"Нэг л өглөө сэрэхэд дайн эхэлсэн байсан"

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

"Нэг л өглөө сэрэхэд дайн эхэлсэн байсан"

"Нэг л өглөө сэрэхэд дайн эхэлсэн байсан"

"Суданд байх хугацаандаа хайртай хүмүүстэй “Хайртай” гэж хэлж чадаагүй. Тэгээд хэлчихвэл сүүлийн үгээ хэлж байгаа юм шиг санагдаад. Харин эх орондоо ирээд гэр бүлийнхэндээ  хамгийн түрүүнд хайртай гэдэг үгээ хэлсэн" гэх энэ бүсгүйг С.Мойлтмаа гэдэг. Тэрбээр халуун эх орон, хайртай элгэн саднаасаа хол дайны хүнд нөхцөл байдлаас эсэн мэнд гарч, эх орондоо ирээд буй. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнээр ажилладаг түүний хувьд Судан улсад гацсан монгол хоёр иргэний нэг юм. 


-Та дайны голомтод байсан. Хэр хол, хэцүү хүнд өдрүүдийг туулж эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Тэр байршлаас маргааш нь НҮБ-ын албан ёсны аврах ажиллагаа эхэлсэн. Нийт 1000 гаруй НҮБ-ын ажилтан, тэдний гэр бүл боомт хот руу явсан. Нэгэнт агаарын нислэг байхгүй учраас автобусаар хил нэвтрэх гарцыг хайсан. Бид боомт хотод хоёр өдрийн дараа очиж, тэндээсээ Саудын Арабт очсон юм. Миний хувьд Франц улсын засгийн газрын аврах ажиллагаанд хамрагдаж, Саудын Араб орсон. Тэндээсээ Кени улсын нийслэл Найроби хот руу чартер нислэгээр очиж, тэндээсээ Монгол руу нислэгээр ирсэн.

Гадаад харилцааны яамнаас иргэдээ татан авч буй улс орнуудын нэрсийн жагсаалтад миний нэрийг оруулах ажлыг хийсэн.

Мэдээж зарим улс орнууд усан онгоц нь дүүрсэн гэдэг шалтгаанаар татгалзаж байсан бол зарим нь нааштайгаар хүлээн авсан. Хятадын талын усан онгоц ирж, миний нэрийг оруулсан байсан боловч манай байрны гадна буудалцаан зогсохгүй байсан учраас гэрээсээ гарч чадаагүй. Ийм хүнд хэцүү үед улс орнууд найрсаг хандаж, бие биедээ сэтгэл гаргадгийг мэдэрсэн. Эх орондоо ирээд сар болж байна.

-Монголын хоёр иргэн тэнд байгаа гэсэн мэдээлэл энд цацагдсан. Тэр хүнтэй та таарав уу?

-Надтай Батлан хамгаалах яамнаас гурав дахь өдөр холбогдохдоо “Наана чинь бас нэг цэргийн алба хаагч байгаа” гэдгийг хэлсэн. Тэр хүн нислэгээ сольж, Өмнөд Судан, Хойд Суданы дунд байрлах цэргийн бааз руу явах гэж байгаад гацсан юм билээ.

Би тэр хүнтэй холбогдож чадаагүй. Гар утас, интернэт байхгүй, зочид буудалд гацсан байдалтай байгаа гэдгийг яамдаар дамжуулан сонсч байсан. Бас Саудын Араб руу аврах ажиллагаанд хамрагдаж, тэр хүн цаашаа ажил руугаа явсан гэсэн. Тэр хугацаанд ч гэсэн тааралдаагүй.

-Яамнаас гадна ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадсан уу?

-Яг дайн эхэлдэг өдөр утасны сүлжээ унтарсан байсан. Тог цахилгаангүй болсон. Манай байр дэд станцтай байсан учраас эхний гурван өдөр аргацааж, сүүлдээ тог цахилгаангүй болсон. Бүх станцуудыг бөмбөгдсөн учраас интернэт сүлжээгүй болж эхэлсэн. Ар гэрийнхнийхээ санааг зовоохгүй нь тулд маш бага мэдээллийг өгч байсан. “Гайгүй болж байна. Удахгүй очно” гээд аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээсэн.

