Одоогоос хоёр хоногийн өмнө /2023.05.31/ жирэмсэн эхнэр, таван настай хүүгээ зодсон хэрэг гарсан талаар иргэн цахим хуудастаа мэдээлсэн. Тодруулбал, хойд эцэг болох 29 настай эрэгтэй нь хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, таван настай хүүхдийг хүнд гэмтээсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд тухайн хүнийг хүргэсэн ч хорих заалтгүй учир сулласан. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд хүргэе гэсэн ч татгалзсан, гэртээ байгаа.
Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн" гэв.
Одоогоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хориогүй байна. Таван настай хүүгийн ээжийн хэлснээр "Тухайн хүнтэй хамтран амьдраад дөрвөн сар болж байгаа. Тавдугаар сарын 31-ний орой гэр бүлийн маргаан гарч, биднийг зодсон. Гэрээсээ гарч зугтаасан ч араас гүйцэж ирээд хүүхдийг маань зодож, намайг мөн цохисон.
Өмнө нь нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл хийж үйлдэж байсан ч цагдаад өгөөгүй.
Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байсныг нь мэдэж байсан ч хүчирхийлэл үйлдэнэ гэж бодоогүй" гэх тайлбарыг өгчээ. Хүүгийн гэмтлийн зэргийг шүүх шинжилгээний эмнэлэг хийж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсаны дараа тухайн этгээдэд хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Холбоотой мэдээ