Өмнөд Африкийг өнгөрсөн онд ОХУ-д зэвсэг, сум нийлүүлсэн байж магадгүй гэх таамаглалыг АНУ дэвшүүлсэн. Энэ мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ыг зэмлэжээ. Тэрбээр АНУ-ыг Өмнөд Африкийн хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж зэмлээд, өөрийгөө хичээхийг хүссэн байна.
Дээрх хэргийг эргэн сануулахад, АНУ-ын Элчин сайд Реубен Бригети өнгөрсөн сард хэвлэлд ярилцлага өгөхдөө Өмнөд Африкийг ОХУ-ын ачааны хөлөгт зэвсэг, сум ачсан гэдэгт итгэлтэй байна гэжээ. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-8-ны хооронд болсон үйл явдал аж. Тэр бүү хэл, энэ мэдэгдлээ үнэн зөв гэдэгт амьдралаараа бооцоо тавина гэж тэр хэлжээ. Тиймээс энэ мэдэгдлийн дараа орон нутгийн эрх баригчид мөрдөн байцаалт эхлүүлсэн.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Африк тивд айлчилж буй билээ. Тэрбээр Лхагва гаригт Мозамбикт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Реубен Бригетийн мэдэгдлийн талаар үг хэлсэн байна. "ОХУ болон Өмнөд Африкийн харилцаа нь олон улсын хууль тогтоомжид нийцэж байгаа. АНУ эсвэл бусад гадаадын Элчин сайдууд өөрсдийгөө ямар нэг юм харсан гэж бодож байгаа бол өөрсдийнхөө асуудалд л анхаарлаа хандуул. Бусдын хэрэгт оролцох хэрэггүй" гэж тэр хэлжээ.
Дашрам дурдахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад байнга түдгэлзсэн хариулт өгсөөр ирсэн Өмнөд Африк нь энэ оны хоёрдугаар сард Хятад, Оросын цэргүүдтэй хамтарч тэнгисийн цэргийн тулааны тоглолт зохион байгуулжээ. Мөн энэ оны сүүлээр Өмнөд Африкт БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уригджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