Хятадын Бээжин хотын төв талбайд 1989 оны зургадугаар сарын 4-нд олон мянган оюутан залуусын эсэргүүцлийг цэрэг, танкийн хүчээр дарсан цуст үйл явдлыг Хонгконгод жил бүр жагсаал цуглаан, гэрэлт зул өргөн дурсдаг.
Тянь Ань Миний талбайд болсон үйл явдлын 34 жилийн ойн өмнөхөн Хонгконгийн цагдаа нар идэвхтнүүд, уран бүтээлчид зэрэг найман хүнийг баривчилжээ. Цагдаа нар өчигдөр орой мэдэгдэл хийхдээ, олон нийтийн газар дэг журам алдагдуулж, үймээн самуунтай үйлдэл хийсэн гэх дөрвөн хүнийг баривчилсан гэв. Мөн бусад дөрвөн хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт сэжиглэн мөрдөн байцаалтад авч явсан гэжээ.
Цар тахлын үеэр Хонконгод COVID-19-ийн хязгаарлалтын улмаас эсэргүүцлийн жагсаал ховор байсан. Мөн 2019 онд болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа Бээжин үндэсний аюулгүй байдлын талаар өргөн хүрээтэй хууль хэрэгжүүлсний дараа Хонгконгийн идэвхтнүүдийн амыг таглаж, шоронд хорьсон.
Энэ жил Тянь Ань Миний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ нам жим байх төлөвтэй байна. Тодруулбал, идэвхтэн Кван Чун-понг, Лау Ка-и нар өчигдөр өглөө Викториа паркад ирж, “Тянь Ань Миний хохирогчдод эмгэнэл илэрхийлэхийн тулд 24 цагийн турш мацаг барина” гэж хэлснийхээ дараа баривчлагджээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS