Б.Ариунаа: Ээрэх үйлдвэрийг төр бодлогоор дэмжвэл ноолуурын салбар, ЖДҮ гайхалтай үр дүнд хүрнэ

Б.Ариунаа: Ээрэх үйлдвэрийг төр бодлогоор дэмжвэл ноолуурын салбар, ЖДҮ гайхалтай үр дүнд хүрнэ

Б.Ариунаа: Ээрэх үйлдвэрийг төр бодлогоор дэмжвэл ноолуурын салбар, ЖДҮ гайхалтай үр дүнд хүрнэ

Ажилчид нь амьдрах тав тухтай орон сууцтай, хүүхдүүдээ хамруулах цэцэрлэгтэй, өөрсдийгөө хөгжүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүжгийн клуб, иог, бясалгалын төвтэй болж байгаагаараа салбартаа том жишиг тогтоогч. Энэ бол "Гоёл" кашмер. Эднийх АНУ-ын Хөгжлийн Санхүүгийн Корпораци буюу DFC-ийн санхүүжилт бүхий цогц төсөлд хамрагдан нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа тав тухтай орчноор хангаж байгаа нь бахархмаар. Энэ талаар "Гоёл" кашмерийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Ариунаатай ярилцлаа.


-Танай компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа тав тухаар хангасан цогцолбор барилга ашиглалтад оруулж шинэ жишиг тогтоож буй чихэнд чимэгтэй мэдээллээр ярилцлагаа эхлүүлье?

-"Гоёл" кашмер үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд ажилчдынхаа нийгэм, эрүүл мэнд, спорт, урлаг соёлын хөгжилд үргэлж дэмжиж ирсэн. Миний хамт олон нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, эрүүл саруул сайхан ажиллаж амьдраасай гэдэг нь миний хүсэл мөрөөдөл. Хамт олноо эрүүл, аюулгүй, сайхан орчинд амьдраасай гэдэг дотоод сэтгэл философитой. Байгууллагад тогтоосон дотоод жишиг гэж бий.

Байгууллагын ажилчдад эмч үйлчлэхээс гадна бүжгийн клуб нээсэн. Иог, бясалгал, латин америк бүжиг гэхчлэн эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээнүүд үзүүлдэг. Нэг хоёрдугаар хоолоор ажилчдадаа үйлчилдэг ресторантай.

Өнөөдөр ноос ноолуурын салбар дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц байж экспортыг нэмэгдүүлэх учиртай. Тиймдээ ч энэ салбарт ажиллагсад дэлхийн хэмжээнд сэтгэж байж дэлхийд өрсөлдөхүйц уран бүтээлийг хийх учиртай. Үнэтэй бүтээгдэхүүн хийж, худалдан борлуулдаг хэрнээ яагаад хонгилын үзүүрт лаа асаасан мэт орчинд сууж ажиллаж, хоол идэх ёстой гэж. Ийм эсрэг тэсрэг байж болохгүй. Бид дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг, миний ажилчид таатай орчинд, илүү сэтгэж ажиллаасай гэдэг үүднээс би сайхан орчин бүрдүүлж өгөхийг хичээдэг.

Монгол Улсад үйлдвэрлэлийн салбар хөгжих ёстой. 20-р зуунд төлөвлөгөөт эдийн засагтай байсан бол одоо чөлөөт өрсөлдөөнт эдийн засагтай. Чадварлаг боловсон хүчин цуглуулж ажиллуулна гэдэг бас өрсөлдөөн. Зөв менежментээр чадварлаг баг бүрдүүлж ажиллаж чадаж байгаа.

Тиймдээ ч бид салбартаа байхгүй сайхан орчин, нөхцөлүүдийг бий болгож байна.

Байгууллагын соёлын тухай ойлголт манайд төлөвшиж л байна. Нөгөө талаар энэ нь байгууллагын удирдлагаас гарах сэтгэлтэй шууд холбоотой байх л даа?

-Нэг талаас нийгмийн хариуцлага гэж хэлж болно. Нөгөө талаас хоёр тал эрх тэгш аль алиндаа сэтгэл ханамжтай байж үйл ажиллагаа тогтвортой байна. Тэр харилцааг л би зохицуулахыг хичээдэг. Байгууллагын хувьд шүү дээ. Харин хувь хүний хувьд энэ бол миний хайр. Хайраас бүх юм үүдэлтэй. Хайр гаргаж байж хайр хүртдэг гэж боддог. Тиймдээ ч өөрийнхөө сэтгэлд бодсон сайхан амьдрал, ажиллах таатай орчныг бий болгоё л гэсэн мөрөөдөл, хүсэл тэмүүлэлдээ хүрч явна. Ийм орчныг бий болгохоос өмнө түрээсийн байраар 17 жил явсан. Ингэж явахдаа маш сайхан ажлын байрыг дандаа мөрөөддөг байлаа. Хөөгдөх, ус алдахаас эхлээд бэрхшээл бишгүй тохиолдсон. Энэ 17 жил надад мартагдахгүй болтол хоногшсон гэх үү дээ. Тэр даваанууд надад хэцүү байгаагүй. Тэр даваануудыг давж байж хамт олноо ийм гоё байртай болгоод байгаадаа аз жаргалтай байдаг. Хамт олон маань ч талархалтай байгаа.

Нөгөө талаар байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бүтээлч сэтгэхүйтэй байсны үндсэн дээр бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөх, экспортын шаардлага хангах учиртай.

Дэлхийн хувцас загварын салбарт ноолуур нь хамгийн нэр хүндтэй, тансаг, үнэ цэнтэй түүхий эд хэмээн тооцогддог.

-Та 20 гаруй жилийн өмнө өрхийн үйлдвэрлэлээс энэхүү бизнесээ эхэлж байсан түүхтэй юм билээ. Үзэж туулсан бэрхшээлийн зах зухаас нь дурдлаа. 

-Ноолуурын салбарт би анх 16-хан настайдаа хөл тавьж байлаа. Зуны амралтаараа "Говь" компанийг сонирхоод орж байлаа. Хөдөлмөрийн дэвтэр нээх насанд хүрээгүй үе гэсэн үг. Ёндонжамц, Сэдваанчиг, Дамдинжав гэсэн гурван захирлын нүүрийг үзэж байлаа. Үйлдвэр маш их таалагдсан. Зуны турш ажиллачхаад 9-р ангид дэвшин орох  гэж байсан ч ороогүй. Тухайн үед ааваасаа "Энд ээ ажиллах уу, 9-р ангидаа орох уу" гээд асууж байсан юм. Гэтэл аав "Муу дарга байснаас сайн ажилтан байсан дээр шүү. Чи өөрөө л мэд. Сонголтоо өөрөө хий" гэдэг юм байна. Ингэж л сонголтоо хийж 9-р ангидаа оролгүй, "Говь" компанид тасралтгүй найман жил ажилласан байдаг юм. Найман жилийн турш маш сайн ажилтан нь байсан. Оёх үйлдвэрлэлийг маш сайн хийж чадна. Ердөө гуравхан хоногийн дотор л сурчихдаг байлаа.

Ажлын гараагаа эхлүүлсэн байгууллагаасаа гэр бүлтэй болж, амьдралын гараагаа ч эхлүүлсэн. Найман жил ажилласан залуу хүн өөрчлөлт хийж үзмээр санагдаад нялх хүүхэдтэй хэдий ч дээд сургуульд элсэн орсон. Сургуулиа төгсөж байхдаа ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг хувийн цехэд ажилладаг байсан юм. Чухам тэндээс л сэдэл авч 2003 онд "Гоёл" кашмераа байгуулсан даа. ХААН банкны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих 300 мянган төгрөгийн зээлээр эхлүүлж байсан түүхтэй. Анх өрхийн үйлдвэрлэл эхлүүлэхдээ бүх зүйлээ өөрөө хийдэг байлаа. Өнөөдөр манайх 30 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж. Жилд тэрбум гаруй төгрөгийн татвар улсад төлж байна.

Ноолуурын салбарт тасралтгүй 30, хувийн бизнесээ эхлүүлээд 20 болж байна. Шантаршгүй, тууштай явж ирсэн зүтгэлийн хариу нь өнөөдрийн үр дүн юм болов уу. Аливаа зүйлийг би чин сэтгэлээсээ тултал хийдэг байсан. Дуустал хийдэг шазруун зан минь өнөөдрийн энэ бүх боломжуудыг нээж, давуу тал үүсгэжээ гэж бодож байна.

Би залуу насыг тойроогүй, дайрсан. Эх орон бол үйлдвэрлэгч байх ёстой. Хүн мөнгөтэй байж бизнес хийдэггүй, хийе гэсэн хүсэл эрмэлзэл, тууштай байдал байхад л хангалттай. Хөдөлмөр бол амьдралын бүх аз жаргалыг бэлэглэгч шүү гэж залууст хандаж хэлмээр байдаг.

-Ноолуурын салбарын ажилчдын үнэ цэн өсөж байгааг харуулж буй хэлбэр гэж ойлгогдож байна л даа?

-Гоё асуулт байна. Ноолуурын салбарын компаниуд хөгжсөн. Сүүлийн таван жилд Засгийн газрын бодлогын дагуу энэ салбарынханд хөнгөлөлттэй зээлүүд олгогддог болчихсон. Үүний үр дүнд тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин, экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ сайжирсан. Эерэг үзүүлэлтүүд олон гарсаар байгаа гэж бодож байна. Ноолуурын салбарт ур чадвартай, нарийн нандин мэдрэхүйтэй хүмүүс ажилладаг. Дундаж цалин 1.5-2 сая төгрөг болж харьцангуй сайжирсан. Цалин сайжрахын хэрээр ажиллах хүч нэмэгдэнэ. Ажиллах хүч нэмэгдэхийн хэрээр ажилчдын үнэ цэн өснө.

-Өнгөрөгч 2022 онд л ноолуурын салбар ажиллах хүчний хомсдолд орж байна гэдэг асуудал хөндөгдөж байсан юм билээ. Танайх ажиллах таатай орчин бүрдүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бодлогоор дэмждэг тулдаа хүний нөөцийн хомсдол мэдрэхгүй байна уу, эсвэл эсрэгээрээ юу?

-Монгол Улс хүн ам цөөтэй. Дээрээс нь эдийн засгийн орчин тогтвортой биш тул ид хөдөлмөрлөх насны залуучууд гадагшаа гарах нь элбэг байна. Энэ нь ажиллах хүчний хомсдолд ороход нөлөөлж байгаатай санал нэг. Нөгөө талаар байгууллагын соёл, цалин, ажиллах таатай орчноор хангаж чадах нь ажилтан тогтвортой байх үндэс. Тэгэхээр хоёр талтай гэсэн үг. Манайх гэхэд л ажиллах орчин тухтай, цалингийн дундаж түвшин өндөр. Ажилчдаасаа ийм дүгнэлт сонсоход таатай байдаг. Гаднаас орж ирсэн зочин "үйлдвэр ийм гоё байдаг юм уу" гэж асуух нь ч урамтай.

Бүх зүйл хангалуун, элбэг дэлбэг одоогийн альфа, зет үеийнхэн биднийх шиг "хамаг зүйлээ харанхуйгаас эхлүүлсэн цаг үеийг хэзээ ч төсөөлөхгүй". Тиймээс тэдэнд ажиллах орчныг л бүрдүүлээд өгчих. Тэгвэл ажил олгогч та бас бусдаас ялгарал үүсгэж чадна, ажилчид чинь ч аяндаа тогтвортой байна. Гоёл кашмерийн хүний нөөц хангалттай.

-Өнөөдөр ноолуурын салбарын ажилтан, боловсон хүчнийг бэлтгэх ажлыг хэдэн үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө нуруундаа үүрч яваа. Бодлогоор боловсон хүчин бэлтгэх, дэмжих хэрэгцээ шаардлага тулгарч байна уу?

-Яг зөв. Боловсон хүчнийг бодлогоор дэмжихийн тулд олон янзын хөтөлбөр хэрэгжүүлж болж байна. Нарийн ээрмэл утас хийхээс эхлээд гадаадад сургах шаардлага байгаа нь үнэн. Боловсон хүчин тогтвортой ажиллаж байж үр өгөөж нь гардаг салбар. Гурван жилээс дээш ч гэдэг юм уу. Компани ч өөрөө ашгаа олж эхэлнэ. Үр ашиг нэмэгдэхийн хэрээр татвар төлөлт нэмэгдэнэ. Дахин ажилбар үр өгөөжийг үгүй хийдэг. Дахин ажилбар гэдэг нь чадваргүй ажилтан бүтээмжээ бууруулж, цаг алддагаас гардаг. Тиймээс бид боловсон хүчнээ өөрсдөө сургаж байна. ШУТИС-ийн нэхмэлийн хүрээлэн гэж бий. Тэнд элсэж суралцах хүн ховор болж. Улсаас шалгалтын босго оноог нь багасгаж, төлбөр мөнгийг нь багасгаж бууруулах эсвэл тэтгэлэг олгох байдлаар сургамаар байгаа юм. Тэгж байж энэ салбар хөгжинө.