-Тэнд  байхдаа та ганцаараа байсан уу ?

-Би Хонгконг улсын иргэнтэй хамт байсан. Ер нь найман давхар 30 гаруй айлтай барилга байсан. Хүмүүс нэг нэгээрээ явсаар байгаад сүүлд гурав, дөрөвхөн хүн үлдсэн байсан.

-Энэ хугацаанд хоол хүнсээ хэрхэн нөөцөлж байв?

-Гэртээ байх хугацаандаа хоол хүнсэндээ анхаарч эхэлсэн. Батлан хамгаалах яамнаас маш хүнд нөхцөл байдал үүссэн байна гэдгийг надад ойлгуулж, шаардлагатай хүнсээ нөөцлөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэхдээ юу ч идэхгүй байж болохгүй. Маргааш надад юу ч тохиолдохыг хэлж мэдэхгүй. Өөрийнхөө эрч хүч энергийг алдахгүйгээр хэд ч хонож магадгүй гэдгээр нөөцөө бэлдээрэй гэсэн.

Хоёр дахь өдрөөс ус хоол хүнсээ багасгаж, амиа зогоох хэмжээнд идсэн. Сүүлдээ хоол хүнс дуусч эхэлсэн.

Гадаа гараад дэлгүүр орно гэсэн ойлголт байхгүй. Бүгд бөмбөгдүүлж, шатсан. Хүн болгон бүх юмаа хаяад ганц үүргэвчтэй гарсан. Тэр үүргэвчиндээ ус, шоколад, самар гэх мэт жижиг хэмжээтэй, маш их шим тэжээлтэй хүнс авч явахыг зөвлөсөн. Бас ганцаараа идээд байж болохгүй. Хамт яваа хүмүүстэйгээ хоолоо хуваалцаж, идсэн.

-Хэзээ Монголынхоо Гадаад харилцааны яамтай холбоо тогтоосон юм бэ?

-Дайн эхэлсний дараа хоёр дахь өдрөөс Гадаад харилцааны яамтай холбогдож, өөрийнхөө талаарх мэдээллийг өгсөн. Консулын газрын дарга асуудлыг хүлээн авч, надтай тогтмол харилцаатай байсан. Гурав дахь өдрөөс нь надтай Батлан хамгаалах яамнаас холбогдсон. Энэ хоёр яамнаас тогтмол зөвлөгөө, мэдээлэл хүлээн авсан. Намайг галын бүсээс аврах боломжтой бүх зүйлийг эрэлхийлсэн боловч яг нөхцөл байдал дээрээ маш хүнд байсан. Тухайн улсын арми өөрөө дайнд байлдаж байгаа учраас аврах ажиллагаа хийх ямар ч боломжгүй, тэрийг ч надад маш сайн ойлгуулсан.

Яамнаас “Өөр өөрийгөө аврах хэрэгтэй байна. Цаашдаа нислэг хийх боломжгүй учраас явганаар маш хол замыг туулах шаардлагатай, өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй” гэдэг зааварчилгааг өгч байсан.

Хэн нэгэн өөрийнхөө амийг үл хайхарч, намайг аврах боломжгүй. Тиймээс тухайн дүүрэг, гудамжинд амьдарч байгаа гадаад иргэдтэй холбогдож, хамтдаа тэндээс гарах гарцыг эрэлхийлсэн. Голланд улсын иргэн тэндээс машинтай гарч таараад, 4-5 километрын цаана галын зурвасаас гарсан. Тэндээс гарах зам маш хэцүү байсан. Дайны буудалцаан нэг минут ч зогсохгүй байсан. Зам дээр энд тэнд шатсан техник хэрэгслүүд.

-“Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг. Мойлтмаагийн нэр их содон юм?

-Мойлт гээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байдаг газрын нэр. Манай өвөө, эмээгийн төрсөн нутаг. Тийм учраас эмээ маань надад хайрласан нэр. Монгол Улсад ганц байдаг нэр гэж Улсын бүртгэл дээр гарч ирж байсан.

-Ямар мэргэжлээр суралцаж, төгссөн бэ?

-Би эрхзүйч мэргэжилтэй. Хүний эрхийн хуулийн чиглэлээр мэргэшиж буй. Одоо НҮБ-ын Хүүхдийн санд Хувийн хэвшил хариуцсан мэргэжилтнээр тав дахь жилдээ ажиллаж байна.  Бизнес, хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хүний эрхийг хангах ёстой вэ гэдэг сэдвээр магистрын ажлаа хамгаалсан.

Мэдээж энэ чиглэлээр ажиллах боломж олгож буй олон улсын цөөн байгууллагын нэг нь НҮБ. Энэ байгууллагад материалаа өгч, сонгон шалгаруулалтад тэнцэж ажилд орсон.

Нийгмийн оролцогч бүхий л талууд хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах ёстой байдаг. Тэр бүхнийг Монгол Улсад таниулж, хувийн хэвшлүүдээ уриалан хамтарч ажилладаг.

-Энэ ажлаараа Судан улс руу явсан уу?

-Тийм ээ. Судан улсын НҮБ-ын Хүүхдийн санд энэ ажлыг хийдэг хүн нь ажлаасаа гарч, дараагийн хүнээ авах хугацаанд дэмжлэг үзүүлэхээр явсан. Би хоёрдугаар сарын сүүлчээр Суданд очиж, нэг сар гаруйн хугацаа өнгөрч байсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 15-нд буюу Бямба гаригт дайны нөхцөл байдал үүсч эхэлсэн. Дайн гэдэг зүйл урьдчилж сануулж байгаад эхэлдэггүй юм байна. Нэг өглөө сэрэхэд бүх газар бөмбөгдөлтөд өртөж, хоёр талууд аль хэдийнэ байлдаад эхэлчихсэн байсан.

-Хамгийн  түрүүнд тухайн улсын нисэх буудлыг бөмбөгдсөн учраас онгоцоор нисэх ямар ч боломжгүй болсон гэсэн үү?

-Судан улсын нийслэл Хартум хотын төв хэсэгт нисэх онгоцны буудал нь байрладаг. Манай гэр онгоцны буудлынх нь хажууд байсан. Амьдарч байсан дүүрэг, гудамж тэр чигээрээ галын зурвас болсон. Тэнд хоёр том галын зурвас байсны нэг нь миний байрлаж байсан дүүрэг. Нөгөө дүүрэгт нь төрийн байгууллагууд байрладаг байсан учраас энэ хоёр дүүрэгт өдөр шөнөгүй байлдаан болж байсан.

Судан улсын бүх нутаг дэвсгэрт дайн болж, аюулгүй газар гэж байхгүй болж, маш хүнд нөхцөл байдал үүссэн.

Нисэх буудлаа бөмбөгдүүлсэн учраас аврах ажиллагаа хийх ямар ч боломжгүй болж, дэлхийн олон улсын иргэд тэнд гацсан. Гацах гацахдаа цар тахлын нөхцөл байдлаас тэс өөрөөр тэдгээр хүмүүс нэг минутын дараа амьд сэрүүн байх уу, үгүй юу гэдэг нөхцөл байдалд орсон. Би гал тогооныхоо цонхгүй хэсэгт нуугдаж, тийм байдалтай долоо хоносон. Сүүлдээ байрандаа байх аюултай болж, барилгаас гарах шаардлагатай болсон.

-Анх интернэтээр холбогдоход утасны дата, цэнэг маш хязгаарлагдмал байна гэж байсан шүү дээ?

-Гэрээсээ гараад зугтаж байхдаа байлдаж байгаа аль нэг талд баригдаж, гар утсаа булаалгасан. Тэр үед үг хэл нэвтрэлцэхгүй, ямар нэг сэжигтэй үйлдэл гаргасан иргэд амь эрсдэж байсан. Тухайн үед өөрт байгаа эд зүйлээ хураалгаж, амиа авч гарсан.

Гар утасгүй болж бүх хүнээс холбоо тасарсан. Нэг хоногийн дараа хамт явсан хүмүүсийнхээ утсаар Гадаад харилцааны яамтай дахин холбоо тогтоож, мэдээ өгсөн.

