Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдод хариуцлага тооцохыг шаардсан иргэд оны өмнө 20 гаруй хоног төв талбайд жагссан. Жагсаалд гадаадад байгаа иргэд ч нэгдэж байв. Тус иргэдийн зүгээс нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өөрсдийн цахим хуудастаа тогтмол сануулж, иргэдийг мартахгүй байхыг уриалж буй.
Тодруулбал, жагсагчдын зүгээс хариуцлага тооцох хүртэл нүүрсний хэргийг мартах ёсгүйг сануулж он гарснаас хойш хэд хэдэн удаа жагссан. Цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Хамгийн сүүлд буюу өчигдөр /2023.06.01/ жагсагчдын төлөөлөл иргэн Б.Бат-Очир (Монголоо) жагсагчид нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.
Нийслэлийн прокурорын газраас өгсөн мэдээллээр “Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх тодотголтой 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаж байгаа хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татаагүй хэргүүд. Харин 17 мөрдөн байцаалтын хэрэг нь ямар нэгэн албан тушаалтан, иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр нь гарсан хэргүүд гэсэн үг.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд Нийслэлийн прокурорын газраас нийт 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрөв нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол нь гарсан.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр найман хүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 16 хүнд холбогдох гурван хэрэг тус тус шийдвэрлэгдсэн” гэдгийг мэдээлсэн.
Төв талбайд 2022 оны төгсгөлд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тус хулгайд холбогдсон хүмүүс хариуцлага тооцох уриалга дэвшүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тогтмол үүнийг сануулна гэсэн юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогсч, энэ оны нэгдүгээр сарын 14-нд "Гэрэл асаая" жагсаалаар үргэлжилсэн. Мөн өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ч тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн билээ.
Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Гэхдээ хариуцлагыг амаар бус бодитоор тооцохыг жагсагчид хүсч байгаа аж.
Мөн жагсагчид ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэж байгаагаа мэдэгдсэн.
Холбоотой мэдээ