Япон улсын төрөлт 2022 онд долоо дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод хэмжээнд хүрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлэв.
Японы 125 сая гаруй хүн ам сүүлийн 16 жилийн турш буурч байгаа бөгөөд 2070 он гэхэд 87 сая болж буурах төлөвтэй байна. Хятадын бүс нутаг дахь хүчирхэгжилтийн эсрэг Япон улс нь эдийн засаг, батлан хамгаалахын хүчээ сайжруулахаар хичээж байгаа ч хүн ам буурч, хөгширч байгаа нь үндэсний аюулгүй байдлын том сорилт болоод байна.
Японд өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо таван хувиар буурч, 77,747 хүүхэд мэндэлсэн нь бас нэгэн доод үзүүлэлт гэж Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Гэтэл нас барсан хүний тоо есөн хувиар өсч 1.57 саяд хүрчээ. Ингэснээр хүн амын тоо өнгөрсөн онд 798,214 хүнээр буурсан байна.
Ерөнхий сайд Фумио Кишиа төрөлт буурч байгаатай тэмцэхийг бодлогын үндсэн зорилтуудын нэг болгон тавьж, цаашид эрс арга хэмжээ авахаа амлав.
Кишида багц арга хэмжээг боловсруулах үүрэг хүлээсэн шинжээчдийн багийнханд хандан хэлэхдээ, “Бидний хувьд буурч буй төрөлтийг буцаах сүүлчийн боломж бол 2030 он. Үүнээс хойш залуу хүн амын тоо эрс буурах төлөвтэй байна” гэжээ.
Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд хүүхэд төрүүлэх, өсгөн хүмүүжүүлэх тэтгэмж, дээд боловсролд олгох татаасыг нэмэгдүүлэх зэрэг хүүхэд асрах шинэ багцад зориулж жил бүр 3.5 их наяд иен буюу 25.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Кишидагийн засгийн газар оны эцэс гэхэд тодорхой арга хэмжээ авч, санхүүжилтээ баталгаажуулна гэж мэдэгдсэн. Харин мэргэжилтнүүд санал болгож буй арга хэмжээ нь ихэвчлэн одоо байгаа арга хэмжээний нэмэлт санхүүжилт бөгөөд үндсэн асуудлуудыг шийдвэрлэхгүй гэв.
Япон залуус гэрлэх, гэр бүлтэй болохоос татгалзаж байгаа нь ажлын таагүй байдал, тэр дундаа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд үл нийцэх компанийн соёл, хүүхэд өсгөх зардалтай холбоотой.
Япон бол дэлхийн гурав дахь том эдийн засаг боловч амьжиргааны өртөг өндөр, цалингийн өсөлт удаашралтай, япончуудын 40 орчим хувь нь цагийн болон гэрээгээр ажилладаг, Засгийн газар нийгмийг хүүхэд, эмэгтэйчүүд, цөөнхөд илүү хүртээмжтэй болгох тал дээр хоцрогдсон гэж шүүмжлэгчид үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