Гэтэл салбарынхаа хүний нөөцөө алдахгүй, ажилчдаа сайхан ажлын байр, тав тухтай орон сууцаар хангахын тулд би хүртэл барилгачин болж байна. Би барилгын салбарын хүн биш. Ажилчдаа стресс бухимдалгүй ажиллаж амьдраасай гэсэн хүсэл орон сууц хүртэл бариулсан.

Салбарынхаа төлөө боломж бүрийг ашиглахыг хичээж буйн минь нэг илрэл энэ.

-Ноолуурын салбарын ажилчдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байх. Танай байгууллагын ажилчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэгдэж байна. Эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд орох эрх үр хүүхдээсээ болоод их бага хэмжээгээр хязгаарлагддаг. Танайх энэ байдлыг хангаж "хүүхдээ авч ирэх төв"-тэй гэдгийг дуулаад сайхан санагдлаа?

-Эх хүн бүр ажил хөдөлмөр эрхлэх үү, хүүхдээ харах уу гэдэг сонголттой ямагт тулгардаг. Тухайн хүний үнэ цэн нь юу вэ гэдгийг удирдлагууд нь мэдрээсэй гэж хүсдэг. Үнэ цэнийг нь мэдэрч байгаа бол хэрэгцээг нь хангаад өгчихвөл танд хамтарч ажиллах боломж бүрдэнэ.

Манай салбарыг эмэгтэйчүүд л түүчээлдэг. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, мэдрэхүйгээс бий болдог бүтээл. Тиймээс эмэгтэйчүүдийг яаж тогтвортой ажиллуулах вэ гэдгийг судлаад үзсэн юм. Энэ үүднээс ажилчдынхаа хүүхдийг түр байрлуулах, амраах, хичээлээ хийх өрөөнүүдийг нээсэн. Ресторанаас хүүхдэдээ халуун хоол идүүлчхэж байна.

Тун удахгүй ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг маань үүд хаалгаа нээх гэж байна. Ингэж байж бага насны хүүхэдтэй ээжүүд маань хүүхдэдээ санаа зоволгүй, сэтгэл амар ажлаа хийх боломж бүрдэнэ шүү дээ.

-Уул уурхайн дараа эх орондоо валют оруулж ирэх салбар бол яах аргагүй танай салбарын экспорт. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлах, салбарын ажилчдынхаа үнэ цэнийг өсгөх амбицтай байх цаг нь болчихсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Тийм шүү. Уул уурхайн бизнес богино настай, хугацаатай. Өнөөдөр байгалиас мөнгө олж буй ч, эргээд төлөх төлөөстэй. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж байж Монгол Улс оршин тогтноно.

Ноолуурын салбар олон шат дамжлагаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах хүртлээ олон төрлийн татвар бий болгодог. Дэлхий дээрх хамгийн зөв бизнес гэж тодорхойлоход буруудахгүй.

Тодорхой хэмжээний орлоготой, амьжиргаагаа залгуулах хөрөнгөтэй байж мал маллах сонирхол үүснэ. Малчин мал маллах сонирхолтой байх нь нийт ард иргэд эрүүл хүнс хэрэглэх баталгаа. Хүнс эрүүл байх нь Монгол хүний ген зөв хадгалагдахын үндэс. Монгол хүн эрүүл байж улс оршин тогтнохын үндэс.

Ноолуур үнэтэй байж мах, сүү, тарагтай байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Органик бүтээгдэхүүн үнэтэй, ховор болсон энэ цаг үед хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, тогтвортой байлгах л шаардлагатай. Ингэхийн тулд зөв бодлого, журам хэрэгжүүлээсэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй.

-Бодлогоор зохицуулаасай, дэмжээсэй гэж хэллээ. Ноолуурын салбарын эрх зүйн зохицуулалт өнөөдөр хангалттай байж чадаж байна уу?

