Нүүрсний хэрэг ҮНС БОЛОВ!

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

Нүүрсний хэрэг ҮНС БОЛОВ!

Нүүрсний хэрэг ҮНС БОЛОВ!

Улаанбаатар чуулгад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн Хөгжлийн банкны хэргийн гэм бурууг шүүх хурал сар гаруй үргэлжилж байна. Эхэндээ солонгос сериалаас дутахгүйгээр үзэгчдийг  телевизийнх нь өмнө уяж асан уг шүүх хурлыг өнөөдөр тоож үзэх хүнгүй шахам болжээ. Осолдохгүй л хэрэгт холбогдсон 84 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь сонирхож үзэж байгаа байх. Энэ хугацаанд шүүгдэгч, өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт нэг удаа ч гаргаагүй нь  магадгүй  үнэн, худлаа хурдан шүүлгэх, нэг талдаа гарах гэснийх биз. Шүүх хурал есөн үе шаттай, өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр шатандаа яваа гэхээр зунжин, намаржин, өвөлжин сунжрах шинжтэй.

Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой нэг ч хэрэг шүүх дээр ирээгүйг ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа мэдээлжээ. Өнгөрсөн өвөл иргэд нь  төв талбай дээрээ нүцгэлж, төрийн ордныг тойрон гороолохдоо нүүрсний хулгайчаа зарлахыг шаардсан.

АТГ-аас анх, 2022 оны арванхоёрдугаар сард хэвлэлийн бага хурал хийж ,17 улстөрчийг нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой болохыг зарласнаас хоёр сарын дараа нийтдээ 78 албан тушаалтныг уг хэрэгт шалгаж буйгаа ТГ-ын комиссор Н.Тэмүүлэн олон нийтэд мэдээлж байлаа. 

Тэдгээр эрх мэдэлтнүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Түүнийг   Улсын Ерөнхий пропуророос яллагдагчаар татсан агаад тэрбээр гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг нь танхимын нөхөд нь үг, дуугүй хүлээж авсан. Түүний араас  нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УЕП Б.Жаргалсайхан  гаргасныг УИХ-аас дэмжсэн өдөр нь 2023 оны гуравдугаар сарын 30 байв.  Энэ үйл явдлаас яг 14 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд АТГ тэдний Төрийн ордонд дахь өрөөнд нэгжлэг хийсэн агаад Т.Аюурсайханыг  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр,”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл тавдугаар сарын 12-нд хэвлэлүүдээр цацагдсан юм.

Харин өнөөдөр нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах явц ямар байгааг талаар яг таг мэдээлэл өгөх хууль, шүүхэд алга.  АТГ нь прокурор руугаа, прокурор нь шүүх рүүгээ, шүүх нь АТГ руугаа чихээд нохой сүүлээ, сүүл нь хонхорцгоо гэгчээр замхрах тал руугаа явчихлаа. Ядаж байхад Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалгах түр хороо нь энэ зургадугаар сард татан буугдана.

Гишүүдийн тоо, тогтолцоо, цалин тэтгэврийн нэмэгдэл,  төсвийн тодотгол, амралт зугаалга, баяр наадам гэсхийгээд хаврын чуулганаар нүүрсний хулгайн хэргээр УИХ нээлттэй сонсгол явуулах нь  бараг лөөлөө болж байна.

Нүүрсний хулгайн сонсголыг дөрөвдүгээр сарын 12-нд хийхээр товлосон ч, тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэвлэлд өгсөн тайлбар нь “Манай түр хороо хуулийн хүрээнд зургадугаар сар хүртэл ажиллана. АТГ-аас мөрдөн байцаах ажил  үргэлжилж байгаа учраас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн. Манай түр хорооны гишүүд санал нийлж хойшлуулсан” гэх үг.

Олон их наяд төгрөгийн хохирол учруулсан хулгайн хэргийг очиж, очиж ШУТИС-ийг радио холбооны инженерээр төгссөн хүнд хариуцуулдаг ч цаанаа учир жанцантай биз. УИХ дээр нүүрсний хэргээр нээлттэй сонсгол явуулах нь хэн нэгнийг нийгмээр нь яллуулах гээд байгаа хэрэг биш юм. Тэгвэл Хөгжлийн банкаар сонсгол явуулсан нь хэн нэгнийг яллах зорилготой, зохион байгуулалттай ажиллагаабайсан гэж үү. Атал 40 их наядын нүүрсний хулгайч нарыг дуудаж авчраад нээлттэй сонсгол хийж чадахгүйд хүрсэн нээнтэг нь юу вэ. Нүүрсний гол мафи нь МАН+Женко байгаа болохоор уу.  Тэгээд тэдгээр 78 албан тушаалтан нүүрсний хулгайч мөн болохыг  зөвхөн шүүх тогтооно. Харин УИХ дээр нээлттэй сонсгол явуулахыг шаардаад байгаа шалтгаан нь Төрийн өмчит компани дээр хэрхэн хулгайд нүүрлэдэг, оффтейк гэрээгээр барьсан олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам нь юу болж дууссан, тээвэрлэлтийн зардлаас Монгол Улс хэдийг алдсан болохыг олон нийт мэдэх эрхтэй.  Харамсалтай нь, АТГ санал, ШЕЗ-ийн мэдээллээс дүгнэхэд  төмөр замыг нь нүүрстэй нь, нүүрсээ вагонтой нь хулгайлаад идчихсэн 40 их наядаар тоологдож буй нүүрсний хэрэг ҮНС БОЛОВ оо, хөөрхий!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж