Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дугуй цагааны бүтээн байгуулалтын тохижилтын ажилтай танилцсан. Тус хэсгийн тохижилт төлөвлөгөөний дагуу энэ сарын 1-нд дуусах байсан ч 2-3 хоног хойшилсон. Тиймээс нийслэлийн Засаг дарга ажлыг нь шалгаж, хурдан дуусгах даалгавар өгчээ. Харин иргэд цахим хуудасны шууд дамжуулалтын сэтгэгдэл хэсэгт сүүдрэвч сандалаа нэмэх, бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах, шалгаж үүрэг өгөхийн оронд бусад ажлуудаа хийхийг хотын даргаас хүсчээ.
Тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Цагаан толгой нуур” компанийнхан бүтээн байгуулалтыг хугацаандаа дуусгахаар төлөвлөсөн ч бороо орсонтой холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлсэн. Харин хотын дарга ажлаа товлосон хугацаанаас хэт хоцроохгүй байхыг үүрэгдсэн юм.
Дугуй цагааны бүтээн байгуулалтын тохижилтын хүрээнд мөн явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулж эхэлжээ. Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн байна.
НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Ариун цэврийн байгууламжийн доторх тоноглолуудыг хийсэн. 7-14 хоногийн дотор ашиглалтад оруулна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт явган хүний замын хажуу талаар бор шороо асгаж, зүлэг тарьсан” гэдгийг тайлбарлав.
Хотын даргын хувьд явцтай танилцаж, нөхцөл байдлыг дүгнэж, дүүргээс хөрөнгө гаргаж, явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах үүрэг өгөв.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүмүүс зорчиход саадгүй байдлаар тохижилтын ажлыг гүйцэтгэх хэрэгтэйг онцоллоо.
Холбоотой мэдээ