-Хөнгөн үйлдвэр хөгжүүлэх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Хууль зайлшгүй шаардлагатай. Энэ салбарыг ямар тоглолтоор авч явах гэдгийг тодорхойлох учиртай юм, уг нь. Гэтэл хуульгүйгээс гадныхан энэ салбарт хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байна.

Нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг дэмжих ёстой ч, ээрэх үйлдвэр одоо хүртэл манайд байдаггүй нь харамсалтай. 10 мянган тонн ноолуурын дөнгөж 10 гаруй хувийг л ээрэх хүчин чадал байна. Утасгүй бол хувцасгүй л гэсэн үг. Ээрэх үйлдвэртэй, утастай байж л бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортолж валютын орлогоо нэммээр байна шүү дээ. Сүлжмэл, нэхмэл, даавуун, ширмэл бүтээгдэхүүн хөгжих гол суурь нь ээрэх үйлдвэр. Том хөрөнгө оруулалт шаардсан үйлдвэрлэл мөн. Тиймээс төр засгаас бодлогоор дэмжиж ээрмэлийн үйлдвэртэй болох нэр тэргүүний шаардлага манай улсад бий гэдгийг онцолмоор байна.

Над шиг хувь бизнес эрхлэгч ээрмэлийн үйлдвэртэй болохыг хүсээд ч чадахгүй. Миний нас хүрэхгүй. Бодлогоор санхүүжилтийн асуудлыг шийдээсэй. Тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөлж оруулж ирээсэй. Боловсон хүчнийг бэлтгээсэй. Тэгвэл жижиг, том 200 үйлдвэр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлогч болох боломжтой. Юун уул уурхайн орлого.

-Хэрэглэгчдийн хандлага асар өөр болж байна. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шинэ тутам сорилттой тулгарч байна уу?

-Хэрэглэгчдийн хандлага үнэхээр өөрчлөгдөж байгаа. Байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүн худалдах авах ёс зүйтэй хүмүүс олон болж байна. "Энэ цамцыг үйлдвэрлэхийн тулд хүний хөдөлмөр шулсан уу, малын тавлаг байдлыг хангасан уу, малчинд орлого оруулсан уу" гэхчлэн нийгмийн хариуцлагатай худалдан авалтыг сонгодог, тэмүүлдэг, хөрөнгө оруулдаг болж. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авалтын хандлагад санаа зовохгүйгээр экспортоо нэмэгдүүлэхэд л үйлдвэрлэгч бид гол анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-02 202.9.46.39

монголын үйлдвэрлэл гэж үхсэн байхавдээ эзэн боолын харилцаа л байдаг цаг наргүй ажиллууллаад хамгийн бага цалин ..ха ха энэ авгай бас худлаа шаанаа
үйлдвэрт ажилласнаас зүгээр хэвтэж хүүхэд гаргаад халамж авч эсхүл бие үнэлсэн нь дээрштээ…кк

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-02 103.145.234.36

хамгийн зөв санаа байна

Avatar

Нэргүй 2023-06-02 151.34.14.216

Mundag emegtei baina. Saikhan yariltslaga boljee

Avatar

уншигч 2023-06-02 202.21.124.130

сайхан ярилцлага байна.

Avatar

Нэргүй 2023-06-02 183.177.99.226

зүйтэй, иймэрхүү юм хийж зүтгэж байгаа хүмүүсийнхээ үг санааг авч хэрэгжүүлмээр юм аа, бас Арьс ширний холбооны тэргүүн гээд бас их хэрэгтэй санаа яриад байсан, эднийгээ бодитой дэмжээчээ

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.161.55

nooluur mongoloog avch yavna shu ugtaa bol

Avatar

ЖИРИНОВСКИЙ 2023-06-02 59.153.113.52

төр засгаас ялангуяа Оюунэрдэнээс юм хараад хэрэггүй. Эд нар үйлдвэр бүтээн байгуулалт руу мөнгө хийх л юм бол замруулна шүү. Дарханы арьс ширний үйлдвэрлэлийн парк ямархуу дүр төрхтэй болгов. Бизнес хийж мэдэхгүй юмнууд төрийн толгойд гарчихаад онол яриад байхын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж