэсний орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийн хувийг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг илүү урт хугацаанд хангах шийдвэр гаргаж болох байлаа. Харалган төрийн үрэлгэн шийдвэрийн төлөөсийг бид бүгдээрээ төлнө. Төлөх төлөхдөө өнөөдрийн цалин тэтгэврийн өчүүхэн нэмэгдлээс хэд дахин нугалж төлнө.
Холбоотой мэдээ