-Монголдоо ирээд сэтгэл нь амарсан уу?

-Эх орондоо ирэхээс өмнө хамгийн аюулгүй газарт ирлээ гэж бодсон газар бол Кени улс. Тэнд бүх сэтгэл хөдлөлөө гаргасан. Тэнд тайван газар ирснээ ойлгож, дайны бүсээс хамт гарч, 10 гаруй хоногийг хамт туулсан хүмүүстэйгээ уулзах мөч маш сайхан байсан. Тэндээ бас нэлээн тайвширч, нислэг хүлээж дөрөв хоносон.

Манай гэрийнхэн хүртэл нэлээд тайвширсан. Нөгөө талаар бас харамсалтай мэдрэмж төрдөг юм билээ. Би ийм тайван газар амьдарч байхад маш олон хүн дайнд нэрвэгдэж, тэнд өнөөдөр ч гэсэн дайн үргэлжилж байна. Тэнд 13 сая хүүхэд аюултай дайны гал дотор байна гэж бодохоор сэтгэл санаа их хямардаг юм байна.

Хайртай хүмүүстэй юу гэж хэлэхийг хүсч байв?

-Тэнд байх хугацаандаа хайртай хүмүүстэй “Хайртай” гэж хэлж чадаагүй. Тэгээд хэлчихвэл сүүлийн үгээ хэлж байгаа юм шиг санагдаад. Хамгийн түрүүнд сэтгэлийн үгээ хэлсэн.

Хүн тийм юмтай тулгарахаар “Би ямар их хайран дунд байсан юм бэ” гэж олж хараагүй зүйлээ, амьдралын үнэт зүйлээ, яагаад энэ ажлаа хийж байгаагаа маш сайн ойлгодог юм билээ.

Гэр бүлийнхэн, хань маань надад амьдрал маш богинохон юм байна. Тэгэхээр хүссэн бүх юмаа хийж, амьдраарай гэж хэлсэн. Би бол “Наад ажил чинь бүтэхгүй юм байна” гэж хэлэх байх гэсэн чинь эсрэгээрээ их дэмжсэн. Хэзээ ч харамсахгүйгээр амьдраарай гэдгийг өөрөө болон эргэн тойрныхон маань ч ойлгосон.

    

-Хүүхдэдээ энэ тухайгаа ярьж өгсөн үү?

-Хүүхэд маань одоо 10 настай. Тухайн мөчид өөрийгөө ямар байдалд байгааг хүүхэддээ огт мэдэгдүүлээгүй. Гэхдээ эх орондоо ирсний дараа өөрөө шийдвэр гаргаж, хүүхдэдээ ярьж өгсөн. Яагаад гэвэл энэ бол маш чухал.

Миний юу үзэж туулсан тухай одоо ойлгохгүй ч ойлгох өдөр ирэх байх.

Хоёрдугаарт, дэлхийн хаа нэгтэй өөр тив дээр ийм хүнд байдалтай байгааг зарим хүмүүс сонсооч үгүй. Бараг телевизээр ч гаргадаггүй, ийм хүнд байдал байдаг юм байна гэх мэдээллийг хүүхдэдээ өгөхийг зорьсон.

-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн хамгийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд туслах үүрэгтэй. Тэрийгээ сая нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Дайн болж, бөмбөг дугарч байхад бүгд компьютер дээр ажлаа хийгээд сууж байсан. Бидний тайвшрахыг хэн ч хүлээхгүй.

Хүмүүнлэгийн ажил аюул хаана байна түүнтэй зэрэгцэж байдаг.

НҮБ-ын ажил хэзээ ч зогсдоггүй юм байна. Би үүний эд эс нь болж, чадлаараа өөрийн хувь нэмрийг оруулж, чадлаараа ажлаа хийлээ. Энд ирсэн хэдий ч Судан дахь оффистоо чадлаараа дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа дайны үед хүмүүс ямар нөхцөл байдалд ордгийг мэдэрсэн цөөн хүмүүсийн нэг учраас мэдсэн чадсан зүйлээ хэрэгжүүлнэ гэж бодож байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж