Цэмцгэр наадсан хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

Цэмцгэр наадсан хүүхдүүд

Цэмцгэр наадсан хүүхдүүд

Сүхбаатарын талбай өчигдөр /2023.06.01/ ногоон зүлгээр хучигдаж, хүүхэд багачуудын инээд хөөрт цалгиж өнжлөө. Энэ өдөр төв зам дагуух автомашины хөдөлгөөнийг хязгаарласан тул хүүхэд багачууд унадаг дугуйгаа унаж, роликоор гулган хүссэнээрээ тоглов. Хөөс үлээж, агаарт бөмбөлөг хийсгэн хөгжих хүүхдүүд ч олон.

Цагаан асруудад хүүхдийн тоглоом, бэлэг, амттан зарж, явуулын хоолны цэгүүд ч амсхийх чөлөөгүй ажиллав.

Талбайн урд хэсэгт хийлдэг тоглоом байрлуулсан нь эцэг, эхчүүдийг болгоомжилход хүргэсэн ч хүүхдүүд үсэрч, хоорондоо хөөцөлдөн тоглолоо. Энэ өдөр нь Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр боловч уламжлал ёсоороо нийслэлээс төв талбайд арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлсэн нь энэ юм.  Монгол хүүхдүүдийн хувьд гэрээсээ гарангуут тоглочих тоглоомын талбай, роллик, унадаг дугуйгаа унаад явах тусгай зам, агаарт гарчих цэцэрлэгт хүрээлэн байхгүй, нэг ёсны хүүхдэд ээлтэй орчин бүрдээгүй нь асуудал дагуулсаар байгаа ч эцэг, эхчүүд хүүхдээ нэг өдөр ч болов хүссэнээр нь тоглуулахыг хичээцгээв.

Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид ч хүүхэд багачуудыг цэвэр орчинд тоглож наадах орчин бүрдүүлэхийн тулд хичээж, ажиллалаа.  Иргэд ч мөн хог тарихгүй байхыг чармайж, хоол хүнснийхээ үлдэгдлийг хогийн саванд хийж, цэмцгэр баярлав.

Нийслэлчүүд Улаанбаатар хотыг хогондоо дарагддаг шалтгааныг зориулалтын хогийн сав бага байрлуулдагтай холбон тайлбарлаж ирсэн. Гэхдээ энэ өдөр Сүхбаатарын талбайн зах хэсэгт, мөн “Ногоон байгаасай” гэсэн кардонон цаасаар хийсэн тоотой хэдэн хогийн сав байршуулсан ч цэмцгэр байж чадсан юм.

Иргэн Б.Бадамцэцэгээс хогийн савын хүрэлцээ хэр байгаа талаар асуухад “ Талбайд хогийн сав тун цөөхөн л харагдаж байна. Тэгэхдээ хогийн сав байхгүй байлаа гээд хогоо зориулалтын бус газар хаяж болохгүй. Иргэд маань их ухамсартай болсон байна” гэсэн юм.

Харин түүний 10 настай охин “Манай аав, ээж надад хогоо ил задгай хаяж болохгүй шүү. Бидний хаясан хог ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Байгаль дэлхийгээ ч устгаж, үгүй хийх эрсдэлтэй. Хүмүүс өөрсдөө  хог хаяснаас хогтой орчинд амьдарч, түүгээрээ амьсгалж байгаа гэж байнга хэлдэг. Тийм ч учраас гудамжинд хогийн сав байхгүй бол олтлоо барьж явдаг. Бүр олдохгүй бол цүнхэндээ хийгээд эсвэл хувцасны халаасандаа хийж байгаад гэртээ хариад хаячихдаг” гэж ярив.

Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилтан “Нэг үеэ бодоход хүмүүс хог хаях нь багассан. Сүхбаатарын талбайд ямар нэг үйл ажиллагаа болж өнгөрсний дараа хогондоо дарагддаг байсан. Ундаа, жүүсний савнаас эхлээд идсэн хоолных нь үлдэгдэл хог болж, хөглөрч үлддэг байсан. Одоо бол хүүхэд, залуус гүйж ирээд л хогийн саванд хийж байна. Хэн нэгэн газар хог хаяхад нөгөө нь шаардлага тавиад хогийн саванд хийлгэдэг болсон байна. Энэ бүгдийг харахад бага ч гэсэн баярлах юм. Бидний ажилд ч тус дэм болдог” гэв.

Аль ч орны нийслэлийн төв талбай улс бүрийн нүүр царай болсоор ирсэн.  Хэдийгээр Сүхбаатарын талбай бусад орны төв талбай шиг шил толь биш боловч хүн бүр хичээвэл хоггүй цэвэр байж чадахыг ийнхүү харууллаа.

Гэрэл зургийг Л.ОРГИЛ

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж