С.Бямбахорлоо: Төрийг тэжээх гэж гадаад өрийг нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.03-нд нийтлэгдсэн

С.Бямбахорлоо: Төрийг тэжээх гэж гадаад өрийг нэмэгдүүлж байна

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. 


Г.ЗОЛЖАРГАЛ: ЦАЛИН НЭМЭХЭЭСЭЭ ӨМНӨ ТЭЭВРИЙН АСУУДЛАА ШИЙДЬЕ

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг, экспорт нүүрсний худалдаан дээр тогтдог. Нэг үеэ бодвол нүүрсний экспорт өссөн сайн мэдээ дуулдаж байна. Гэхдээ энэ цонх үе хэр удаан үргэжлэх вэ?

-Оны эхний улиралд экспортын үзүүлэлт сайн байлаа. Гэхдээ эхний улирлын төгсгөлөөс уруудчихсан. Хоёр сар дарааллан нүүрсний үнэ унаж, зах зээл нь багасч, эрэлт буураад байна. Оны эхэнд хөөсөрсөн хүлээлт БНХАУ-д байсан. Энэ байдал намжих тийш хандаж байгаа нь огцом буурч байгаа мэт үзүүлэлт болж байна. Тэгэхээр удахгүй үнэ, нийлүүлэлт тогтворжиж, үлдсэн хугацаанд жигд явах байх. БНХАУ-ын гурван ч мэргэжлийн байгууллагын судалгааны дүнгээс харж байхад Монгол Улсаас 35 сая тонн нүүрс авах тооцоолол харагдаж байна. Одоогийн байдлаар дээрх дүнгийн талаас илүү хувийг нийлүүлчихээд байна. Үлдсэн хугацаанд гаргах нүүрсний хэмжээ харьцангуй багасах ч жигд хэмжээтэй явсаар төлөвлөсөн хэмжээгээ гаргах байх.

-Тэгэхээр 42 сая тонн нүүрс зарна гэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өөдрөг төсөөлөл худлаа болно гэсэн үг үү?

Зарим нэг хүмүүс 40 гаруй сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой гэж удаа дараа мэдэгдэж байгаа. Юу л бол… БНХАУ жилдээ нийт 70 гаруй сая тонн коксжих нүүрс авдаг. Сүүлийн арван жилд ийм байж ирсэн.

Тухайлбал, 2021 онд 64 сая, 2022 онд 77 саяд хүрсэн. Энэ бол том тоо. Үнэхээр БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээ 80-90 сая тонн болж өсвөл Монгол Улсаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэх магадлалтай. Гэхдээ БНХАУ Монгол Улсаас төдийгүй ОХУ-аас өнгөрсөн хоёр жил ихээр авсан.  Австрали улстай нэг хэсэг хоригтой байсан бол хориг нь цуцлагдснаар үргэлжлүүлэн авч байна.

Түүнчлэн Канад, АНУ, Африк гэх мэт БНХАУ-д коксжих нүүрс нийлүүлдэг орон олон. Нөхцөл байдал ийм байхад коксжих нүүрсний хэрэглээнийхээ талаас дээш хувийг зөвхөн Монгол Улсаас авна гэж байхгүй. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, газарзүйн хувьд Монгол Улсаас авч байгаа нүүрсийг тээвэрлэхэд хэцүү. Хоёрдугаарт, эрчим хүч нүүрс гэх мэт эрчим хүчний эх үүсвэр, технологийн түүхий эдийг  нэг улсаас хараат байх бодлого улс орнууд баримталдаггүй. Ялангуяа БНХАУ. Монгол Улс БНХАУ нүүрс нийлүүлэх боломж 50-100 сая байсан ч ийм хэмжээгээр авах нь юу л бол. Их хэмжээгээр нүүрс нийлүүлэх нь гадаад бодлого болоод улс төрийн харилцаанаас шууд хамаарна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


С.БЯМБАХОРЛОО: ТӨРИЙГ ТЭЖЭЭХ ГЭЖ ГАДААД ӨРИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

СЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоотой ярилцлаа.

-Төрийн сан, төрийн өмчит компаниудыг тоносон, завшсан хэргүүдийн талаар бид сүүлийн үед их ярьж байна. Та төрийн өмчит компаниудын ашиг, орлогын талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар бид хаашаа явж байна вэ?

