АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд Хойд Солонгосын цэргийн аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэж буй. Энэ хүрээнд гурван улсын Батлан хамгаалахын тэргүүнүүд өнөөдөр Сингапурт гурван талт хэлэлцээ хийх гэж байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын Ли Жон Суп, АНУ-ын Ллойд Остин, Японы Ясүказү Хамада нар Сингапур дахь Шангри-Ла яриа хэлэлцээний хүрээнд уулзах юм.
Хэлэлцээрээр Хойд Солонгосын пуужингийн сэрэмжлүүлгийн мэдээллийг цаг тухайд нь хуваалцах систем бий болгох, аюулгүй байдлын гурван талын сургуулилалтыг өргөжүүлэх зэрэг асуудал яригдана.
Одоогийн байдлаар пуужингийн сэрэмжлүүлгийн мэдээллийг Өмнөд Солонгосын арми болон АНУ-ын Солонгосын цэргийн хүчин хооронд, Японы өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын Японы арми хооронд цаг тухайд нь солилцож байна. Энэ нь 2014 онд гарын үсэг зурсан гурван талт мэдээлэл солилцох хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй ажил юм.
Холбоотон орнуудын удирдагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөн уулзсан. Камбожид болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар уулзаж байв. Гурван талт хамтын ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сард Пёньян хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор улам идэвхжиж байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