Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг маш их тамхи татдаг гэлцдэг. Тэрбээр архи, тамхины хэтийдсэн хэрэглээнээс болж нойргүйдлээр шаналж байж болзошгүйг Өмнөдийн тагнуулын агентлаг мэдээлэв. Энэ талаар Өмнөд Солонгосын парламентын Тагнуулын хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга бөгөөд хууль тогтоогч Ё Сан-бум Лхагва гаригт мэдэгдсэн.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын хорооны олж мэдсэнээр Умардын эрх баригчид их хэмжээний архи, тамхи болон Золпидем гэх мэт нойргүйдэлд уудаг эмийг нөөцлөх болжээ. Үүнээс гадна Хойд Солонгосын удирдагчийн гар, бугуй орчимд сорви, толбо байгааг тагнуулынхан анзаарсан байна. Энэ нь стресстэй холбоотой арьсны өвчин, аль эсвэл харшлын үр дагавар байж болзошгүй аж. Түүнчлэн Ким Жон Ун 140 кг орчим жинтэй байгааг хиймэл оюун ухааны тусламжтайгаар барагцаалжээ.
Ким Жон Уны эрүүл мэндийн байдал олон улсын анхаарлыг байнга татсаар ирсэн. Түүний эрүүл мэндэд ямар нэг асуудал үүсч, улмаар тусгаарлагдмал улсын удирдагч солигдох нь Өмнөд Солонгос болон дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх юм. Ким Жон Ун өнгөрсөн жил хэд хэдэн чухал арга хэмжээг алгассантай холбоотойгоор түүний эрүүл мэндийн талаар элдэв таамаг хөврөх болсон.
Удирдагчийн эрүүл мэндээс гадна хойд солонгосчуудын амьдарлын түвшин өнгөрсөн жил мэдэгдэхүйц муудсаныг Өмнөдийн тагнуулчид олж мэджээ. Тодруулбал, тус улсад өлсгөлөнгөөс болж нас барсан хүний тоо өмнөх оноос гурав дахин өссөн байна. Мөн гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, амиа хорлох явдал өмнөх онтой харьцуулахад 40 хувиар өсчээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн сард нийслэл Пёньяны иргэдийн дунд тодорхой шалтгааны улмаас халуурах өвчин дэгдсэн тул хотоос орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Эх сурвалж: FOX NEWS
Холбоотой мэдээ