Өмнөд Солонгосын алдарт "Big Bang" хамтлагийн реппер T.O.P хамтлагаа орхиж буйгаа зарлажээ. Тодруулбал, T.O.P тавдугаар сарын 29-нд инстаграмдаа богино хэмжээний бичлэг болон зураг нийтэлж, шүтэн бишрэгчидтэйгээ шинэ мэдээллээ хуваалцсан байна. Бичлэг дээр T.O.P ая зохиож байгаа харагджээ. Тэрбээр зураг, бичлэгийнхээ тайлбар хэсэгт "Шинэ цомгийн ажил үргэлжилсээр байна" гэж бичсэн байв.
"YG Entertainment"-аас гарсныхаа дараа ийнхүү дуу хөгжмийнхөө ажилд эргэн орж байгаад олон шүтэн бишрэгч нь баярлаж буйгаа илэрхийлжээ. T.O.P-ыг "YG Entertainment"-аас гарсны дараа шүтэн бишрэгчдийнх нь хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн нэг асуулт бол "Тэр хамтлагаасаа ч бас гарах уу?" гэдэг байсан. Тиймээс нэг шүтэн бишрэгч нь түүнээс "Та хамтлагаасаа гарчихсан юм уу?" гэж сэтгэгдэл хэсэгт асуужээ. T.O.P хариуд нь "Би хэдийнэ гарчихсан… Би гарч байгаа, өнгөрсөн оноос хойш амьдралынхаа шинэ үеийг эхлүүлээд байгаа гэдгээ та бүхэнд өмнө нь хэлсэн шүү дээ" гэж бичсэн байна. Тиймээс энэ удаагийн шинэ цомог түүний бие даасан уран бүтээл байх нь тодорхой болжээ.
Шүтэн бишрэгчид нь энэ талаар янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна. Тухайлбал, "Би түүнийг аль хэдийнэ хамтлагаасаа гарчихсан гэж бодсон", "Зөвхөн YG Entertainment-аас л гарсан гэж бодож байлаа", "Big Bang-д байх үеэс нь л хайрлаж, дэмжсэн шүтэн бишрэгчиддээ ингэж хэлж байгаад нь сэтгэл гонсойж байна", "Дэсон YG Entertainment-аас гарсан ч хамтлагтаа хэвээрээ л байгаа шүү дээ", "Хамтлаг тэгэхээр гуравхан гишүүнтэй болох нь ээ?" гэх мэтээр бичжээ.
Эх сурвалж: ALL KPOP
Холбоотой мэдээ