-Хөрөнгө гэх ойлголтыг эхлээд өгье. Хөрөнгө гэх ойлголт гурван шалгуурыг л хангах ёстой. Нэгдүгээр тухайн хүний өмчлөлд байх ёстой. Хоёрдугаарт эдийн засгийн үнэ цэнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, гараад зарах боломжтой байх ёстой. Гуравдугаарт, эдийн засгийн эргэлтэд ороод үр ашиг авчирч байх ёстой. Ийм гурван шалгуурыг хангаж байвал хөрөнгө гээд байгаа юм. Орчин үеийн макро эдийн засгийн онолын хувьд төр нь тодорхой оролцоотой байна. Тэр нь зохицуулалтын үүрэгтэй оролцоно. Түүнээс төр бизнес хийхгүй гээд байгаа юм. Харин өнөөгийн манай төр яаж байна гэхээр тэрхүү хөрөнгийг эзэмшдэг, эргэлтэд оруулж бизнес хийдэг болж хувирах гээд байна. Яагаад гэвэл, төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хөрөнгө 53 их наяд төгрөг. Түүнээс үүсч байгаа ашиг нь 300 тэрбум хүрэхгүй. Жишээлбэл, хувь хүн 53 сая төгрөгтэй байна гэж бодъё. Үүнийгээ бизнест хөрөнгө оруулсан. Түүнээс нь олж байгаа ашиг нь 700 мянган төгрөг болоод байвал яах вэ?

-Дампуурна…

-Тэгнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн жишээг ярья л даа. Сүүлийн таван жилийг нь харахаар хөрөнгө нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тийшээ хөрөнгө оруулалт хийгээд байсан. 2021 оны байдлаар 15,3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй тус компани нэг их наядын борлуулалт хийсэн. Түрүүний жишээгээр бол, 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг сая төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 100 мянган төгрөг хүрэхгүй ашиг олсон. Гэхдээ энэ компани бүтээгдэхүүн боловсруулалт хийдэггүй шүү дээ. Бэлэн байж байгаа нүүрсийг шанагаар хутгаж аваад л зарж байгаа газар. Гаргаад зараад байгаа болохоор нөөц нь багасаад л байгаа. Ийм зүйл рүү төр нь 15 их наядыг байршуулаад тийм л ашиг олж байна гэсэн үг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Ж.ГАНБААТАР: УРАНЫ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХИЙНЭ

Уул уурхайн сайд Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Эдийн засаг эхний улиралд 7.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ өсөлтөд уул уурхайн салбарын нөлөө их байсан. Цаашид энэ өсөлт хэр удаан хугацаанд үргэлжилнэ гэж тооцож байна вэ?

-Уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унаж байгаа. Гэхдээ үнэ унаж байгаа нь Монгол Улсаас шалтгаалаад байгаа зүйл байхгүй. Дэлхий нийтэд нүүрсний үнэ унаж байна. Нэг эерэг мэдээ байгаа нь алтны үнэ тогтвортой байна. Бүр цаашлаад бидний тооцоолсноос өсч байна. Зэсийн үнийн тухайд саяхан хоёр өдөр 7000 ам.доллар руу орсон. Буцаад 8100 ам.долларт хүрээд байна. Зэсийн прогноз дэлхий дахинд 10 мянган ам.доллар гарна гэсэн прогнозтой байна. Энэ чиглэлээр судалгаа хийдэг бүхий л байгууллагын дүн мэдээ эерэг байгаа нь бас нэг сайн мэдээ. Тиймээс зэсийн баяжмалын экспорт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Энэ нь Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орсонтой шууд холбоотой. Энэ бүхнээс харахад нүүрсний үнэ, экспортод бага зэрэг сөрөг үр дүн ажиглагдаж байна.

Гол нь өмнө нь нүүрсийг 70-80 ам. доллараар зардаг байсан бол одоо 150-180 ам.доллараар зардаг болчихлоо. Энэ бол биржийн ач холбогдол.

Биржийн тогтолцоотой болохын ач холбогдолыг үгүйсгэхийг хүсэхгүй байна. Олон улсын жишгээ дагаад Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсээ нээлттэй ил тод зарчимаар худалдах боломжийг эрэлхийлж байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар нийт гаргасан нүүрсний 1\10 -ийг нь биржээр худалдаалсан гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр биржээр нүүрсээ худалдаж байгаа нь эдийн засгийн шууд өсөлтийг бий болгосон гэдэг нь үнэнд хэр ойр юм бол? 

-Биржээр нүүрсээ зарах нь хамгийн сайн гэх ойлголт бол биш л дээ. Бирж байгуулагдсанаар нүүрсний үнийг 150-180 ам.долларын үнэлгээтэй болгож байгаа нь хамгийн чухал. Өмнө нь биржийн тогтолцоогүй байхад ширээн доогуур 70-80 ам.доллараар нүүрс зарагддаг байсан. Гэтэл одоо үнэ нь гурав дахин өсчихлөө. Энэ нь хамгийн чухал үр дүн. Харин биржээр нүүрсээ их, бага хэмжээтэй зарлаа гэдэг нь бидний хийх ёстой ажлын үзүүлэлт мөн. Гэхдээ нүүрсээ үнэ хүргэнэ гэдэг бол тэр хэмжээний АМНАТ авч тэр хэрээрээ ач холбогдол, үр нөлөө нь өснө гэсэн үг.

Дахиж хэн нэгэн даргын үгээр, заавраар хямд үнэтэй, урт хугацаатай гэрээ хэзээ ч байгуулахгүй гэсэн үг.

Энэ нь хамгийн том ач холбогдол, үр дүн. Ийм үр дүнг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Тэр хүмүүс биржийн арилжаагаар гаргасан нүүрсний хэмжээ бага байна, ач холбогдол багатай байна гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсээд байх шиг байна. Гэсэн хэдий ч худал үнэнд гүйцэгддэг. Биржийн тогтолцоогоор нүүрсээ худалддаг болсноор тодорхой хэмжээний чиг баримжаа, зарчим үнэ тогтоочихож байна. Тиймээс үүнээсээ ухарч бага үнээр зарах боломжгүй учраас биржээр нүүрсээ худалдсанаар тэндээс олох орлого тэр хэрээрээ өснө.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Н.ЭНХБОЛД: уих 126-уулаа болсноор нэг гишүүнд ногдох эрх мэдэл буурна

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Н.Энхболдтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.  

-Өнгөрөгч чуулганаар тоо, тогтолцоотой холбоотой түүхэн шийдвэрийг баталлаа. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улс 126 гишүүнтэй байснаар иргэдийг төлөөллийг бүрэн хангаж чадах уу. Ямар үндэслэлээр 126 дээр тогтов оо?

-Аливаа том шийдвэр олон байр суурь, хүсэл эрмэлзлийн огтлолцолд гардаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт амар байгаагүй. Хоёрдугаарт, энэ бол цоо шинэ бодоод гаргаад ирсэн зүйл биш. Сүүлийн 16, 17 жил яригдаж, удаа дараа ажлын хэсгүүд УИХ-д гарч энэ сэдвийг хөндөж, хэлэлцэж санал боловсруулж, хамгийн сүүлийн мөчид санал хүрэхгүй явсаар байгаад өнөөдрийг хүртэл хойшилсон. 2019 оны ҮХНӨ-өөс үлдсэн гол заалтуудын нэг нь гишүүдийн тоо, тогтолцоотой холбоотой асуудал байсан. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Урьд нь өмнө гарч байсан хоёр шийдвэрээ хоёуланг нь зэрэг цуцлаад Их суудлын хурлаараа тогтолцооны асуудлыг Үндсэн хуультай, хуульгүй шийдэх боломжийг гаргаж өгсөн байсан. Өнөөдөр улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал амаргүй үед энэ хуулийг гаргаж байгаа нь миний түрүүний хэлснээр зөвхөн нэг хэсэг улстөрчдийн хүсэлтээр юм уу эсвэл олон нийтийн санал бодол байр суурийг баримтлах биш, тал талын сонирхлууд байр  суурийн огтлолцолд гарсан хууль гэж юуны өмнө хэлэх байна. Тооны хувьд 152 гэх тоо нь зүгээр санамсаргүй гарч ирсэн тоо биш. Миний харж байгаагаар Засгийн газраас оруулж ирсэн 152 бол зүгээр 76-г хоёрт үржүүлээд тавьчихсан тоо биш. Шинжлэх ухаанчаар сонирхож, үндэслэл байна уу гэж асууж байгаа бол “тийм байсан” гэж хэлэхээр байгаа юм. Олон улсад мөрдөгдөж ирсэн газар нутаг, хүн ам, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн байршил зэрэг бүх юмаар нь тооцоолж  гаргадаг куб язгуурын аргыг баримталж олон судлаачдын судалгаагаар гаргаж ирсэн үндэслэлтэй тоо гэж хувьдаа боддог. Ер нь улс төрийн намуудтай зөвшилцөж зөвхөн өөрсдийн төлөө биш дараа, дараагийн он жилүүдийн улс төр нийгмийн амьдралын зөв суурийг тавих улс төрийн манлайллаа үзүүлэх хүрээнд ярилцаж санал солилцож, зөрөлдөж олон юмыг ярьсаар байгаад 126 гэдэг тоо гарч ирсэн.

126 бол улс төрийн зөвшилцлийн үндсэн дээр тал талын байр суурийг агуулсан байдлаар тогтсон тоо гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж