"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр /2023.06.04/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч амралтын өдөр таарч байгаа учир нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тиймээс тухайн өдөр буян үйлдэхээс гадна их дүйчин өдрийг угтсан соёлын болоод эрдмийн үйл ажиллагаанууд олноор зохиогдох юм байна.
Сүхбаатарын талбайд 09.00 цагт үйл ажиллагаа эхлэх гэнэ. Энэ үеэр Наро Банчэн гэгээнтэн бясалгах заах аж. Бясалгалын дараа Хүндэтгэлийн жагсаалын үйл ажиллагаа эхэлж, Гандантэгчинлэн хийдэд шашин соёлын үйл ажиллагаа үргэлжлэх гэнэ.
Бурхан багшийн их дүйчин өдрөөр:
- Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
- Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
- Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх
- Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
- Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
- Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
- Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулахыг чухалчилдаг байна.
Холбоотой мэдээ